Эрүүл мэндийн салбарын 2027 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр болов. Ирэх оны Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлахаа Засгийн газраас мэдэгдээд буй бөгөөд эл салбарын төсвийг ДНБ-ий дөрвөн хувьд хүргэхээр тооцсон нь 4.7 их наяд төгрөг болж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын төсөв ДНБ-ий гурван хувиас хэтрээгүй явж ирсэн байдаг. Гэхдээ ирэх онд улсын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг өмнөх онуудынхаас өсгөөгүй байх агаад дийлэнх зардлыг эл салбарынхны цалин, хөлс эзлэхээр байна. Тодруулбал, энэ оны эхнээс тэдний цалинг 30 хувиар нэмэгдүүлж, ирэх оноос 75 хувиар өсгөхөөр тооцож 825 тэрбум төгрөгийг тусгаж.
Түүнчлэн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах төвийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсний дагуу 84.4 тэрбумыг нь тухайн оны төсөвт оруулан тооцсон нь томоохон зардал болж буй аж. Уг төвийг нийт 140 тэрбум төгрөгөөр барьж буй. Мөн 41 жилийн настай Улсын гуравдугаар төв эмнэлгийг их засварт оруулахад 31.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол ГССҮТ-ийн барилгыг хүчитгэхэд 1.6 тэрбумыг тусгуулах санал гаргажээ. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах төсөлд 2.5 тэрбум төгрөг зарцуулах гэнэ.
















