Монгол Улс өнөөдөр тэвчих болох бүх зардлаа танаж, бүсээ дээд зэргээр чангалахаас аргагүй нөхцөлтэй нүүр тулсан. Дээр нь нэмээд багш, эмч нар ажил хаяж тэдний цалинг нь нэмэхээс өөр сонголтгүй үлдэв. Тэр хэрээр төсөвт төлөвлөөгүй зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэж орж ирж байгаа. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, эрх баригч нам, их хурлын гишүүд ирэх оны төсвөө батлахад ихээхэн хүндрэлтэй байдалд орж, ёстой л хаанаас хэмнэж, хасаж танаж болох вэ хэмээн толгой гашилгаж сууна.

Тэгвэл МАН-ын бүлэг хэлэлцээд цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд  төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 1.1 тэрбумаар бууруулж байгаа. Харин нийгмийн даатгал, халамж, эрүүл мэндийн даатгалын сан, боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, гамшиг ослоос хамгаалах эрэн хайх аврах ажиллагааны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний хүүгийн зардал, гадаад зээл тусламжаас санхүүжих урсгал зардал болон хүүхдийн мөнгийг хэвээр нь үлдээхээр төсөвт тусгасан байна. Харин эдгээрээс бусад  зардлыг 10-13 хувиар бууруулахаар тооцжээ. Мөн тухайлсан зардал буюу УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээж авах болон ЗГХЭГ-ын зардал, соёл спорт, аялал жуулчлалын салбарын татаас, улсын хэмжээнд эрүүл мэнд боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах зэргээр нийт 1.1 их наяд төгрөгийн зарлагыг бууруулахаар төлөвлөсөн.

Үндсэндээ, эрхэм гишүүд маань ам л ангайвал “Төсөв мөнгөгүй, боломжгүй. Хэмнэе, таная” гээд байгаа.

Гэтэл МАН-ын бүлгийн хуралдаан дээр 180 тэрбумын “асуудал” орж иржээ. Ирэх оны төсөв дээр бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлж хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх гэж шургуулж орж ирсэн 180 тэрбум ихээхэн учир битүүлэг мөнгө аж.

Тодруулбал, Г.Занданшатарын Засгийн газрыг аварч үлдэх кноп дарсан, тэр дундаа орон нутгаас сонгогдсон гишүүдийн шан харамжийг ийнхүү бүсчилсэн хөгжил нэрээр өөхөнд боож оруулж ирсэн бололтой. Гэвч энэ мөнгө зөвхөн МАН-ын гишүүдээр тогтохгүй сөрөг хүчнийхэнд ч хүртээлтэй гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

Тэгэхээр Тусгаар тогтнолын ордноос Төрийн ордон руу орж ирж цаашлаад УИХ, Засгийн газрын хэмжээнд хүртэл хальж төрийг хямрал руу түлхсэн МАН-ын дотоод зодоон, улс төрийн “авлига”-д зарцуулах 180 тэрбумыг Засгийн газар нь төсөвт суулгаад, түүнийг нь парламентын гишүүд дэмжиж, хаацайлаад сууж байж таарах уу. Хэрэв тийм бол шударгын дүр эсгэж айхтар улс төржөөд байсан  сөрөг хүчин эрх баригч намтайгаа нийлээд татварын төлөгчдийн мөнгийг улс төрийн ашиг сонирхлоор “цавчиж” суугаа гэсэн үг биш үү. Угтаа энэхүү улс төрийн “зодооныхоо” авлига болгосон 180 тэрбум төгрөгийг цалин тэтгэвэр, цаашлаад хоолойд тулсан хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах боломжтой биш гэж үү.