Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, азоны цоорол зэрэг сэдэв Монголд хамаагүй гэх ойлголт одоо ч бидний дунд байна. Мөн энэ сэдэв зөвхөн байгаль орчин уур амьсгалын чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын мэдэх асуудал мэт бид хүлээж авдаг. Гэтэл үнэндээ “Уур амьсгалын өөрчлөлт” гэдэг нь танд ч надад ч боловсрол, нийгэм, эдийн засаг гээд олон салбарт хамаатай аж.

Тэр дундаа Боловсролын салбар дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг та бид онцгой анхаарах хэрэгцээ бидний өмнө тулгарч байна.  

Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны нэг

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, усны нөөцийн хомсдол зэрэг асуудал нь дэлхий дахинд төдийгүй Монгол оронд эдийн засаг, нийгэм боловсрол зэрэг олон салбарт гүнзгий нөлөө үзүүлж байна. Тэр дундаа Монгол Улс газарзүйн байршил, эрс тэс уур амьсгал, мал аж ахуйд түшиглэсэн эдийн засгийн бүтэц зэрэг хүчин зүйлээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны нэгэнд тооцогддог. Сүүлийн жилүүдэд зуд, ган, үер, агаарын бохирдол, усны нөөцийн хомсдол зэрэг үзэгдэл давтамжтай болж, иргэдийн амьдралын чанар, хүүхэд залуусын боловсролд нөлөөлөх болсон. Ийм нөхцөлд уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол нь зөвхөн байгаль хамгаалах, мод тарих тухай ойлголт биш. Харин иргэдийг эрсдэлийг таньж мэддэг, дасан зохицох чадвартай, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх хөгжлийн чухал бодлого болж байна. Судалгаагаар Монгол орны агаарын жилийн дундаж температур сүүлийн 80 жилд 2.2 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Үүний үр дүнд цөлжилт эрчимжиж, бэлчээрийн доройтол нэмэгдэн, усны нөөц багасаж, зудын давтамж өсч байна. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй нь цаг уурын нөхцөлөөс шууд цаг уурын нөхцөлөөс шууд хамааралтай учир уур амьсгалын өөрчлөлт Монголын эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд хүчтэй нөлөөлж байна.  Эдгээр өөрчлөлт нь зөвхөн байгальд бус, иргэдийн амьжиргаа, улмаар хүүхдийн боловсролд шууд болон шууд бус нөлөөлж байна.

Уур амьсгалын өөрчлөлт Боловсролын салбарт шууд болон шууд бусаар нөлөөлдөг

НҮБ-ын Хүүхдийн сангийн “Боловсролд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл” судалгаанд дурдсанаар , өвлийн улиралд зуд, хүйтэн, агаарын бохирдол, зуны улиралд үер ган ганчиг зэрэг уур амьсгалын эрсдэл нь хүүхдийн сургууль завсардах, хичээл таслах, суралцах орчин доройтох шалтгаан болж байгааг онцолжээ. Тухайлбал, зам харилцаа тасрах, сургуулийн дэд бүтэц эвдрэх, эрүүл мэндийн өвчлөл нэмэгдэх зэрэг нь боловсролын хүртээмжид сөргөөр нөлөөлж байна.

Мөн малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой байдаг. Зуд, гангийн улмаас өрхийн орлого буурч, хүүхдээ сургуульд үргэлжлүүлэн суралцуулах боломж хязгаарлагдах, чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байх тохиолдол бий.

Энэ нь уур амьсгалын өөрчлөлт зөвхөн байгаль орчны асуудал бус боловсролын тэгш бус байдлыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байгааг харуулж байна. Тодруулбал, 2009-2010 оны зудын үед сургууль 40%, цэцэрлэг 50 хувиар  ирц нь буурчээ. Зарим бүсэд сургууль завсардалт эрс нэмэгдсэн. 1999, 2002 он, 2009-2010 онд болсон зудын хоёр тохиолдлын нөлөөг судалсан судалгаанаас үзэхэд зудын улмаас Монгол орны баруун хэсэгт малчин өрхийн хүүхдийн суурь боловсролд хамрагдах байдал буурч байсан бол малчин бус гэр бүлд энэ байдал ажиглагдаагүй байна. Энэхүү байдал сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд хамгийн ихээр ажиглагдсан байна. Мөн хөдөө гэртээ очих, сургууль руугаа буцах замын зорчих нөхцөл хүнд байгаа нь сургууль завсардалт, хичээл таслалтад нөлөөлж байна. Өрхийн амьжиргаа, сургуульд элсэлт буурсан үзүүлэлт нь зудын гамшигтай холбоотой бөгөөд тухайн гамшгийн цочролд орсноос хойш энэ байдал гурван жил хүртэл үргэлжилжээ.

1999-2002 онд дараалан үргэлжилсэн зудад хамгийн ихээр өртсөн бүс нутагт амьдардаг хүүхдүүдийн 26.5-31.2 хувь нь сургуулиа бүрэн дүүргээгүй байх магадлалтай гэж урт хугацааны үр нөлөөг тогтоосон байна. Эдгээр өөрчлөлт малчдын хувьд илүү ажиглагддаг бол харин хот, суурин газарт төдийлөн ажиглагддаггүй байна. Боловсролд нөлөөлөх зудын үр дагаврын шууд нөлөөг дараах байдлаар тодорхойлж болно. /Шууд болон шууд бус нөлөөлийн зураглал оруулах/

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БОЛ ЗӨВХӨН УАӨЯ-НЫ ХАРИУЦАХ АСУУДАЛ БИШ

Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол гэдэг нь хүмүүсийг уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан үр дагавар, дасан зохицох болон бууруулах арга замын талаар мэдлэгтэй болгож, тогтовортой хөгжлийн төлөө хариуцлагатай, үйлдэл хийх чадвартай иргэн болгон төлөвшүүлэх боловсролын цогц үйл явц юм.

ЮНЕСКО-гийн тодорхойлолтоор уур амьсгалын боловсрол нь дараах үндсэн чиглэлийг хамруулдаг. Үүнд:

- Уур амьсгалын шинжлэх ухааны суурь ойлголт,

- Хүний үйл ажиллагааны нөлөө,

- Эрсдэл эмзэг байдлыг ойлгох,

- Дасан зохицох ба эрсдэлийг бууруулах арга,

- Тогтвортой хэрэглээ ба амьдралын хэв маяг,

- Иргэний оролцоо хариуцлага,

Өөрөөр хэлбэл уур амьсгалын боловсрол нь зөвхөн нэг хичээлийн агуулгаар хязгаарлагдахгүй. Харин байгалийн ухаан, иргэний боловсрол, сэтгүүл зүй, эдийн засаг зэрэг олон салбарын мэдлэгийг уялдуулсан цогц ойлголт юм.

Монгол улсад тогтвортой хөгжил, байгаль орчны боловсролын агуулга сургалтын хөтөлбөрт тодорхой хэмжээнд туссан боловч уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол системтэй, бүх түвшинд хангалттай хэрэгжиж чадахгүй байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдээлэл орсон байдаг ч илүү мэдлэгт төвлөрсөн, практик хэрэглээ бага хэвээр байна. Сурагчид дэлхийн дулаарал гэж юу болохыг мэддэг ч өдөр тутмын амьдралдаа хэрхэн нөлөөлж байгааг ойлгох, бодит үйлдэл хийх ур чадвар  хангалттай эзэмшиж чадахгүй байна гэж Монголын Боловсролын Судалгааны Сэтгүүлийн 2021 оны 26 дахь дугаарт  орсон “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сурагчдын зан үйл, хандлагыг судалсан үр дүн” нийтлэлд онцолжээ. Мөн Уур амсьгалын боловсролыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд багш нарын мэдлэг, арга зүй чухал. Гэвч энэ чиглэлээр мэргэшсэн  сургалт гарын авлага лабораторийн орчин хангалтгүй нь дээрх судалгаагаар илэрчээ.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН БОЛОВСРОЛ ДАХЬ ОЛОН УЛСЫН САЙН ЖИШЭЭ

НҮБ-ын мэдээгээр дэлхийн хүн амын 1.2 тэрбум нь 10-24 насны залуус бөгөөд УАӨ-ийн нөлөөгөөр ирээдүйд гарч болзошгүй сөрөг үр дагаврын эринд амьдрах үеийнхэн болно гэжээ. Тиймээс тэднийг эрсдэлийг ойлгодог, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргадаг, байгальд ээлтэй хэрэглээтэй иргэн болгон төлөвшүүлэх нь боловсролын үндсэн зорилго байх ёстой. Монгол орны нөхцөлд зуд, үер, ган зэрэг гамшигт үзэгдэл улам нэмэгдэж байгаа учир орон нутгийн иргэд, хүүхэд залуусыг эрсдэлийн боловсролтой болгох шаардлагатай. Уур амьсгалын боловсрол нь зөвхөн мэдлэг өгөхөөс гадна гамшгийн үед хэрхэн бэлтгэх, эрсдэлийг бууруулах чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг тусгай сэдэв байдлаар бус бүх шатны боловсролын агуулгад уялдуулан тусгах шаардлагатай. Хүүхдүүдийг зөвхөн онолын мэдлэг бус бодит амьдрал дээр хэрэгжүүлэх ур чадварт сургах нь чухал.

Өмнөд Ази бол дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтад хамгийн бага нөлөөтэй боловч уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртдөг хэсэг. Тиймээс ч ихэнх орнууд боловсролыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслах чухал хэрэгсэл гэж үзэж салбартаа онцгойлон анхаардаг. Зарим орны Уур амьсгалын боловсролд нэвтрүүлсэн сайн жишээг дурдвал,

Шри Ланкад албан боловсролын тогтолцооны хүрээнд УАӨ-боловсролын мэдлэгийн зөрүүг арилгахад онцгой анхаарч сургууль, их сургуулийн сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг болгон физик, экологи, байгаль орчинд ээлтэй бодлогыг туршлага, практиктай нэгтгэхийг зорьдог.

Бутаны боловсролын яам байгаль орчин, уур амьсгалын талаар сургалтын хөтөлбөр боловсруулж буй бөгөөд боловсролын тогтолцооны бүх түвшинд УАӨ-ын боловсрол мэдлэгийг өөрчлөх, нэгтгэх хүрээлэн буй орчны талаарх мэдлэгийг сургуульд сурснаар олж авах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрдөг.  Байгаль орчны боловсролыг сургуулийн өмнөх боловсролоос ахлах дунд шат хүртэл сургуулиуддаа нэвтрүүлсэн.

Мальдивууд дунд, дээд сургууль, мэргэжлийн боловсролд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх мэдээллийг агуулсан хөтөлбөрөөр дамжуулан залуучуудыг татан оролцуулахад анхаардаг.

Энэтхэг улс Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэд Байгаль орчны боловсролын төвтэй (CEE). Энэхүү төвийн гол зорилгын нэг нь сургууль, их дээд сургууль болон бусад сургалтын хөтөлбөрүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой боловсролын материалыг боловсруулж сурталчилдаг. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох стратеги, биологийн олон янз байдлыг хамгаалах талаарх мэдлэгийг дээшлүүлэхийн тулд албан болон албан бус боловсролын салбаруудтай хамтран интерактив үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Уур амьсгалын өөрчлөлт Дэлхийд төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт бодит сорилт авчирч байна. Энэ нөхцөлд уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол нь зөвхөн нэг салбарын асуудал бус үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн чухал бодлого юм. Монголын хүүхэд, залуусыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны мэдлэгтэй, байгальд ээлтэй хэрэглээтэй, эрсдэлийг даван туулах чадвартай иргэн болгон төлөвшүүлэх нь ирээдүйн тогтвортой хөгжлийн үндэс юм. Иймээс төр, боловсролын байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагууд хамтран уур амьсгалын боловсролыг бодлогын түвшинд дэмжиж, бүх нийтийн оролцоотойгоор хөгжүүлэх шаардлагатай байна.

Ашигласан эх сурвалж

1. НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF Mongolia), “Боловсролд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл” судалгааны тайлан

2. Монголын Боловсролын Судалгааны Сэтгүүл. “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сурагчдын зан үйл, хандлагыг судалсан үр дүн”

3. БШУЯ,  “Шинжлэх ухаан, технологи, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг дэмжих төсөл”

4. UNESCO, Climate Change Education for Sustainable Development.

5. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгүүд