Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ. Ингэснээр соёлын өвийн орчны аюулгүй байдлыг сайжруулах, музейн орон зайн хүртээмж, үзэмжийг нэмэгдүүлэх, архитектурын онцлог, ур хийц, дүр төрх, соёлын давтагдашгүй үнэ цэнийг тодотгох, нийслэл хотын түүхэн дүр төрх, соёлын аялал жуулчлалын орчныг баяжуулахад чухал хувь нэмэр оруулж байна.

“М-Си-Эс” групп монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготойгоор “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг 2019 оноос санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд энэ удаа Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийг шинэчлэх төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэн, өнгөрсөн баасан гарагт гэрлээ асаасан нь энэ.

Энэхүү хөрөнгө оруулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн татварын 22.9-д заасан татварын нэг хувийн хөнгөлөлтийн хүрээнд санхүүжүүлсэн ч түүх, соёлын дурсгалаа хадгалж, хамгаалах ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд уг хуулийг хэрэгжүүлэхээс өмнө хийж ирснийг “М-Си-Эс” группийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжил хариуцсан захирал Б.Солонго онцолсон. Тодруулбал, Чойжин ламын сүм музейд өнгөрсөн жилүүдэд хоёр га эдэлбэр газрын тохижилтын төслийг хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 метр кв ногоон байгууламж, 1500 метр кв авто зогсоол, 1600 метр кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулаад буй. Захирал Б.Солонго “Мод ургамал, авто зогсоол, зам гэх мэт хүний нүдэнд харагдах бүтээн байгуулалтаас гадна Чойжин ламын сүмийн дурсгалт барилгын хадгалалт, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг олон улсын мэргэжлийн экспертээр хийлгэж, бэлэн болгосон. Өнөөдрийн энэ бүх үйл ажиллагаа тэр л төлөвлөгөөний дагуу хийгдэж буй. Мөн Ядам сүм болон Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төсвийг гүйцэтгүүлсэн. Зураг нь бэлэн байсан учраас Ядамын сүмийг АНУ-ын Элчин сайдын яамны “Ambassador” сангаас санхүүжүүлж, сэргээн засварласан. Өөрөөр хэлбэл, соёлын өвийг сэргээн завсарлах дараа дараагийн хаалгыг нээхэд “Өв эрдэнэ” хөтөлбөр тус дөхөм болж байна. Ер нь төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага хамтран нийгмийн чиглэлийн олон төслийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдсэнийг ашиглаад тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтой” хэмээн тодотгосон юм.
Монголын урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийн хүрээнд зураг төсөл, төсвийг нь Италийн гэрэлтүүлгийн технологийн тэргүүлэгч “iGuzzini” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Аззурра” компанитай хамтран боловсруулж, гүйцэтгэгчээр “Смарт & Симпл” компани ажиллажээ.
Гэрэл асаах үеэр “iGuzzini” компанийн гүйцэтгэх захирал Кристиано Вентурини “Орчин цагийн хотын төвд хуучин үеийн сүм байгаа нь асар сонирхолтой агаад энд соёл, өв, түүх хийгээд хамаг зүйлс огтлолцож байна гэлтэй. Миний бие төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үргэлж дэмждэг. Соёлд гэрэл авчрах энэ хамтын ажиллагаа хойшид үргэлжлэх нь чухал юм. Агуу зохиолч Ф.Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” хэмээсэн. Хэрэв бид тэр гоо сайхныг харж чадахгүй бол яах билээ гэж та бүхэн бодоод үзээрэй” гэж байлаа.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёлын өвийн үндэсний төв, Чойжин ламын сүм музейн төлөөлөл болон захиалагчийн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг хэрэгжилтэд нь хяналт тавьсан байна.
Ташрамд дурдахад, “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд, Сэцэн хааны ордон тэргүүтэй нийт 15 төсөлд 3.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, төслийн удирдлагыг амжилттай гүйцэтгэж байна.
















