Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өнөөдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг гурав дахь удаагаа хүртэх гэж байна. Энэ удаа Италийн Ром хотын дуурийн театрын тайзнаа гардан авч, гала тоглолтод нь оролцох энэхүү шагнал нь олон улсад, тэр дундаа “Дуурийн эх орон” гэгддэг Италийн соёл урлагийн хүрээнд маш нэр хүндтэй бөгөөд тухайн жилдээ дэлхийн алдартай тайзан дээр хамгийн шилдэг байсан уран бүтээлчдийг шалгаруулдгаараа онцлогтой. Шалгаруулалтын гол үнэлгээг олон улсад үнэлэгдсэн мэргэжлийн шүүгч, шүүмжлэгчид гаргахаас гадна нэр дэвшсэн уран бүтээлчдийн талаарх олон нийтийн үнэлгээ, тоглолтын чанар, амжилтыг харгалздаг аж.
Өөрөөр хэлбэл, нэг удаагийн уралдаан, тоглолт гэхээс илүүтэй дуучдын урлагийн өндөр түвшний тогтвортой замналын үнэлгээг урьтал болгодог байна.
Манай дуучны хувьд дэлхийн шилдэг театруудын тайзнаа тогтмол уригдан тоглож байнгын уран бүтээлч нь болсон. Мөн суут Ж.Вердийн бүтээлүүдийг хоолойн хүч, жүжиглэлт зэрэг бүхий л талаараа төгс амилуулж ирснийг мэргэжилтнүүд тодотгодог. Цаашлаад зөвхөн дуулах бус, түүний урлагт үзүүлэх нөлөө, шинэ үеийн дуучдад үзүүлж буй үлгэр жишээг нь үүгээр үнэлж буй бөгөөд дэлхийн хэмжээний баритон хэдийн болсны бас нэгэн баталгаа юм.
2010 оноос олгосон эл шагналыг Э.Амартүвшин 2020 онд анх удаа хүртсэн бөгөөд 2023 онд Германы Берлинд хоёр дахиа хүлээн авч байв.
Ийнхүү эл нэр хүндтэй шагналыг тэрбээр хэдэнтээ хүртэж буй нь Э.Амартүвшингийн үзүүлж буй өндөр ур чадвар, дэлхийн тайзнаа нэгэнт бэхэжсэн байр суурийг илтгэж буй хэрэг биз ээ.
















