Улс төрд санамсаргүй нүүдэл гэж үгүй. Саяхан л Улаанбаатар хотын ирээдүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн брэнд гэгдэж байсан "Сэлбэ 20 минутын хот" төсөл өнөөдөр улс төрийн шинэ тоглоомын талбар болон хувирлаа. Эрх мэдлийн шилжилт, хотын шинэ удирдлагуудын томилгоотой зэрэгцэн, удахгүй болох Мега төслүүдийн сонсголын өмнө уг төслийг тойрсон "но"-г хайх ажиллагаа эрчээ авч байна.

Нээлт мэт зарласан хуучин үнэн

Сэлбэ дэд төвийг эдийн засгийн хувьд ашиггүй байсан мэтээр зарим хэвлэлээр мэдээлж буй. Угтаа, эдийн засгийн гэхээс илүү нийгмийн ач холбогдолтой, эрүүл, аюулгүй орчинд иргэнээ амьдруулж, эрхийг нь хангах гэсэн жишиг төсөл. Хийх гээд, хэрэгжүүлэх гээд бүр 2010 оноос хойш оролдож, үе үеийн Хотын даргын хүслэн болсон ажил. Гэтэд бондын хүүгээ төлөх чадамжгүй гэх мэтээр харлуулах гэж байгаа нь уснаас хуурай гарч, муу нэрийг хуучин даргад, сайн нэрийг шинэд нь тохох гэсэн л арга болов уу?

Хэвлэлээр өгч буй яриа хөөрөөнөөс нь харвал Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан тоо бодоод, өртөг бууруулаад, борлуулалтын үнийг нь багасгасан мэтээр ярина лээ. Гэвч бодит байдал дээр энэ нь нууц сэдэв огтоос биш байсан.

Төслийн багийн зүгээс анхнаасаа орон сууцны үнийг хамгийн боломжит хувилбараар буюу 4.4 сая төгрөгөөр, хэрэв хуулийн дагуу төр дэд бүтцээ бүрэн даавал бүр 3.750.000 төгрөг хүртэл хямдрах боломжтойг тооцож, хувилбаруудыг нийслэлд санал болгож байсан. Харин Нийслэлийн төсвийн 439 тэрбум төгрөгийн цоорхойг энэ төслийн борлуулалтын орлогоор нөхөх чиглэлийг дээрээс өгснөөс үүдэж үнэ 4.8 сая болж өсөх төсөөлөл гарсан байдаг. Угтаа бол эцэслэн тогтоогүй, зөвхөн хувилбар төдий байсан санхүүгийн схемыг өнөөдөр "шинэ нээлт" мэтээр сүржин зарлаж байгаа нь цаанаа тун тодорхой зорилготой. Ер нь барилгын салбарын сайдын автортой жагсаалаас эхлээд алсын хараа, улс төрийн зураг, эрх мэдлийн тэмцэл юу байв гэдэг нь өнөөдөр тодорч гарч ирсээр байна.

Шийдэл ба нүүдэл

Сэлбэ дэд төв төслийг харлуулах тактикийн цаана улс төрийн шийдэл явж буйг улс төр гадарлах хүмүүс бэлхнээ харж байна. Төслийг анхнаасаа буруу, ашиггүй байсан мэтээр олон нийтэд ойлгуулж, өмнөх удирдлагуудад бурууг нь наах нь ээ. Дараа нь салбарын яам хуулийн заалтыг барин төрөөр дэд бүтцийг нь шийдүүлж, үнийг нь 3.7 сая болгож "хямдруулан", аврагчийн дүрээр гавьяаг өөртөө наах гэсэн бэлэн сценар харагдаж байгаа юм. Учир мэдэх хүмүүс ч ил цагаан хэлж ярьж байна.

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн багийн аль эрт тооцоод гаргачихсан байсан хамгийн боломжит хувилбарыг дараа нь өөрсдийн хийсэн шинэчлэл, улс төрийн ялалт мэтээр пиардаж, оноо авах хөрсөө өнөөдөр бэлдэж буй хэрэг юм.

Бодвол, сонсголын дараа төслийн багийн удирдлагыг сольж өнгөтэй өөдтэй хэрэгжиж байсан төслөө өөрсөд дээрээ наах биз.

Хаврын улс төрөөс болж зунаа алдах уу?

Улстөрчид ийнхүү эрх мэдэл, оноо цуглуулах тоглоомоо хийж байх хооронд хөрсөн дээр бодит хохирол амсаж буй талууд нь иргэд, үндэсний компаниуд болоод байна.

Хаврын улс төрийн тэмцэл, гацаанаас болж төслийн санхүүжилтүүд түгжигдэж, гүйцэтгэгч компаниуд бараа материалын мөнгөгүй, ажилчид нь цалингүй боллоо.

Барилгын улирал богинохон манай улсын хувьд хаврын улс төрөөс болж зуны алтан үеэ алдвал энэ төсөл урагшлах уу, ухрах уу гэдэг нь эргэлзээтэй болно.

Хамгийн чухал нь Сэлбэ дэд төв төслийг удаашруулах тусам өртөг нэмэгдэж гүйцэтгэгч нар алданги нэхэж, борлуулалт удааширч бүр л алдагдал хүлээх нөхцөл байдал үүсэж буйг улстөрчид нь эрх биш мэдэж буй байлтай.

Төсөл тойрсон улстөржилт хэтэрч, бодит тооцооллыг мушгин, өөртөө ашигтай дүр бүтээх гэсэн оролдлого нь эргээд Улаанбаатар хотын хамгийн том дахин төлөвлөлтийг гацаах аюултай. Олон нийт хэн нэгний оноо авах пиарыг биш, төслийн бодит үр дүн, иргэдэд очих өгөөжийг л хүлээж байна.