Монголын анхны мультимедиа агентлаг Mongoliapress.mn УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран хууль тогтоох дээд байгууллага парламентад иргэдийг төлөөлөн ажиллаж буй улс төрийн нам, эвслийн төлөөлөл 32 эмэгтэй гишүүнийг онцолж цуврал контент бэлтгэн хүргэж байгаа билээ.

Эхний зочноор "Монтажгүй яриа" буландаа ХҮН-аас УИХ-д сонгогдон ажиллаж буй Лутаагийн Энхнасанг урьж мэдлэг, туршлага, үзэл санаа, үнэт мөн чанарыг нь илүү ойроос таниулахыг зорилоо.

-Таныг С.Равдан генералын ач охин, ХХ зууны манлай “Тунгалаг тамир” романы зохиолч Ч.Лодойдамба, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын зээ охин гэдгээр хүмүүс сайн мэднэ. Хоёр талынхаа цэрэг эх оронч үзэл, урлаг, утга зохиол талын удам судраас ямархуу зан чанар, зарчим, төлөвшлийг суулгаж авч үлдсэн бэ?

-Би ээжийнхээ талын өвөө, эмээ болох Ч.Лодойдамба, Ч.Долгорсүрэн нарын дэргэд өссөн. Харин аавын талын өвөө С.Равдан генерал хүн байсан. Хоёр талын маань хүмүүжил их өөр. Өвөө маань дуу цөөтэй, даруухан, хариуцлагатай хүн байсан бол эмээ өвөө хоёр маань урлаг соёлын хүмүүс учраас илүү нээлттэй, бүтээлч орчинд өсгөсөн. Өөрийгөө харахад хоёр талаасаа тодорхой хэмжээгээр нөлөө авсан гэж боддог. Багаасаа хөдөлмөрч, хариуцлагатай байхыг гэр бүлийнхэн маань үргэлж захидаг байсан. Харин өвөөгөөсөө эх оронч үзлийг илүү мэдэрч өссөн. Эх оронч байна гэдэг том үг хэлэхээсээ илүү өөрийн сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгтэй зүйлд зориулахыг хэлдэг гэж ойлгодог.

Миний үеийн олон залуус гадаадад сурч, ажиллаж, амьдрахаар сонгосон. Харин би Монголдоо ажиллаж, амьдрахаар шийдсэн. Тухайн үедээ энэ нь миний хувьд зөв сонголт байсан. Одоо ч гэсэн би өөрийгөө бусдаас илүү эх оронч гэж боддоггүй. Харин өөрийн боломж, чаддаг зүйлээрээ нийгэмдээ хувь нэмэр оруулахыг хичээдэг. Төрд ажиллах ч бай, хувийн хэвшилд ажиллах ч бай ялгаагүй хүн бүр өөр өөрийн хэмжээнд улс орныхоо хөгжилд оролцох боломжтой гэж боддог.

Эмээ маань үргэлж “Сайхаан, сайхан” гэж ярьдаг байсан. Тэр үг одоо ч санаанд үлдсэн байдаг. Нийгэм маань сайхан байгаасай гэж хүсдэг бол хүн бүр өөрөөсөө эхлэх хэрэгтэй юм байна гэж боддог. Миний хувьд ч гэсэн тэр зарчмаар амьдрахыг хичээж явна.

-“Тунгалаг тамир” романыг уншаагүй хүн ховор байх. Та утга зохиол, урлагийн тал руу сонирхож судалж ажиллаж байв уу?

-Манай гэр бүлд урлаг, уран бүтээлтэй холбоотой хүмүүс олон бий. Нагац эгч Л.Насанбат маань хөгжмийн багш, гавьяат, хөгжмийн зохиолч хүн. Түүний зохиосон “Орчлонгийн сайхан хүүхнүүд” зэрэг дууг хүмүүс сайн мэднэ. Миний хувьд багаасаа орос сургуульд сурсан болохоор уран зохиолын хүн болсонгүй. Гэхдээ төрийн алба болон хувийн хэвшилд ажиллах хугацаандаа олон төсөл, бодлогын баримт бичиг, судалгаан дээр ажиллаж, уншиж бичих дадалтай болсон. Одоо ч ажлын шаардлагаар их уншиж, судалдаг.

Манай төрөл саданд уран бүтээл туурвидаг хүмүүс бий. Ээжийн дүү Галбадрах ахын охин ном бичдэг, бүтээлүүд нь олон улсын уншигчдад хүрч байгаа.

Харин миний хувьд урлагийн авьяасаас илүү эмээ, өвөөгөөсөө хүмүүстэй зөв харилцах, бусдад тус дэм болох хандлагыг нь өвлөсөн гэж боддог. Эмээ маань их уриалгахан хүн байсан. Танихгүй хүнтэй ч төвөггүй ярилцаж, гэртээ урьж цайлна. Манайхаар хүн тасардаггүй байлаа. Эмээгийн мань надад үлдээсэн хамгийн том сургамж нь хүмүүсийг ялгаж харилцахгүй байх, боломжтой үедээ бусдад туслахыг хичээх хэрэгтэй гэсэн ойлголт.

Урлагийн хүн байсан болохоор ч тэр үү, хүн бүрээс сайн сайхныг олж харахыг хичээдэг байсан нь бидэнд үлдсэн үнэт зүйл гэж боддог.

-Аялал жуулчлал бол 10-20 жилийн алсын хараатай хөгжүүлэх салбар-

photo by B.Ankhbayar

-Та аялал жуулчлалын чиглэлээр гадаадад мастер хамгаалсан. Салбарын яаманд нь ч багагүй хугацаанд ажиллалаа. Одоо төрийн бодлогын түвшинд улс орны хөгжлийн тулгуур болсон аялал жуулчлалын салбарын гарц шийдлийг хэрхэн харж, ямар ажлууд хийж байна вэ?

-Аялал жуулчлалын салбартай ажил, амьдралын маань нэлээд хэсэг холбоотой. Японд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж, Австралийн Монашийн их сургуульд олон улсын аялал жуулчлалын магистрын зэрэг хамгаалсан. Эх орондоо ирээд Дэд бүтцийн яам, Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж, салбарын хөгжлийн эхэн үеийн бодлого боловсруулах ажилд оролцож байлаа. Тэр үед Монгол Улс анх удаа “Зочлох жил” зарлаж, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт нэгдсэн брэндээр оролцдог болсон. Мөн хил орчмын аялал жуулчлал, аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх, зочид буудал, жуулчны баазын стандарт бий болгох зэрэг олон ажлыг хамт олонтойгоо хэрэгжүүлж байсан сайхан дурсамж бий.

Харин өнөөдөр эргээд харахад манай аялал жуулчлалын салбарын суурь асуудлууд төдийлөн өөрчлөгдөөгүй байна.

Бид жуулчдын тоо ярьдаг ч аялал жуулчлалыг дагасан орон нутгийн хөгжил, ажлын байр, үйлчилгээний чанар, улирлын хамаарлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт илүү анхаарах шаардлагатай байна. Миний бодлоор аялал жуулчлалын салбарт хамгийн хэрэгтэй зүйл бол тогтвортой бодлого. Засгийн газар, салбарын удирдлага ойр ойрхон өөрчлөгдөхөд эхлүүлсэн ажлууд үргэлжлэлгүй үлдэх тохиолдол их байдаг. Аялал жуулчлал бол 10-20 жилийн алсын хараатай хөгжүүлэх салбар. УИХ-ын гишүүний хувьд энэ чиглэлийн асуудлыг анхаарч ажиллахыг зорьж байна. Саяхан орон нутагт ажиллах үеэр аялал жуулчлалын бизнес эрхлэгчид хөнгөлөлттэй санхүүжилт, дэд бүтэц, хүний нөөцийн асуудлыг хамгийн ихээр хөндөж байсан. Тиймээс төрийн дэмжлэг зөвхөн томоохон компаниудад бус, орон нутагт үйлчилгээ эрхэлж байгаа жижиг, дунд бизнесүүдэд хүртээмжтэй хүрэх ёстой гэж үздэг.

Монгол Улс байгаль, түүх, нүүдлийн соёл иргэншлээрээ дэлхийд өрсөлдөх онцгой давуу талтай. Энэ давуу талаа бодлогоор дэмжиж, хувийн хэвшилтэйгээ хамтарч чадвал аялал жуулчлал эдийн засгийн бодит тулгуур салбарын нэг болно гэдэгт итгэдэг.

-Сангийн ажил ч, улс төрийн ажил ч эцсийн дүндээ хүмүүсийн амьдралд хэрэгтэй зүйл хийх гэсэн нэг л зорилгын үргэлжлэл гэж хардаг-

-Та Ч.Лодойсамба санг удирдаж нийгэмд чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Магадгүй Говь-Алтайтай ойр байх, цаашлаад өвөөгийнхөө төрсөн нутагт нэр дэвших холбоог бэхжүүлж өгөв үү?

-Ач, зээ нарын хамгийн том нь учраас 2016 оноос сангийн үйл ажиллагааг хариуцаж ажиллах болсон. Сангийн ажлыг аль болох боловсрол, хүүхэд залуучуудын хөгжилд чиглүүлэхийг зорьж байгаа. Энэ хугацаанд сумын сургуулийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, нийтийн номын сангийн орчин бүрдүүлэх, хүүхэд залуучуудад зориулсан хөгжлийн төв, номын сан байгуулах зэрэг ажлуудыг хамт олонтойгоо хийсэн. Сүүлийн жилүүдэд “Өглөөний уншлага” төслөөр дамжуулан хүүхэд багачуудын ном унших дадлыг дэмжихэд анхаарч байна.

Мэдээж өвөөгийн маань төрсөн нутаг болохоор Говь-Алтай аймагтай эртнээс холбоотой явж ирсэн. Гэхдээ сангийн үйл ажиллагаа улс төрийн зорилготой байгаагүй. Харин орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзаж, хүүхэд залуучуудын асуудлыг ойроос харж явахдаа төрийн бодлогын түвшинд шийдэх шаардлагатай зүйл олон байгааг илүү ойлгосон.

2020 онд Говь-Алтай аймагт нэр дэвших шийдвэр гаргахдаа ч энэ ойлголт нөлөөлсөн. Нутгийн иргэдтэй олон жил харилцаж, санал бодлыг нь сонсож явсны хувьд тэдний дуу хоолойг төрд хүргэхийн төлөө ажиллаж үзье гэж бодсон.

Миний хувьд сангийн ажил ч, улс төрийн ажил ч эцсийн дүндээ хүмүүсийн амьдралд хэрэгтэй зүйл хийх гэсэн нэг л зорилгын үргэлжлэл гэж хардаг.

-Эмэгтэй хүн намаас квот авахад, нэр дэвшихэд цаашлаад олон нийтийн зүгээс ямар саад бэрхшээл сорилт тулгарч байна вэ. Анх улс төрд ороход ойр тойрныхон хэрхэн хүлээж авч байв?

-Эмэгтэйчүүд улс төрд оролцоход олон хүчин зүйл нөлөөлдөг. Миний бодлоор хамгийн том сорилтын нэг нь санхүүгийн асуудал. Сонгуульд нэр дэвших, өрсөлдөхөд тодорхой хэмжээний нөөц боломж шаардлагатай байдаг. Мөн эмэгтэйчүүдийн хувьд бизнес, улс төр, хэвлэл мэдээллийн хүрээн дэх сүлжээ харьцангуй бага байх нь бий.

Нөгөө талаар гэр бүл, ойр дотнын хүмүүсийн дэмжлэг маш чухал. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй улс төрд орох шийдвэр амар байдаггүй ч эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага, олон нийтийн хүлээлт илүү өндөр байдаг. Тиймээс чадвартай, хүсэл эрмэлзлэлтэй хэрнээ нэр дэвшихээс татгалздаг эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Миний хувьд ч анх улс төрд орох шийдвэр гаргахад эргэлзээ байсан. Ойр дотнын хүмүүсийн санал бодлыг сонссон, зөвлөсөн хүн ч олон байсан. Гэхдээ эцэст нь хүн өөрийнхөө итгэл үнэмшлээр шийдвэрээ гаргадаг юм байна гэж боддог.

-Эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэнээр парламент олон өнцөгтэй, бодлого тэнцвэртэй болж байна-

-Монгол Улс түүхэндээ 126 гишүүнтэй парламент бүрдүүллээ. Жендэр талаасаа 32 эмэгтэй гишүүнтэй болсон онцлог давуу талыг дотор нь ажиллахад хэрхэн харж мэдэрч байна вэ. Ер нь бүхий л цаг хугацаанд эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллалаа гээд ямар давуу талтай юм гэсэн шүүмжлэл өрнөдөг л дөө?

-Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ахиц гарч байна. Намууд ч энэ асуудалд илүү анхаарч эхэлсэн. Үүний үр дүнд өнөөдөр парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл өмнөхөөсөө нэмэгдсэн нь эерэг өөрчлөлт гэж хардаг.

Гэхдээ тоо нэмэгдэхээс гадна эмэгтэйчүүд бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд бодитой оролцох боломжийг бүрдүүлэх нь хамгийн чухал.

Эцсийн зорилго нь эмэгтэй, эрэгтэй гэж ялгахдаа бус, чадвартай хүмүүс нь улс төрд өрсөлдөж, ажиллах боломжтой орчныг бүрдүүлэх явдал гэж боддог.

Энэ удаагийн парламентын нэг онцлог нь эмэгтэйчүүдийн төлөөлөл өмнөхөөсөө мэдэгдэхүйц нэмэгдсэн явдал гэж бодож байна. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш, харин нийгмийн олон талын дуу хоолой шийдвэр гаргах түвшинд хүрч байгаагийн илэрхийлэл юм. Миний ажигласнаар төр, хувийн хэвшлийн аль алинд нь эмэгтэйчүүд маш их үүрэг хариуцлага үүрч ажилладаг. Тиймээс шийдвэр гаргах түвшинд ч тэдний оролцоо нэмэгдэх нь зүй ёсны хөгжил гэж хардаг. Гэхдээ энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өрсөлдөөн биш. Харин илүү тэнцвэртэй төлөөлөл бүрдэх тухай асуудал юм.

Парламент дотор ажиллахад эмэгтэй гишүүд нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хүүхдийн асуудал зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой сэдвүүдийг илүү идэвхтэй хөндөж, хэлэлцүүлэгт өөр өнцөг нэмж байгааг харж байна. Энэ нь бодлогын чанарт эерэгээр нөлөөлдөг. Мөн эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэнээр залуу охид, эмэгтэйчүүдэд “би ч бас улс төрд ажиллаж болно” гэсэн итгэл төрүүлж байгаа нь чухал үр дүн гэж боддог.

-Цаашид тэгвэл яах вэ?

-Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд зөвхөн квот ярихаас гадна сонгуулийн тогтолцоо, санхүүжилт, манлайллын боломж, гэр бүлийн дэмжлэг зэрэг олон хүчин зүйлд анхаарах шаардлагатай. Чадвартай хүмүүс нь хүйсээс үл хамааран улс төрд өрсөлдөж, ажиллах боломжтой байх нь хамгийн зөв тогтолцоо гэж боддог.

Эцэст нь хэлэхэд, сайн парламент гэдэг нь эрэгтэй эсвэл эмэгтэй хүмүүс олон байгаадаа биш, харин олон талын төлөөлөлтэй, иргэдийнхээ эрх ашгийг тэнцвэртэй тусгаж чаддаг парламент байх явдал юм.

Мэдээж эмэгтэйчүүд олон болоод ирэхээр санал зөрөх, өөр өөр байр суурьтай байх тохиолдол бий. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдийн онцлог гэхээсээ илүү ардчилсан төлөөллийн байгууллагын жам ёсны үзэгдэл гэж боддог. Нас, мэргэжил, үзэл баримтлал, намын харьяаллаас шалтгаалаад эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан өөр өөр өнцгөөс асуудалд хандана.

Харин миний анзаарснаар эмэгтэй гишүүдийн хувьд асуудлыг зөвшилцөл, ойлголцлын замаар шийдэх хандлага харьцангуй өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, санал зөрөлдсөн ч эцсийн зорилго нь асуудлыг шийдэхэд чиглэдэг. Тиймээс эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэнээр парламентын хэлэлцүүлэг илүү олон өнцөгтэй, бодлогын хувьд тэнцвэртэй болж байна гэж хардаг.

Ер нь эмэгтэйчүүдийг улс төрд олноор нь оруулахын зорилго нь эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү сайн учраас биш, харин нийгмийн тал хувийн дуу хоолой шийдвэр гаргах түвшинд хангалттай хүрч байх ёстой гэсэн ардчиллын зарчим юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн туршлага, хандлага өөр учраас хамтдаа оролцсоноор илүү чанартай, хүртээмжтэй шийдвэр гаргах боломж бүрддэг гэж боддог.

-Хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг зөвхөн гэр бүл, сургуульд даатгах бус төрийн бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай-

-Та өмнө нь Нийгмийн бодлогын байнгын хороог ахалсан. Одоо эмэгтэйчүүдийн бүлэг хүүхэд хөгжил хамгаалал руу анхаарч байна. Хоёр жилийн хугацаанд нийгэм рүү чиглэсэн ажил руу түлхүү оров уу?  

-УИХ-д анх сонгогдоод Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллах боломж олдсон нь миний хувьд маш том хариуцлага, бас их сургамжтай цаг хугацаа байлаа. Салбарын бодлогоо төсөвтэй хэрхэн уялдуулах, төрийн байгууллагууд болон иргэний нийгэм, хувийн хэвшилтэй хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг олон асуудалтай нүүр тулж, бодит туршлага хуримтлуулсан.

Нийгмийн бодлогын байнгын хороо ахмад настан, хүүхэд, залуучууд, гэр бүл, жендэр, эрүүл мэнд зэрэг иргэн бүрийн амьдралтай шууд холбоотой асуудлыг хариуцдаг. Тиймээс зөвхөн нэг асуудлыг бус, нийгмийг бүхэлд нь харж төлөвлөх шаардлагатай байдаг. Энэ хугацаанд салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлуудыг бодлого, төсөвт тусгахын төлөө ажилласан. Ажиллах явцад нийгмийн салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг илүү тодорхой олж харсан. Боломжтой зарим асуудлыг шийдвэрлэх, заримынх нь эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллаж чадсан гэж боддог. Өнөөдөр ч миний ажиллаж байгаа ажлын хэсгүүдийн дийлэнх нь нийгмийн хөгжлийн чиглэлтэй хэвээр байна.

Сүүлийн үед хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн асуудалд түлхүү анхаарч ажиллаж байна. Ялангуяа Хүүхдийн хөгжлийг дэмжих ажлын хэсгийг ахалж, хүүхдийн хөгжил, хамгааллын тогтолцоог сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж, холбогдох өөрчлөлтүүдийг боловсруулахад анхаарч ажиллаж байна. Учир нь хүүхдийн төлөө хийсэн хөрөнгө оруулалт, бодлогын зөв шийдвэр бүхэн Монгол Улсын ирээдүйд хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж үздэг.

-Түүхэндээ хамгийн олон 32 эмэгтэй гишүүнтэй боллоо. Нэгдэж нийлээд бүлэг болж ажиллаж эхэллээ. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

- Түүхэндээ хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй парламент бүрдсэн нь тооны хувьд төдийгүй хамтын ажиллагааны хувьд шинэ боломж нээж байна гэж харж байгаа. Улс төрийн талцал, хуваагдал ихтэй үед эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэж, тодорхой асуудлуудаар хамтарч ажиллаж чаддаг нь том давуу тал.

Миний хувьд Эмэгтэй гишүүдийн бүлгийг улс төрийн өрсөлдөөнөөс илүүтэй үр дүнд төвлөрсөн, харилцан дэмждэг хамтын ажиллагааны талбар гэж харж байгаа.

Бид зөвхөн хууль санаачлах бус, нэгнийхээ санаачилсан бодлого, хуулийн төслийг судалж дэмжих, орон нутагт хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Саяхан Сэлэнгэ аймагт ажиллаж, гишүүн Ч.Ундрамын тойрогтоо хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан. Мөн Хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр санаачилсан бодлого, хууль тогтоомжийн ажлуудаа иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран олон нийтэд танилцууллаа.

Миний хувьд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр, тэр дундаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, судалгаа шинжилгээ хийж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь зам тээврийн осол хэвээр байна. Үүнээс хамгийн их хохирч байгаа бүлгийн нэг нь хүүхдүүд.

Хүүхэд өөрийгөө бүрэн хамгаалах чадваргүй учраас тэдний аюулгүй байдлыг хангах нь төрийн онцгой үүрэг гэж үздэг. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг зөвхөн гэр бүл, сургуульд даатгах бус төрийн бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай.

Бидний зорьж буй өөрчлөлтийн нэг нь сургууль, цэцэрлэгийн аюулгүй бүсийг хуульчлах асуудал юм. Сургуулийн орчин дахь замын хөдөлгөөний зохицуулалт, тэмдэг тэмдэглэгээ, орц гарц, хурдны хязгаарлалт зэрэг аюулгүй байдлын дэд бүтцийг иж бүрнээр нь шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн хүүхдийн автобусны зохицуулалтыг боловсронгуй болгож, орон нутгийн удирдлагын байгууллагуудыг энэ асуудалд илүү хариуцлагатай оролцуулах шаардлагатай гэж үзэж байгаа.

Судалгаагаар 7-11 насны хүүхдүүд, ялангуяа хичээл тарах үеэр зам тээврийн осолд хамгийн их өртөж байна. Энэ нь хүүхэд бие даан замын хөдөлгөөнд оролцож эхэлдэг нас учраас зөвхөн хүүхдэд бус эцэг эхчүүдэд чиглэсэн замын хөдөлгөөний боловсролыг сайжруулах шаардлагатайг харуулж байгаа юм. Олон улсад бага наснаас нь зөв дадал хэвшил олгох, эцэг эхчүүдийг хамруулсан сургалт явуулах нь үр дүнтэй гэж үздэг.

Мөн сургуулийн орчинд хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангатгах асуудлыг судалж байна. Торгуулиар хязгаарлах бус эрх хасах, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээг авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Хүүхдийн аюулгүй байдлыг зөвхөн жолоочийн хариуцлагаар хэмжих боломжгүй. Замын дэд бүтэц, тэмдэг тэмдэглэгээ, сургалт, эцэг эхийн хандлага, хүүхдийн зөв дадал хэвшил зэрэг бүх хүчин зүйлийг цогцоор нь шийдвэрлэж байж бодит үр дүнд хүрнэ гэж бодож байна.

-Төр, хувийн хэвшлийн хамтрал дээр аль нэгийг нөгөөгөөр нь орлуулах биш, харин давуу талуудыг зөв хослуулах нь хамгийн зөв шийдэл-

-Төрийн хамгийн их ярьдаг нь төр, хувийн хэвшлийн хамтрал, төр зарим эрх үүргээ хувийн хэвшилд шилжүүлнэ, өрсөлдөхгүй л гээд байдаг. Төр, хувийн хэвшлийн аль алинд нь шат шатны ажил албан тушаалыг хашсан хүний хувьд үүнийг хэрхэн хардаг вэ?

-Миний хувьд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг “төр бүхнийг хийх ёсгүй, харин хийх ёстой зүйлээ сайн хийх ёстой” гэсэн зарчмаар хардаг. Төр болон хувийн хэвшлийн аль алинд нь ажиллаж байсан хүний хувьд аль нэгийг нь нөгөөгөөр нь орлуулах биш, харин давуу талуудыг нь зөв хослуулах нь хамгийн зөв шийдэл гэж боддог.

Жишээ нь, миний ажиллаж байгаа Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд энэ асуудал маш тодорхой харагддаг. Улаанбаатар хот болон орон нутгийн нөхцөл байдал харилцан адилгүй. Алслагдсан сум, орон нутагт хүүхдийн хөгжлийн төв, сургалтын үйлчилгээ, дугуйлан секц ажиллуулахад зах зээлийн боломж хязгаарлагдмал байдаг. Ийм нөхцөлд төр илүү идэвхтэй оролцож, хүүхэд бүр хөгжих, хамгаалуулах эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх ёстой.

Харин Улаанбаатар хотод хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр чанартай үйлчилгээ үзүүлж байгаа олон хувийн байгууллага байна. Энэ тохиолдолд төр хувийн хэвшилтэй өрсөлдөж ижил үйлчилгээ байгуулахаас илүүтэйгээр дэмжих, стандарт тогтоох, чанарын хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх нь зөв гэж үздэг. Өөрөөр хэлбэл, төр үйлчилгээ үзүүлэгч биш, боломж бүрдүүлэгч байх ёстой.

Нэгэнт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад татварын хөнгөлөлт, урт хугацааны зээл, түрээс болон газрын дэмжлэг зэрэг бодит боломжуудыг олгож чадвал хувийн хэвшил өөрөө хөрөнгө оруулалт хийж, үйлчилгээгээ өргөжүүлэх боломжтой. Харин үйлчилгээ хүрэхгүй байгаа газар, зах зээл дангаараа шийдэж чадахгүй асуудал дээр төр өөрөө оролцох шаардлагатай.

Мэдээж үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой салбаруудыг төр хариуцах ёстой. Харин бусад салбарт төр бодлогоо тодорхойлж, стандарт тогтоож, хяналтаа хэрэгжүүлээд, хэрэгжилтийн тодорхой хэсгийг хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэх нь илүү үр ашигтай гэж боддог.

Мөн хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд зөвхөн төрийн үүрэг ярихаас гадна гэр бүлийн хариуцлагыг ч нэмэгдүүлэх шаардлагатай. Төрөөс хүүхдэд зориулан олгож байгаа дэмжлэг, санхүүжилт үнэхээр хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдаж байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Хүүхдийн төлөө төсөвлөсөн мөнгө хүүхдэдээ хүрдэг байх нь бодлогын чухал зорилго юм.

Аялал жуулчлалын салбар ч мөн адил. Төр нь үндсэн дэд бүтэц, томоохон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, соёлын өвийн хамгаалалт зэрэг суурь нөхцөлийг бүрдүүлж өгөөд, үйлчилгээ, инноваци, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил хариуцах нь илүү үр дүнтэй. Боломжийг нь зөв нээж өгч чадвал хувийн хэвшил төрөөс илүү хурдан, бүтээмжтэй ажиллах чадвартай гэж боддог.