УИХ-ын 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд албан тушаалаасаа түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийв.
Д.Энхтүвшин: -Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болоод үндэсний эв нэгдэл, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах, ард иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулж байна. Иймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нэр холбогдсон зүйлүүдээ шалгуулах ёс зүйн шаардлага хүргүүлж байна. Энэ нь анх даа тавьж байгаа шаардлага биш. Өмнө нь Монгол Улсын өмнөх Ерөнхий сайд, намын дарга энэ асуудлыг Д.Амарбаясгалан даргад тавьж байсан. Мөн АН-ын бүлэг хуралдаж нэр холбогдоод байгаа асуудлаа шалгуулаач, тэр болтол УИХ-ын чуулганыг даргалах нь ёс зүйд нийцэхгүй гэдэг шаардлага тавьсан.
Энэ шаардлагыг МАН-ын бүлгийн гишүүд зөв зүйтэй, нийгэмд тодорхойгүй байдал үүсгэх нь наанадаж намын, хувь хүнийх нь хувьд, цаанадаж улс эх орны асуудал байгаа учраас өөрөө саналаараа асуудлаа шалгуулаач гэдэг орон зайг өгч байна. Түүнээс огцруулах бичиг хүргүүлээгүй.
Д.Үүрийнтуяа: -УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний элч байдаг. Бид УИХ-ын гишүүнээр сонгогдоод, тангараг өргөхдөө Монгол Улсын нийт ард иргэд, үндэсний эрх ашиг, улсын тусгаар тогтнолын төлөө Үндсэн хуулийг эрхэмлэн сахиж авлига, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид байна гэж тангараг өргөсөн. Тийм учраас өнөөдөр УИХ-ын гишүүний хувьд авлига, ашиг сонирхлын асуудалтай холбогдож, нүүрсний хулгайн зохион байгуулалттай хэрэгт оролцсон байх магадлалтай гэж нэр холбогдож байгаа УИХ-ын даргад бид зарчмын шаардлага, хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн албан бичгийг хүргүүлж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоогүй эсвэл холбогдсон гэдгийг шүүх тогтоох ёстой. Энэ шүүхээр тогтоох процессыг шударга, хууль тогтоомжийн дагуу явуулахын тулд УИХ-ын гишүүн болон даргынхаа бүрэн эрхээс түдгэлзээд, шалгуулаач гэж байгаа юм. Авлигатай тэмцэх шударга ёсны зарчимд манлайлалтай хандаж өөрийнхөө нэр төрийг сэргээн, шалгуулах байх гэж найдаж байна. Үндсэн хуулиар УИХ-ын дарга гэдэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг эзгүйд орлох эрхтэй субъект. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлийг илэрхийлэгч албан тушаалтан.
Ж.Энхбаяр: -Төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа хүн ёс суртахууны, ажил мэргэжлийн, улс төрийн туршлагатай цэвэр хүн байх ёстой. Сүүлийн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой үндэсний аюулгүй байдалд харш ч байж болох мэдээллүүд ирж байна. Монголын ард түмэн баялагтаа эзэн байхыг хүсэж байгаа. Баялагтаа эзэн гэдэг үзэл санааг хэрэгжүүлэхэд УИХ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, улс төрийн манлайллыг үзүүлэх ёстой. Улс төрийн бүх нам энэ бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Иймд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрс түүнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийг шалгуулж, нэрээ цэвэрлэтэл УИХ-ын дарга хэмээх энэ албан тушаалаа хаших эрхгүй гэж үзэж байна. Хууль хяналтын байгууллага үүнд хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллах ёстой. Монголын ард түмэнд тайлбарлах ёстой. Тиймээс УИХ-ын 35 гишүүн УИХ-ын дарга албан тушаалаасаа түдгэлзэж шалгуулах ёстой гэж үзэж байна.















