Энэ 6дугаар сард Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор (цаашид гурван улсынэдийн засгийн коридор гэнэ) байгуулах хөтөлбөр батлагдсаны 10 жилийн ой тохиожбайна. Яг энэ цаг үетэй давхцан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 6 дугаарсарын 13-15 өдрүүдэд Монгол Улсад айлчилж, хоёр улсын хөгжлийн стратегиудыгуялдуулахын зэрэгцээ шинэ эрчим хүч, ногоон үйлдвэрлэл, дижитал эдийнзасаг гэсэн гурван шинэ салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхстратегийн чухал санал дэвшүүллээ.

Энэ нь өнгөрсөн 10 жилд хүлээлтэд хүрч чадаагүй эдийн засгийн коридорын төслүүдийг шинэ агуулгаар баяжуулж, гацаанаасгаргах бодлогын шинэ цонх байж болох юм.
Эх сурвалж:https://mongoliadaily.substack.com/

Арван жилийн сургамж. Асуудал юунд байв?

Гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилт өнөөдөр бодит байдал дээр ямар түвшинд байна вэ? ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээчний саяхан хэвлүүлсэн судалгаанд маш тодорхой тоо баримтууд дурдагдсан байдаг [1]. Анх батлагдсан 32 төслийг 2024 онд шинэчлэн 33 төсөл болгохдоо хэрэгжих боломжгүй зарим төсөл (9 төсөл)-ийг хасаж, экспортод нэн чухал Ханги-Мандал болон Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын шинэ төсөл (10 төсөл)-ийг нэмж оруулсан. Гэвч нийт 33 төслийн хэрэгжилт өнөөдөр дөнгөж 34.8 хувьтай байна.

Ялангуяа коридорын амин сүнс болох төмөр замын төслүүд 26.4 хувь, эрчим хүчний төслүүд 0 хувийн хэрэгжилттэй буюу бүрэн гацаанд орсон хэвээр байна.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилт хүлээлтэд хүрч чадаагүй. Үүний хамгийн том шалтгаан нь "санхүүжилтийн дутагдал" болон төслүүдийн эдийн засгийн үр ашгийн тооцоолол сул байсантай шууд холбоотой [1, 2, 4]. Түүнчлэн, манай дотоод институцийн чадавх, бодлогын тогтворгүй байдал нөлөөлсөн. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тэргүүн 5 удаа солигдож, төсөл хариуцсан яам, агентлагийн бүтэц байнга өөрчлөгдсөн нь төслийн залгамж чанарыг алдагдуулжээ.

Гадаадын судлаачдын дүн шинжилгээгээр ч анхны төслийн жагсаалт нь нарийвчилсан судалгаа, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй ердөө л "төслүүдийн цэс" (Menu of potential projects) байсан гэж дүгнэж байна [2]. Мөн манай улс төрийн шийдвэр гаргалт удаан, байгаль орчны зөвшөөрөл олголт сунжирдаг, хууль эрх зүйн орчин тогтворгүй байдаг зэрэг нь олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалтын шалгуурыг хангахад хүндрэл учруулсаар ирсэн аж [1, 5]. Тиймээс талууд одоо хэт ерөнхий жагсаалтаас татгалзаж, илүү прагматик, хэрэгжих боломжтой цөөн төсөл дээр төвлөрөх бодлогын шаардлага үүсээд байна.

Тяньжиний дээд хэмжээний уулзалт ба гурван платформ, бодлогын уялдаа

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн санал болгосон хамтран ажиллах шинэ салбаруудыг коридорын төслүүдтэй уялдуулахын өмнө тус платформуудыг хэн, хаана дэвшүүлсэн болохыг авч үзье.

2025 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд БНХАУ-ын Тяньжин хотноо болсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25 дахь дээд хэмжээний уулзалтад 20 гаруй улсын удирдагчид оролцсон. Энэ нь тус байгууллагын 24 жилийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй хуралдаан байлаа. Уулзалтаар 2026–2035 оны ШХАБ-ын хөгжлийн стратеги, 24 баримт бичиг батлагдаж, Тяньжиний тунхаглал гарав. Яг энэхүү уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улс ШХАБ-тай хамтран ажиллах "Эрчим хүч, Ногоон үйлдвэрлэл, Дижитал эдийн засаг" гэсэн гурван томоохон хамтын ажиллагааны платформыг байгуулахаа зарласан билээ. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И уулзалтын дараа хэвлэлийн бага хурлаараа энэхүү гурван платформыг Тяньжиний найман гол үр дүнгийн нэг болгон дэлгэрэнгүй танилцуулсан.

Эх сурвалж: https://moderndiplomacy.eu/

Тэгвэл сая Ван И сайд Монгол Улсад айлчлахдаа дэвшүүлсэн "шинэ эрчим хүч, ногоон үйлдвэрлэл, дижитал эдийн засаг" гэсэн гурван салбарын хамтын ажиллагааны санал нь Тяньжинд байгуулсан ШХАБ-ын хэмжээний олон улсын санаачилгатай шууд утгаараа нийцэж байна. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн хоёр талын яриа биш, бүс нутгийн нийтлэг платформын суурин дээр тулгуурласан стратегийн санал, Хятадын зүгээс хоёр улс "бодлогоо уялдуулах" тал дээр маш өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж дүгнэж болохоор байна.

ШХАБ-ын Хөгжлийн банк

Эдгээр шинэ платформуудыг хөгжүүлэхэд мэдээж хөрөнгө оруулалт шаардлагатай. Энд ШХАБ-ын санхүүгийн архитектурт нэмэгдэж буй шинэ механизмыг онцлон тэмдэглэх нь зүйтэй болов уу.

2025 оны 9 дүгээр сарын 1-нд Тяньжиний дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах улс төрийн шийдвэр гарч, Монгол Улсын ашиглаж болох шинэ санхүүгийн суваг нэмэгдлээ. Арав гаруй жил яригдсан энэхүү банк одоо байгуулагдах тусгай ажлын хэсэг, зөвлөлдөх уулзалтуудаар дамжуулан хэрэгжилтийн шатандаа эрчимтэй орж байна. Хамгийн сүүлд 2026 оны 5 дугаар сарын 28-нд Бишкект гурав дахь зөвлөлдөх уулзалт болсон нь үүний баталгаа юм.

Банкны гол зорилго нь ШХАБ-ын гишүүн болон түнш орнуудын дэд бүтэц, эдийн засаг-нийгмийн хөгжлийг санхүүжүүлэх бөгөөд өмнө нь байсан ШХАБ-ын Банк хоорондын консорциум (SCO IBC)-ийн бүтцийн хязгаарлалтыг давж гарсан, зээлийн бие даасан эрхтэй олон талт институц болох аж. Монгол Улс ШХАБ-ын ажиглагч статустай боловч "сонирхогч гишүүн орнуудад" нээлттэй энэхүү банкинд оролцох боломжийг стратегийн тэргүүлэх чиглэл болгон авч үзвэл зохилтой. Энэ нь 0 хувийн хэрэгжилттэй байгаа эрчим хүчний төслүүд болон хил боомтын саатлыг бууруулах дижитал, ухаалаг логистикийн төслүүдэд шаардлагатай хөрөнгийг татах бодит хөшүүрэг болно.

Дүгнэлт

Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид зөвхөн дамжин өнгөрөх цэгийн байр сууринаас бус, идэвхтэй оролцогчийн хувиар хандах цаг болсон. 34.8 хувийн хэрэгжилттэй гацсан Гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг хөдөлгөхөд бидэнд улс төрийн тунхаглалаас илүүтэй бодлогын прагматик алхмууд хэрэгтэй байна.

Ван И сайдын санал болгосон ногоон, дижитал, шинэ эрчим хүчний салбарууд нь эдийн засгийн коридорыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх талбар мөн. Хамгийн гол нь Хятадын тал эдгээр платформоор дамжуулан хоёр улсын хөгжлийн бодлогыг гүнзгий уялдуулахыг чухалчилж байна. Бид "Гуравдагч хөршийн бодлого"-оо хадгалж, гадаад бодлогын тэнцвэрээ барихын зэрэгцээ, ШХАБ-ын хүрээнд шинээр бүрэлдэн бий болж буй олон талт санхүүгийн институциуд болон хамтын ажиллагааны платформуудыг анхааралтай ажиглаж, өөрийн эрх ашигт нийцүүлэн ашиглах нь зүйтэй.

Товч дүгнэхэд олон жил цаасан дээр яригдсан эдгээр төсөл хөрсөнд бууж, бодит ажил хэрэг болох эсэх нь бид дотооддоо хэр хурдтай шийдвэр гаргаж, төрийн залгамж чанараа хадгалан, хөршүүдтэйгээ бодлогоо хэрхэн оновчтой хоршуулж чадахаас л хамаарна.

Ашигласан эх сурвалж

1.Ё.Жаргалсайхан. (2026). "Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудал". The Mongolian Journal of Strategic Studies, Volume 36, No 99, 2026 (ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн).

2.Victoria Namzhilova. (2022). "Economic Corridor “China — Mongolia — Russia”: Infrastructure in Focus". RIAC (Russian International Affairs Council).

3.Natalia Sysoeva, Vera Rudneva. (2021). "Russian border regions in the economic corridor of China-Mongolia-Russia". Prace Komisji Geografii Przemysłu Polskiego Towarzystwa Geograficznego, 35(2), 53–63.

4.Nanchen Chu, Xiangli Wu, Pingyu Zhang. (2022). "Cross-Border Accessibility and Spatial Effects of China-Mongolia-Russia Economic Corridor under the Background of High-Speed Rail Environment". Int. J. Environ. Res. Public Health, 19, 10266.

5.UNESCAP (United Nations Economic and Social Commission for Asia and the Pacific). (2024). "Capacity building workshop on strengthening connectivity along the China-Mongolia-Russian Federation Economic Corridor".