МАН-ын намын даргын төлөөх тэмцэх гал авч, Засгийн газар, парламентын эрх мэдлийн төлөөх тэмцэл болон төрийн ордонд “асаад” 14 хонож байна. Нэгнийгээ нүүрсний хулгай, хүн амины хэрэгт холбоотой хэмээн ярьсан ярилцлага түүнийг нь үгүйсгэсэн мэдэгдэл эцэс сүүлдээ МАН-аас хальж, төрийн ордон руу орж ирлээ. Улмаар Засгийн газраа огцруулах, УИХ-ын даргаа ч чөлөөлөх асуудал яригдаж, УИХ-ын гишүүд нь хоёр хэсэг болон талцан хуваагдаад байна. УИХ-ын гишүүд нь чуулганы хуралдаандаа, Засгийн газрын гишүүд нь төсвийн хэлэлцүүлэгтээ ч суух завдалгүй хоёр талд ээлж дараалан мэдэгдэл хийх болов. Өчигдрийн хийсэн мэдэгдлээс харахад УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах санал, шаардлагын хариуг хэлэлцэх өдрүүд эхлэв бололтой.
Учир нь П.Сайнзориг гишүүний санаачилсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналд 50 гаруй гишүүн гарын үсэг зурсныг өчигдөр албан ёсоор УИХ-д өргөн барив. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан байдаг. Нэгэнт гишүүдийн дөрөвний нэг нь бүрдсэн учир Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь. Харин түүнийг огцруулах эсэхийг гишүүдийн олонх буюу 64 гишүүний кноп шийднэ. Хуульд мөн зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг гурав хоногийн дараа хэлэлцэнэ.
Энэ дагуу энэ баасан гаргаас Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэж эхлэх нь. Харин ирэх 21-ний өдөр гэхэд байгуулагдаад 100 гаруйхан хонож байгаа Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяа шийдэгдсэн байх учиртай.
Харин нөгөө талаас УИХ-ын 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд албан тушаалаасаа түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах шаардлага хүргүүлээд байна. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах саналыг албан ёсоор УИХ-д өргөн бариагүй. Гагцхүү “нүүрсний хэрэгт холбогдсон нэр төрөө сэргээх нөхцөлийг бүрдүүлж хууль хяналтын байгууллагаар шалгуулахын тулд УИХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөч” гэж Д.Амарбаясгаланд хүсэлт тавьж байна гэдгийг онцлоод буй. Тодруулбал, УИХ-ын тухай хуульд “УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан” бол “УИХ-ын нийт гишүүний олонх буюу 64 гишүүнээс доошгүй нь УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн” бол УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусна гэж заасан байдаг.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналыг 35 гишүүн гаргасан учир УИХ-ын даргын ажлаа сайн дураар өгөх эсэхийг өөрөө шийдэх нь.
Ямартай ч төрийн ордон дахь тэмцэл өчигдрийн байдлаар энэ хүрээд байна. Хүмүүсийн хошигнож буйгаар МАН-ын “хос дарга”-тай болдоггүй юм бол Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хэн нэг нь огцрох нь тодорхой. Харин энэ тэмцэл хэзээ дуусаж улс орны чухал шийдвэрүүдийг хэзээнээс хэлэлцэж эхлэхийг хүлээх л үлдлээ.















