Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь хүүхдийн эрх хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Хүүхдийг ивээх сан олон улсын байгууллагатай хамтран “Кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх” цогц сургалтыг нийт 9 удаа амжилттай зохион байгуулж, хаалтаа хийлээ.

Энэхүү сургалт нь тодорхой кейсийн хүрээнд үйлчилгээ хүргэх, зохицуулах, холбогдох шийдвэр гаргахад хүндрэл үүссэн тохиолдолд хамтарсан багийн гишүүд  хэрхэн амжилттай, үр дүнтэй хэлэлцүүлэг зохион байгуулах болон тулгарсан асуудлыг зөв шийдвэрлэх арга, техник эзэмшүүлэх зорилготой.

Хаалтын буюу 9 дэх удаагийн сургалтад Хан-Уул дүүргийн 1-25 дугаар хороо болон дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн нийт 40 орчим нийгмийн ажилтан,  сэтгэл зүйчид оролцож, кейс хэлэлцүүлэг өрнүүлэн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв.

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга М.Өнөрсайхан хагас жилийн хугацаанд амжилттай хамтран ажилласан Хүүхдийг ивээх сан олон улсын байгууллагын хамт олонд болон сургалтад идэвх зүтгэлтэй оролцсон сэтгэл зүйчид, нийгмийн ажилтнуудад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Тус сургалтыг 2026 оны 05 дугаар сараас хойш үе шаттайгаар зохион байгуулж, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйчид, 1-25 дугаар хорооны засаг дарга нар, хэсгийн байцаагчид, хамтарсан багийн гишүүд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд нарын 315 хүн хамруулав.