Монголчууд улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, салбарын сайд Б.Батцэцэг нарын манлайж буй гадаад харилцааны хөгжил цэцэглэлтээ ам олохгүй магтаж байх зуур АНУ-д аялахдаа 50 гаруй сая төгрөгийн барьцаа төлөх шийдвэртэй нүүр туллаа.  Ийн их гүрний нүдэнд монголчууд бид “цагаачлах эрсдэлтэй” гэж харагдаж буйгаа өөрийн орныхоо сайд, дарга нараас биш гадны орны мэдэгдлээс гэнэтхэн мэдэв. Гэвч манай Гадаад харилцааны яам, тус улсыг төлөөлсөн бүрэн эрхтэй Элчин сайд нар тодорхой мэдээлэл, дорвитой хөөцөлдлөгөө алга. Олон нийт шуугиж, шүүмжлэхтэй зэрэгцээд “Визийн хураамжийг багасгахаар ярьж байна” гэх хуурай өгүүлбэр чулуудахаас хэтэрсэнгүй.

Угтаа Америк, Монголын харилцаа өндөр дээд хэмжээнд хүртэл хөгжиж буйгаа алхам тутамдаа тунхагласаар ирсэн. Хамгийн сүүлд гэхэд манай Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-д  нэгдэж гарын үсэг зурчихаад ирсэн. Nйм санаачилгад нэгдэх нь Монгол Улсын олон улсын нэр хүндийг өсгөх, ардчилсан үнэт зүйлсийг дэмжигч орны хувьд байр сууриа бататгах, АНУ зэрэг барууны орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх ач холбогдолтой гэж үзэж буйг эрдэмтэн судлаачид ч уралдан магтаж сайшаасан.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бэйкер Монгол Улсад 1990 онд айлчлах үеэрээ манай улсад өрнөж буй ардчилал, шинэчлэлийн явцыг тууштай дэмжихээ илэрхийлж “... Монгол Улс сайн хоёр хөрштэй боловч гуравдагч хөрштэй байхыг хүсвэл АНУ  дуртай байх болно ...” гэж хэлсэн бол Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри 2016 онд Монголд айлчлахдаа манай улсыг ардчиллыг хөгжүүлж буйгаараа үлгэр жишээ болж буйг дурдаж “...ардчиллын баянбүрд ...” гэж хэлж байв. Тухайн үед манай Ерөнхий сайд ч Америкт айлчлахдаа тэднийг “Манай Ардчилалын аялалд хөтлөх алтан гадас од” хэмээсэн гэх юм билээ.

Түүнчлэн 2019 оны зун Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэр Монгол Улс, АНУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Вашингтон хотод зарлаж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар хамтарсан тунхаглал гаргаж “Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхэжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлж, нийтлэг эрх ашиг, харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд төр засгийн бүх түвшинд хоёр талын солилцоог дэмжиж, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлнэ” гэсэн олон заалт бүхий баримт бичгийг баталсан.

Гэтэл өнөөдөр АНУ манай улсыг Гүрж, Мозамбик зэрэг 12 орны хамтаар "цагаачлах эрсдэлтэй" жагсаалтад багтаалаа. Ингэхдээ "өндөр эрсдэлтэй" гэж үзэж буй 50 улсын жагсаалтад Азиас цөөн улс байгаагийн нэг нь Монгол болж таарав. Эндээс харвал АНУ, Монголын ардчиллын баянбүрд, стратегийн түншийн харилцаа хаачив гэдэг асуулт урган гарч байна.