Өнөөдөр бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх, эсэхийг шийдэх онцгой өдөр. Удтал хүлээлгэж, улс төрийн нам, фракциудын дунд ширүүн тулаан өрнүүлсний эцэст ийнхүү Ерөнхий сайд, хамтарсан Засгийн газар байх уу үлдэх үү гэдгийг шийдвэрлэх мөч ирлээ. Засгийн газрын тэргүүн байнгын хороо, чуулганы хуралдаанд гишүүн нэг бүрий асуултад нээлттэй хариулна.
Эхний ээлжинд УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдаж тодорхой хэмжээний саналуудаа нэгтгэнэ. Гэхдээ бүлэг дээр бүрэн хайрцаглагдах нь юу л бол. Хувь гишүүд бүрэн эрхээ эдлэх учиртай.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэхийг шийдэх хамгийн эхний даваа бол Төрийн байгуулалтын байнгын хороо. Дандаа парламентад суудалтай нам, бүлгийн дарга нар багтдагаараа хамгийн “чанга” гэгддэг тус байнгын хороо 25 гишүүнтэй. Ерөнхий сайд энэ байнгын хорооны “шүүлтүүр”-ийг хэрхэн давахаас, хэр галтай, эсэргүү асуулт асуухаас чуулганы уур амьсгалд чухал нөлөөтэй.
Эхнээсээ Ерөнхий сайдыг сөрөөд унагаагаад эхлэх юм бол чуулганаар дэмжигдэх магадлал суларч мэднэ. Харин дэмжсэн, итгэл хүлээлгэсэн өнгө аястай явчих юм бол тэр хэрээрээ үлдэх магадлал өндөр болох ч боломжтой. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд ихэнх нь “том”-чууд. Байнгын хороог Ж.Бат-Эрдэнэ гишүүн даргалдаг. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас гадна парламентад суудалтай намын дарга нар болох гишүүн Н.Номтойбаяр, Л.Гантөмөр, Т.Доржханд, Б.Батбаатараас гадна МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрөө багтдаг.
Түүнчлэн хамтарсан Засгийн газрын 10 сайд болох Н.Учрал, Л.Энх-Амгалан, Л.Гантөмөр, Ц.Туваан, Э.Одбаяр, Т.Доржханд, С.Бямбацогт, С.Амарсайхан, О.Алтангэрэл кноп дарна. Нөгөө талд сөрөг хүчнээс О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Х.Баттулга, Ө.Шижир, Ж.Баярмаа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Э.Болормаа, О.Номинчимэг, С.Зулпхар, Э.Одбаяр, Г.Уянгахишиг, Ц.Сандаг-Очир нарын гишүүн тус байнгын хороонд харьяалагддаг. Эдгээр 25 кноп хаашаа эргэхээс шалтгаалж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үлдэх үү, огцрох уу гэдгийг шийдэх эхний галтай шийдвэр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр гарна.