Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хамтарсан Засгийн газрын суудал ганхаж эхэллээ. Засгийн газрын тэргүүнийг огцруулах олон нийтийн жагсаал, шаардлагатай зэрэгцэн эрх баригч намын бүлэг өчигдөр Л.Оюун-Эрдэнийг “байцаав”. Улмаар бүлгийн хурал тарахдаа МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг зарлан хуралдуулахаар болсныг албан ёсоор мэдэгдсэн нь эрх баригч намынхан багагүй толхилцсоныг харуулж болохоор.
Бүлэг дээрээ асуудлаа ярьсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын уулзалт хаалттай хаалганы цаана 3-4 цаг үргэлжилсэн. Энэ зуур саарал ордон болоод хэвлэл мэдээллээр төрөл бүрийн л бор шувуу нислээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг ажлаа өг гэсэн бол Ерөнхий сайд хамтарсан засгаа хамгаалж үлдэнэ, мега төслүүдээ явуулна. Үгүй бол огцорно гэсэн зэргээр янз бүрийн таамаг төсөөлөл хөвөрлөө. Мөн спикер, ЕТГ-ын дарга, улс төрийн намын удирдлагууд ч ил, цагаан уулзаж тэр хэрээр Төрийн ордон “гал”-тай бужигнаантай өнжив. Ийн эцэс төгсгөлгүй уулзалтын дараа эрх баригч нам Бага хурлын товоо тогтоосноор даваа гарагийн улс төр түр намжсан гэхэд болно. Харин ажлын цаг дууссаны дараа хаана, юу өрнөснийг таамаглашгүй.
Эрх баригч нам Бага хурлаа лхагва гарагийн 15:00 цагт товлолоо. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувиар Бага хурлаа хуралдуулах гэж байна. Тэр хэрээр Бага хурал дээрээ хамтарсан Засгийг газрын хувь заяаг шийдэх нь гэж харж болохоор. Ингэж Ерөнхий сайдын орлогоо нотол гэсэн эсэргүүцэл хамтарсан Засгийн газрын хувь заяатай уягдлаа.
Тиймээс засагт хамтарсан АН, ХҮН хэрхэхийг амьсгаа даран хүлээж буй нь тодорхой. Тэд Л.Оюун-Эрдэнийг ил цагаан дэмжиж буй. Харин МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүний гараар хамтарсан Засгийн газрын хувь заяа шийдэгдэх тоолуур гүйж эхэлсэн. 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ.