"Women Corporate Directors"-ын Монгол дахь салбар зөвлөлийн хурал болж, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн өрсөлдөх чадварын талаар хэлэлцлээ. Энэ удаагийн хуралд УИХ-ын гишүүн А.Ундраа, Х.Булгантуяа, Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл, М.Энхцэцэг болон ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нарын бизнесийн төлөөллүүд, салбар салбарын экспертүүд оролцсон.
Зөвлөлийн хурлаар салбарын экспертүүд илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо. Тухайлбал, Сант Марал” сангийн үүсгэн байгуулагч, судлаач Л.Сумати “Монголын нийгмийн сэтгэл зүйн динамик өөрчлөлт, түүнд хийх дүн шинжилгээ” сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. Тогтолцооны хямрал хэдийн нүүрлэж, иргэдийн эрх баригчдад итгэх итгэл улам суларч, орлогын тэгш бус байдал гаарсан талаар тэрээр дурдсан юм.
Мөн тэрээр “2010 оноос хойш манай улсад тогтолцооны хямрал эхэлсэн. Тэр талаар эрх баригчдаас ямар нэгэн үйлдэл явуулж чадахгүй байна. Уг нь түүнийг Үндсэн хуулиас эхэлдэг. Гэтэл косметик өөрчлөлт хийгээд орхичихсон. Тэр нь ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. Өмнө нь байснаасаа улам дордсон.
Тогтолцоогоо сайжруулахгүй бол цаашдаа байдал улам хэцүү болно.
Энэ бүхэн хэт алсын бус өмнө тулгарчхаад байна. Дэлхийн дэг өөрчлөгдөөд манай хоёр хөршийн байдал хэцүү байгаа.
Тогтолцооны хямралын нэг илрэл нь төрийн институтдээ итгэх итгэл нь үгүй болчхоод байна. Манай шүүх, УИХ, улс төрийн намууд, манай төрийн байгууллагууд итгэл авах хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Байдал улам дордоод байна.
Өөрчлөлтийг бид дор хаяж сонгуулийн хуулиасаа эхлэх хэрэгтэй. Дэлхий даяар том намууд хямралд өртөж байна. Ирэх сонгуульд гэхэд Их Британийн хоёр том нам хүнд байдалд орохоор байгаа. Герман, Польш ч мөн адил. Манайд ч гэсэн байдал яг адилхан болж байна.
Гэхдээ зохиомлоор жижиг намуудыг гаргахгүй байх сонгуулийн хууль гаргачихсан. Жижиг намуудаар сонирхлоо илэрхийлэх гэсэн иргэдийн бололцоог нь хаагаад байгаа. УИХ-д миний төлөөлөл байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй ч, судалгаагаар тийм төлөөлөл байхгүй гэж гарч ирж байгаа. Орлогын тухайд тэгш бус байна. Баян, ядуугийн ялгаа их болж. Орлогын ялгааг арилгах ёстой гэж судалгаанд оролцсон иргэдийн 40 хувь нь үзсэн. Үүнийг шийдэхгүй бол энэ бүхэн сайнаар дуусахгүй л дээ. Ийм нөхцөл байдалтай байхад популист нам, улс төрчид гарч ирээд байдлыг улам хүндрүүлж байна” гэсэн юм.
“Онч & Компани”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Ончинсүрэн “Татварын бодлогын өрсөлдөх чадвар: Монгол Улсыг бусад орнуудтай харьцуулах нь” сэдвээр илтгэл тавилаа. Татварын тухай хууль ид хэлэлцэж байгаа энэ үед түүний Монгол Улсын татварын бодлогыг гаднын орнуудтай харьцуулан судалсан анхаарал татаж байлаа. Тэрээр “Миний судалж, дүгнэснээр манай улсын татварын хувь энэ бүсдээ, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц байгаа. Ер нь татварыг тухайн байгууллага ашигтай ажиллаж эхэлсэн үедээ төлж эхлэх ёстой. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол үйл ажиллагаа явуулах, борлуулалт, худалдан авалт хийх бүрд ногдох ёстой. Хэзээ ч бизнест дарамт болох ёсгүй татвар боловч дарамт болсоор байгаа.
Тиймдээ ч бизнесүүд орлого олж эхлэхээсээ өмнө, хөрөнгө оруулалтын шатандаа явж байхдаа, үйлдвэрээ барьж байгуулж байх явцдаа маш их хэмжээний шууд бус татварууд төлөх шаардлага үүсэж байна.
Түүнээсээ болж санхүүгийн дарамт үүсэх, төсөл нь хойшлох, хугацаа нь удаашрах зэрэг сорилтуудтай тулгарч байна. Үүнийг шийдэх ёстой” гэв.

Соёл иргэншлийн харьцуулсан судалгааны олон улсын нийгэмлэгийн (ISCSC) ерөнхийлөгч Линн Роудс “Тусгай хамгаалалттай газар нутаг: Олон улсын манлайлал, түншлэл, шилдэг туршлагууд” сэдвээр тавьсан илтгэлдээ байгаль орчноо хамгаалах нь эдийн засгийн өсөлтөд ямар нөлөөтэй талаар ярилаа.
Түүний хувьд “Хүрээлэн буй орчинд гарч буй аливаа асуудалтай тэмцэх хуулиа чангалах хэрэгтэй.
Учир нь улс нэг системээс нөгөө систем рүү шилжиж байх үедээ, эсвэл тэр системдээ дасаж байх явцдаа, маш хурдацтайгаар хөгжиж байхдаа байгаль орчны асуудлыг орхигдуулдаг. Тэр үед байгаль орчин сүйтгэдэг хүмүүс авлигыг нэмэгдүүлэх орон зай үүсгэдэг.
Монгол Улс цаашдаа байгаль хамгааллын чиглэлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нь чухал. Эмэгтэй хүний генд байгалиасаа асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах чадвар суусан байдаг. Тиймдээ ч эмэгтэй хүн үр нөлөө үзүүлж, манлайлж чаддаг” гээд олон улсын хамгийн сайн туршлагуудын талаар онцоллоо.















