Монгол, Германы боловсролын хамтын ажиллагааны 100, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Өчигдөр эл ойг тохиолдуулан зохиолч Ч.Болд “Өрнөдөд сурахаар одогсод” гэрэл зураг, баримтат түүх өгүүлсэн номоо нээж, “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёлын үдшийг толилууллаа.

Яруу найраг, дуурь, балет, драмын үзүүлбэр хосолсон соёлын үдшийг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц нээж үг хэлэхдээ, “Өрнөдөд анх сурахаар одсон залуусын үлдээсэн өв өнөөдөр ч Монгол, Германы боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбар дахь нягт түншлэлээр үргэлжилж байна. Энэ нь Германд суралцаж, судалгаа хийж, ажиллаж байгаа олон авьяаслаг монгол залуусын үйл хэрэгт тусгалаа олсон юм” хэмээн онцолсон.

Эдгээр арга хэмжээ Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрт болсон бөгөөд энэ үдэш Германы суут хөгжмийн зохиолч В.Моцартын “Увдист лимбэ” дуурийн “Шөнийн хатан” ари эгшиглэж, Донровын Намдагийн “Оролмаа эх” жүжгийн сэдэл болсон бодит үйл явдлаас сэдэвлэсэн дуугүй кино, монологийг сонордуулав. Өрнөдийг зорьсон залуусын нэг нь 15 настай хүү байсан нь их зохиолч Д.Намдаг билээ.

Мэдээж Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурь, “Од” шүлгээс нь толилуулсны сацуу зураач Төрийн соёрхолт Лувсанцэрэнгийн Намхайцэрэнгийн зургаас санаа авсан богино хэмжээний хөдөлгөөнт мэндчилгээ содон байв. Л.Намхайцэрэн бол мөн л Өрнөдрийг зорьсон анхны залуусын нэг бөгөөд Монгол Улсын тайзны анхны зураач, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын анхны дарга, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий зураачаар ажилласан эрхэм билээ.




















.jpeg)


.jpg)





