Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг өнөөдөр 11:00 цагт товлож Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэх байв. Гэвч АН-ынхан бүлгийн хурал зарлаж сөрөг хүчнээс ганц ч хүн байнгын хорооны хуралдаа орж ирсэнгүй. Тэд өдийд хэлэлцэж байх учиртай ирэх оны төсвийн төслийг эргүүлэн татахыг шаардаж, улс орны эрх ашиг гэхээс илүү улс төрийн хонжоо харж буйг олон нийт шүүмжилсээр буй.
Тэгвэл өнөөдрийн байнгын хорооны хурлыг ХҮН намынхан мөн л таслав. Ийнхүү УИХ-д суудалтай, өдийд улс орны ажлаа урагшлуулья хэмээн сөрөг хүчин хийж байх ёстой О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан шинэ Засгийн газарт орж ажиллах, эрх мэдэлд хүрэх санаархал агуулж байгаа бол ХҮН намынхан сайд нарынхаа суудлыг баталгаажуулах хувийн тоглолт хийж төрийн ажлыг гацааж байна.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон Төрийн байгуулалтын байнгын хороонд М.Бадамсүрэн, Б.Хэрлэн, С.Бямбацогт, С.Зулпхар нарын 4-5 гишүүн сууж, Н.Номтойбаяр, О.Алтангэрэл нарын тус байнгын хорооны зарим гишүүд Ерөнхийлөгчийн айлчлалд яваад чөлөөтэй байгаа юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир АН, ХҮН намынхныг хуралдаа орж ирэхийг 35 минут хүлээгээд, хурлаа аргагүйн эрхэнд завсарлуулах шийдвэр гаргахдаа “Төрийн ажлыг ирцээр бойкот хийж болохгүй. 35 минут хүлээгээд 4-5 гишүүн л хуралдаа орж ирж суулаа. Түр хойшуулья” гэв.















