Эх хүн бүр үр хүүхдэдээ хамгийн сайн гэсэн хүнсийг л өгөхийг хүсдэг. Харамсалтай нь сайн гэдэг ойлголт хүн бүрийн хувьд өөр. Зарим нь амтлаг, чихэрлэг бүхнийг сайн гэж ойлгодог бол зарим нь олны хошуурч буй болгоныг хамгийн онцгой гэж үздэг. Хайрлаж, эрхлүүлж байна гэж өөрсдийгөө хууран үр хүүхдийнхээ эрүүл мэндэд бодит заналхийлэл хийж байгаа нь ч цөөнгүй.
Саяхан цахим орчноос аав, ээж нь гадагшаа яваад өвөө, эмээ дээрээ үлдсэн бага насны хүүгийн талаарх мэдээллийг олж уншсан юм. Хүү соруултай шүүсэнд туйлын дуртай. Ээж, ааваасаа хол бэтгэрч байгаа нялх амьтан гэж эвийлж, элдэв аяг ааш гаргах бүрийд л өвөө, эмээ нь өнөөх соруултай ундаагаар нь угждаг. Бүр хайрцаг хайрцгаар нь зэхэж байгаад ам цангах, ааш авиг гаргах бүрийд л хүүдээ өгдөг гэх. Ус барагтаа уудаггүй гэдгийг ч хүүгийн талаар мэдээллийг оруулсан хүн онцолсон байгаа юм. Учраа мэдэхгүй тэр нялх амьтныг буруутгах нь өрөөсгөл. Гол нь үр хүүхэдтэй хүмүүс үүрэг хариуцлагаа огоорч буйд л учир бий.
Дийлэнх эцэг, эхчүүдэд хүүхдээ зөв зохистой хооллох боловсрол дутмаг байх шиг. Эрүүл Монгол хүн бүтээх аялалд олон хүчин зүйл нөлөөлөх ч нэн тэргүүнд эрүүл хоол хүнс эрэмбэлэгдэх ёстой. Тэгвэл хүүхдийнхээ насны онцлогт тохируулж эрүүл зөв хооллох нь туйлын чухал ажээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын Тэнхимийн багш Н.Туулын судалснаар 2-5 настай үеийг шилжилтийн хооллолтын үе гэж нэрлэдэг байна.
Амтлах мэдрэмж 2-5 насанд бүрэлддэг
Судалгаанаас харахад амны хөндийд амтлах мэдрэмж 2-5 насанд бүрэлддэг байна. Энэ үед хоолны амт тун чухал үүрэгтэй. Мөн хүүхэд хоолны өнгө, амт бүтэц, халуун хүйтэн, аягалсан хэмжээ, хэлбэр дүрс зэрэгт их мэдрэмтгий байдаг. Ходоодны багтаамж бага. Шүд гүйцэт ургаж, бэхжиж амжаагүй. Сүүн шүд ургаж хоолыг зажилж идэж эхэлдэг ч хэл, эрүүний булчин гүйцэд гүйцэт хөгжөөгүй байдгаас шалтгаалж зөв, сайн зажилж идэж чаддаггүй. Үүнээс шүлс бага ялгардаг байна. Эцэг, эхчүүд хооллолтын энэ онцгой үед нь анхаарч чадвал насан туршийн зөв суурийг бий болгож чадах нь ээ.
Цэцэрлэгийн насны хүүхэд өдөрт 5 удаа хооллоно
Цэцэрлэгийн насны хүүхэд өдөрт 5 удаа хооллох ёстой байна. Нэг удаад 350-400 гр-аас доошгүй хэмжээтэй, хоногийн хоолны илчлэг нь 1330-1470 килокалори байхыг зөвлөдөг аж. Мөн хүүхэд цэцэрлэгтээ өдөрт 3 удаа хооллож, хоногийн хэрэгцээний илчлэгийн 75-80 хувийг авч байх ёстой. Өглөөний хоол хоногийн илчлэгийн 20%, бага үдийн цай 10%, үдийн хоол 35%, их үдийн цай 15%, орой 20%-ийг хангаж байхаар тооцох хэрэгтэй. Хүүхдийг хоолны махыг жижиг хөшиглөж, хачрыг хэрчсэн байдлаар бэлтгэх нь зөв байна. Бага үдэд давстай юм уу, чихэртэй цай, ус, хярам, жимс ногооны шүүсний аль нэгийг 150 мл-ээр тогтмол уулгаж байх. Хүүхдийн хоол, цайг 55-65 хэмийн халуун өгөх нь зөв байна.
Хамгийн гол нь хүүхдэд зөвхөн дуртай, хүссэн хоолыг нь өгөөд байх биш бүх төрлийн хоолонд дуртай болгохыг зорих нь зүйтэй аж. Ингэхийн тулд хоолны нэр төрлийг олшруулах, хүүхдийн дур сонирхлыг татахуйцаар бэлдэх, аягалж таваглахдаа хэлбэр дүрс оруулж өгч, бүх төрлийн хүнс, хоолонд дуртай болгоход анхаарах ёстой байна. Мөн өдөрт нэг аяга сүү болон тараг өгч хэвших, шингэн хангалттай уулгахаа мартаж болохгүй аж.

Чихэр, транс тос, дүүфүү, шар буурцгийг хүүхдийн хоолны цэсээс хас
Үндсэн хоолноос гадна дархлаа дэмжих, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, аминдэм, эрдсээр баялаг аль болох олон төрлийн хүнсний ногоо хэрэглэх нь чухлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Шим тэжээл судлалын Тэнхимийн багш Н.Туул онцолжээ. Иймийн тулд нохой хошуу, чацаргана, аньс, тарвас, нэрс, үхрийн нүд гэх мэт жимсийг шинээр нь болон шүүс болгон хэрэглэж занших зүйтэй. Нөгөө талдаа шарсан төмс, чипс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэр, шоколад, транс тос, дүүфүү, шар буурцгийг хүүхдийн хоолны цэсээс хасах ёстой. Хооллохын өмнө чихэрлэг бүтээгдэхүүн өгөхөөс зайлсхийх, тараг, будааны агшаамал зэрэг хүнс, хоолыг сахаргүй өгч сургах нь чухал. Мөн хооллох орчин цэвэр цэмцгэр байлгаж, хоолыг үргэлж шинээр бэлтгэж өгч байхыг онцгойлон дурджээ.
Өглөөний цайгаа уух нь хичээлийн амжилтыг дээшлүүлж, хоцролт, тасалдлын тоог бууруулдаг
Эцэг, эхийн хараа хяналт өсвөр насанд багагүй сулардаг. Тиймдээ ч хүүхэд томорч, өсвөр насанд хүрэхийн хэрээр хоолоо алгасах тохиолдол нэмэгддэг. Өглөөний цай бол хүүхдүүдийн хамгийн их алгасдаг хоол. Өсвөр насныхны 21 хувь нь л өдөр бүр өглөөний цай уудаг талаар Н.Туул багш судалгаандаа дурдсан нь үүнийг нотлох биз ээ.
Угтаа өглөөний цай хүүхдүүдийн өсөлт хөгжилд ус агаар мэт чухал. Хүүхдэд өглөөний цай, үдийн хоол өгөхөд тусгай хэрэгцээт сургуулийн сурагчийн IQ оноо 8 хувиар өсөж, оюуны хурд 0.5 хувь, ой тогтоолт 2.3 хувиар нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлт гарсан байна. Хангалттай хооллолт, ялангуяа өглөөний цайгаа уух нь хичээлийн амжилтыг дээшлүүлж, хоцролт, тасалдлын тоог бууруулдаг аж. Гэр бүлийнхэнтэйгээ оройн хоол иддэг хүүхдүүд илүү их жимс ногоо идэж, гэрээсээ хол байх үедээ шарсан хоол бага иддэг, ундаа бага хэрэглэдэг гэсэн судалгаа ч байдаг байна. Гэвч бодит байдал дээр өсвөр насныхан 7 хоногт 1-2 удаа түргэн хоол идэж байна. Мөн дийлэнх нь буюу 64% нь гэр бүлээрээ зурагтын өмнө хооллодог болох нь судалгаагаар тогтоогджээ.














