Монгол дахь “Конрад Аденаур” сан ээлжит бодлогын судалгаагаа танилцууллаа. Төрийн болон нутгийн удирдлагын түвшин дэх бодлогын уялдаа холбоог сайжруулах, шийдвэр гаргагчид болон эрдэмтэн судлаачид харилцан тогтмол хэлэлцүүлэг хийх боломж бүрдүүлж, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд тус сан 2017 оноос МУИС-ийн УТСОУХНУС-тай хамтран бодлогын судалгаа хийж ирсэн билээ. Ингэхдээ чөлөөт, бие даасан судлаачдаас бүрдсэн мэргэжлийн зөвлөлдөх баг бүрдүүлэн, жил бүр тогтсон нэг сэдвийг экспэртүүдээр хэлэлцүүлж, иж бүрэн судалгаа, бодлогын зөвлөмж боловсруулан, шийдвэр гаргагчдад хүргүүлж, эмхэтгэн хэвлэж олон нийтэд танилцуулдаг.

Энэ удаагийн судалгааг “Үндсэн хуульт ёсны мөн чанар, ач холбогдол, тулгамдсан зарим асуудал” сэдвээр хийжээ. Тодруулбла, судлаач В.Гомбодорж “Хотын засаглал, эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал”, МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор Г.Туяагэрэл “Гүйцэтгэх эрх мэдэл ба улс төрийн нам”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Э.Туулайхүү “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн шинжилгээ”, судлаач Б.Оюунтөгс “Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй болох нь: Өвлийн агаарын бохирдлыг бууруулахад хууль, эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ” сэдвээр тус тус судалгаа хийсэн байна.

Уг судалгааг өчигдөр болсон Ардчиллын чуулганы үеэр танилцуулсан юм. Эл чуулганыг ч “Конрад Аденауэр” сангаас жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа “Эрхшээлт Үндсэн хууль-Эрхшээлт ардчилал” сэдвийн хүрээнд зохион байгуулав. Энэ үеэр тус сангийн Европын болон Олон улсын хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга, доктор Герхард Валерс “Гадаад дарамт, дотоод доройтлын үеийн ардчилал”, УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Улс төрийн "Голланд өвчин"-д нэрвэгдсэн Монголын ардчилал” сэдвээр илтгэл тавьсан юм.