-НЭМГ-ын дарга гурван жилийн хугацаанд найман удаа солигджээ-
ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлээ олон нийтэд нээлттэй болголоо. Тус илтгэлд Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг асуудлыг онцгойлон хөнджээ.
Өөрөөр хэлбэл, үе үеийн Эрүүл мэндийн сайд нарын хэн нь ч эмнэлгүүдийг улс төрөөс салгаж чадсангүй. Тийм хүсэл сонирхол ч байсангүй. Өнгөрсөн онд Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа “Эмнэлгийн даргыг сайд биш ТУЗ нь томилдог болгоно” гэж байсан ч ам ажил зөрсөөр албанаасаа буув. Тиймээс одоогийн сайд Э.Батшугар эрүүл мэндийн салбарыг өнгөрсөн хугацааны их улстөржилтөөс салгахын тулд ТУЗ-ийг хуульд нийцүүлэх, шалгуур, шаардлага, хяналт хариуцлагыг маш тодорхой болгохгүй бол хууль дүрэм зөрчигдсөөр 20 гаруй жил боллоо. Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалдаг эрүүл мэндийн салбар улстөрчдийн дохио зангаагаар хөдөлсөөр хөгжих биш хөлжигсчдийн үүрээ засдаг газар болов.
Уг нь Төлөөлөн удирдах зөвлөл нь эрүүл мэндийн байгууллагын бие даасан байдлыг хангахад чиглэдэг бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн нийт 51 эрүүл мэндийн байгууллага хуулийн дагуу ТУЗ-тэй байх ёстой.
Гэвч 2025 оны байдлаар 13 эмнэлэг ТУЗ-тэй, харин хууль батлагдсанаас хойш дөрвөн жилийн дараа буюу 2020 оноос хамгийн анхны ТУЗ байгуулагдсан нь хуулийн хэрэгжилт хангалтгүй эсвэл удирдлагын энэ хэлбэр манай хөрсөнд буухгүй байгааг илтгэнэ гэдгийг комиссын илтгэлд онцоллоо.
Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, ажилтнууд ТУЗ-ийн талаар нэгдсэн ойлголтгүй, тавигдах шалгуур, хариуцлага тодорхой бус, хуульд заасан хугацаандаа хурлаа зохион байгуулахгүй байгаа талаар судалгаанд дурджээ.
Иймд төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын засаглалыг сайжруулах хүрээнд эрх зүйн статусын талаарх ойлголтыг тодорхой болгохын зэрэгцээ ТУЗ-ийн гишүүдийн шалгуур, хариуцлагыг нарийвчлан тогтоох, улс төрийн болон ашиг сонирхлын нөлөөллөөс ангид байлгах, ТУЗ-ийн үйл ажиллагааг тогтмолжуулах, үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, хариуцлага тооцох механизмтай байх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай. Түүнчлэн, улс төрийн тогтворгүй байдал, үүнээс шалтгаалсан төрийн захиргааны болон үйлчилгээний албаны удирдах, гүйцэтгэх шатны хүний нөөцийн халаа сэлгээний асуудлаас хамаарч бодлогын залгамж чанар, салбар болон байгууллага хоорондын уялдаа холбоо алдагдаж байна гэж үзжээ.
Кейс 1:
- “…Уг нь эмнэлгийг улс төр, яамны нөлөөллөөс ангид байлгахын тулд ТУЗ-тэй байхаар зохицуулсан, гэтэл өнөөдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга буюу яамны төсвийн шууд захирагч ТУЗ-ийн дарга болчихоор энэ нь асар их ашиг сонирхлын зөрчлийг үүсгэж байна. Эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүждэг болсон байхад эрүүл мэндийн салбарын хүн гэхээс илүү сайн хуульч, бизнес санхүүгийн зэрэг тухайн салбарын мэргэшсэн хүн байх нь хамгийн зөв. Мөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаа дууссан байхад ТУЗ-ийн хуралд оролцдог, дотоод асуудлыг шийдвэрлэдэг, ирц хүрэхгүй байхад хуралддаг зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болдог.
Энэ мэт ТУЗ-ийн хууль бус үйл ажиллагааны талаар хаана гомдол гаргах, хэн, хэрхэн хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Тухайлбал, төсвийн дээд хязгаарыг ЭМЯ тогтоодог байхад ТУЗ нь орж ирээд бүх зардлыг нарийвчилдаг, ЭМЯ орон тоог 750-иар тогтоож, цалин төсвөө баталдаг. Гэтэл ТУЗ 950-иар баталдаг, энэ зөрүүнээс үүсэх алдагдлыг хэрхэн зохицуулах зэрэг хүндрэл гардаг. Манай эмнэлгийн хувьд ТУЗ-тай болсны ганц авууштай ажил нь өнгөрсөн онд 13 дахь сарын цалин олгосон явдал…”
(ХЭҮК-оос төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөлтэй хийсэн ярилцлагаас, 2026.03.17)
Кейс 2:
- “…2023 оны 02 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга 8 удаа солигдсон. Энэ нь улс төрийн нөлөө, улстөрчдийн дарамт шахалт их орж ирдэгтэй холбоотой. Үүнээс шалтгаалж төрийн бодлого тасралтгүй байх зарчим алдагдаж, ажилтнуудын хариуцлага сулрах, талцах, улмаар байгууллагын үйл ажиллагаа алдагдах зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна…”
(ХЭҮК-оос ЭМБ-ын удирдах ажилтнуудай хийсэн уулзалтаас, 2026.03.19)
Иймд аливаа сонгуулийн үр дүн, салбарын сайд, аймаг, нийслэлийн удирдлага өөрчлөгдөх байдлаас үл хамаарч ЭМБ-ын удирдлага, ажилтнууд тогтвортой байх, төрийн бодлого, үйл ажиллагаа тасралтгүй хэрэгжих нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн тогтолцооны өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийсэн байна.




.jpeg)



.jpg)







