Улс төрийн нэг намын дотоод асуудал төрийн хямрал хүртлээ томорч, даамжирлаа. Эрх баригчид ээлж дараалан эрх ашгаа хамгаалсан мэдэгдэл хийж байгаагаас биш улс орныхоо ажлыг урагшлуулъя гэдэг нь цөөрөв. Тэр байтугай парламентад 42 суудалтай сөрөг хүчин улс орноо бодох биш эсрэгээрээ улс төрийн зодоонд татагдаж, төсвөө буцааж татах шаардлага хүргүүлээд сууж байна. Ийн намрын улс төр дээд цэгтээ хүртэл халахын хэрээр УИХ дахь АН-ын бүлгийнхэн нэгдмэл байр сууриа алдаж нэг хэсэг нь Засгийн газрыг огцруулъя гэж байгаа бол нөгөө хэсэг нь аварч үлдэнэ хэмээн гарын үсгээ “үнэлээд” гүйлдэж байгаа нь олон нийтийн өмнө ил тод өрнөж байна. Ингэж төрийн эрхийг барьж, бодлого боловсруулж буй МАН, АН гэсэн хоёр том намын үл ойлголцлын гороор Монгол Улс өнөөдөр төсвөө хэлэлцэж чадахгүй, хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал нь ч хурал хуйгаа хийж чадахгүй болтлоо хагарч, хямарлаа. Ер нь улс орны ажил дан ганц Төрийн ордонд ч биш яам, агентлаг, дүүрэг, хороо гээд бүхий л шатандаа гацаж хүлээлтийн байдалд орсон нь бодит үнэн.
Монгол Улсад өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бий. Гэтэл улс орны ажил ухарч, гацаад удаж байхад МАН, АН-аас бусад улс төрийн намуудын дуу хоолой хаачив. Зүй нь өнөөгийн нөхцөлд 30 гаруй нам гарч ирээд эрх баригчдад төрийн ажлаа явуулах шахалт шаардлага тавьж, энд тэндгүй бужигнаж байх байтал чимээ сураг ч алга.
Тэд том намын халаасанд оров уу, хаачив. Ингэж хардахын учир нь улс төрийн намын санхүүгийн тайланд тусгасан хөрөнгийг нь харвал эрх баригч буюу МАН 32 тэрбумын хөрөнгөтэй. Харин сөрөг хүчин болох АН нэг тэрбум гаруй, ХҮН 113,7 сая, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 41.2 сая, ШИНЭ нам 23.8 сая, ИХ нам 20 сая, ИЗНН 16.9 сая, Монголын ногоон нам 15.9 сая, Монголын Либериал Ардчилсан нам 14.8 сая зэргээр хөвөрнө. Өөрөөр хэлбэл, МАН-ын хөрөнгө АН-ынхаас 32 дахин их. Хөрөнгийнхөө хэмжээгээр эхний тавд Л.Оюун-Эрдэнэ даргатай МАН, Л.Гантөмөр даргатай АН, Т.Доржханд даргатай ХҮН, Б.Жагар даргатай Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 41.2 сая, Ц.Гантулга даргатай ШИНЭ нам 23.8 сая, Ө.Баяраа даргатай ИХ нам 20 сая төгрөгийн хөрөнгөөр жагсаж байна. Тоймловол, улс төрийн 27 намын хөрөнгө нийлээд 1 тэрбум 344 сая буюу МАН-ын 32 тэрбумын хөрөнгөний дөрвөн хувьтай л тэнцэж байгаа юм.

Улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбож харвал АН-аас УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. МАН-ын даргын маргаан, эрх баригчдын хагарал талцал нь Монголын төрийн зовлон болж, цаашлаад УИХ, гүйцэтгэх засаглалын ажлыг гацаана гэж үзэж буй. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг авлига албан тушаалын хэрэгт холбогдсон асуудлаа нэг тийш болготол УИХ-ыг даргалахгүй байхыг, мөн МАН-ын даргын асуудал албан ёсоор шийдэгдэх хүртэл Засгийн газрыг 2026 оны төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төсвийн төслөө эргүүлэн татахыг шаардсан.
Харин Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Нүүрстэй холбоотой бүхий л асуудлыг хянан шалгах тогтоолын төсөлд манай эвслийн гишүүд гарын үсэг зурлаа. Мөн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж гарын үсэг зурсан. Намын дотоод асуудлаа улсын зовлон болгосон, бодит байдал энэ. Хуулийн байгууллагыг улстөрийн бороохой болгож ашиглаж болохгүй. Эдийн засгийн үзүүлэлтийг харвал муу нь өсөж, сайн нь буурчээ. Энэ Засгийн газрын бүрэлдэхүүн үнэхээр чадамжгүй байна. Бид орж ажиллая, нуугаад байх юм алга. Унхиагүй, асар их асуудал дагуулдаг хүмүүсийг сольж чаддаг хүмүүс нь орж ажиллая, би өөрийгөө бүрэн чадна гэж бодож байгаа. Үндэсний эвсэл дараагийн Засгийн газарт орж ажиллахын төлөө гарын үсэг зурсан” гэдэг мэдээллийг хийсэн. ИЗЗН, ХҮН-ын гишүүд нь ганц нэгээрээ л байр сууриа илэрхийлснээс биш бусдаар нам, намын дарга нь албан ёсны шаардлага мэдэгдэл өрнүүлж акц хийсэнгүй.
Энэ бүхнээс харвал улс төрийн намууд сонгууль болохоор л “амь” орж, санхүүжилт олгох болгохоор гарч ирдэг хуучин тогтолцоо, хэвшмэл ойлголт өнөөдөр ч хэвээрээ буй бололтой.
Уг нь Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүрэн ил болох, хариуцлагатай, дотоод ардчилалтай байх эрх зүйн боломж баталгаажсан. Үүний хамгийн том хөшүүрэг бол татвар төлөгчдийн мөнгөөр улс төрийн намуудын зардлыг хуваалцах зохицуулалт юм. Ийн сонгуулийн үр дүнгээр шинэ парламент бүрдэхтэй зэрэгцээд улс төрийн намууд ч хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж төлөвших шатандаа орж байгаа. Гэвч өдгөө хуучнаараа л улс төрийн намууд идэвхгүй, улс орны бодлого шийдвэрт дуу хоолойгоо өргөхгүй, халаасны гэдэг тодорхойлолт өөрчлөгдсөнгүй.
Шинэ зохицуулалтаар нам, эвсэлд 2026 онд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг СЕХ-ноос гарсан. Энэ дагуу ирэх 2026 онд МАН 3.363.948.720 төгрөг, Ардчилсан нам 2.568.083.760 төгрөг, ХҮН нам 756.799.560 төгрөг, Үндэсний эвсэл 376.976.160 төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 275.940.720 төгрөг, Үнэн ба зөв нам 161.500.680 төгрөгийн санхүүжилт улсын төсвөөс авах нь. Өөрөөр хэлбэл, дээрх 7 улс төрийн нам нийт 7.871.553.360 төгрөгийн санхүүжилт төрөөс авах аж. Гэтэл тэдний дуу хоолой улс төрд алга.
Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэ үйлчлэлээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37-н намаас 28 нь 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Энэ дагуу намуудын хөрөнгө орлогыг хүссэн хүн бүхэн алган дээрээ тавиад харах боломж бүрдэж байгаа.бүхэн алган дээрээ тавиад харах боломж бүрдэж байгаа.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37-н нам
1 Монгол Ардын нам /МАН/
2 Ардчилсан нам /АН/
3 Монголын Ногоон нам /МНН/
4 Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
5 Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
6 Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/
7 Эх Орон нам
8 Монголын Либерал нам /МЛН/
9 Бүгд найрамдах нам /БНН/
10 Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам /МЭҮНН/
11 Монголын Социал Демократ Нам
12 Ардтүмний нам /АТН/
13 Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/
14 Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
15 Иргэний хөдөлгөөний нам /ИХН/
16 Хөгжлийн хөтөлбөр нам
17 Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
18 Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
19 ХҮН нам /ХҮН/
20 Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
21 Монгол Консерватив нам /МКН/
22 Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
23 Ард түмний хүч нам
24 Монголын хүний төлөө нам
25 Үнэн ба Зөв нам
26 Зон олны нам /ЗОН/
27 Дэлхийн монголчууд нам (ДМН)
28 Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
29 Их эв нам /ИЭН/
30 Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
31 Миний Монгол нам /ММН/
32 Монгол шинэчлэлт нам /МШН/
33 ШИНЭ нам /ШН/
34 Зүй ёс нам /ЗЁН/
35 Ардчилал шинэчлэлийн нам
36 Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/
37 Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/
















