Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гэнэт хэвлэлийн хурал зарлав. Ингэхдээ Засгийн газрын хэвлэлийн албанаас ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ гэдгийг онцгойлон тэмдэглэсэн. Атал Ерөнхий сайд ардын намын даргын төлөөх тэмцлээ ийн Төрийн ордонд, албан өрөөнөөсөө ил тод зарлалаа.
Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээлэл “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн талаар эхэлсэн нь нүүрсний хулгайтай тэмцэх, улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдыг солих өмнөтгөл байв. Тэрбээр “Эдийн засгаа сэргээнэ гэдэг нүүрсний хулгайтай тэмцэнэ гэсэн үг. Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг. Эрдэнэс Тавантолгойд онцгой дэглэм тогтоосны үр дүнд наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого 1.6, биржийн тээвэр 1.5, экспорт 1.2, үр ашиг нь 3, орлого 1.3, олборлолт 1.1 дахин өссөн. Энэ бүхэн тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн. Тэнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил болсон. Бүгдийг нотолгоо баримттайгаар АТГ-т шилжүүлсэн. Нийт нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэрийг 18 км цаана яагаад байгуулав. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болгож буулгасан. Бид долдугаар сарын 19-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн уурхай дээр очиж ажиллахад олон арван хулгайн тухай ярьж байсан. Бүгдийг нь таслан зогсоож, АТГ-т шилжүүлсэн. Ийм хол газар нүүрс баяжуулах үйлдвэрээ барьчхаад Бортээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчхаад ашиглалтад оруулдаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй буюу 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж дуустал нь нэг их наяд төгрөгийн үйлдвэр үр ашиггүй байсан. Хэрвээ энэ үйлдвэр ашиглалтад орсон бол 44 их наядаас их орлогыг Монгол Улсад оруулах байлаа. Гэвч энэ үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсож байна. Ийм үрэлгэн замбараагүй байдал үүсгэсэн. Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг төсөвтэй хамт УИХ-д өргөн барьсан.
Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн баримагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга яаран сандран нэр дэвшихээ илэрхийлж мэдэгдэл хийж эхэлсэн.
Та бүгд санаж байгаа бол ард иргэд гудамжинд жагсаж, нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж байсан. Тухайн үед Б.Энхбаяр Хууль зүйн сайд байхдаа нүүрсний сонсгол зохион байгуулж байв. Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга Б.Амарбаясгалан нэр холбогдсон байсан. Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсонд тулгуурлах ёстой учраас Монгол Улсын Ерөнхий сайд би онцгой бүрэн эрхийнхээ дагуу Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байна” гэлээ. Эндээс харвал, тэрбээр МАН-ын даргаар сонгогдоод буй Д.Амарбаясгаланг шалгахын тулд түүний эсрэг тэмцэж буй Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилсон. Мөн гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэсэн атлаа гэнэт намын даргад дэвшлээ гэдгийг ил хэллээ. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалын тэргүүн намын даргын эрх мэдлийг наймаалцах санаархалтай байна уу. Ингэхдээ бүхэл бүтэн хууль зүйн салбарыг Улс төрийн зорилгоор ашиглаж бүхэлд нь хөдөлгөхөөр “заналхийлж” эхлэв үү хэмээн олон нийт шүүмжилж байна. Угтаа гүйцэтгэх засаглалын тэргүүн нь намын даргын албан тушаалд шунаж Их хурлын даргаа шалгана, гэмт хэрэгтэн болгоно гэж улайрч байгаагийн цаана Монгол Улсын эдийн засаг, аюулгүй байдалд заналхийлж буй хэрэг биш үү. Наанаа эрх баригч намын даргын эрх мэдлийн төлөөх хоёр хүний өс зангидсан үйлдэл мэт боловч цаанаа улс эх орны гадаад нэр хүнд, геополитикийн асуудалд нөлөөлөх үү. Тэр тусмаа энэ мэт гэмт үйлдлийг Ерөнхий сайд нь өөрийн биеэр өдүүлж болох уу зэрэг олон асуулт, эргэлзээ үүсэж буй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Бүх ард түмний нүдэн дээр ХОНГИЛынхоо харуулыг заналтайгаар сольж үзүүллээ дээ. Юун хууль засаглах. “Хүн л засагладаг юм! Харцгаа та нар!” гээд ил тод хашгирчихаад орлоо. Хоёрдугаарт, Авлига хулгайтай ингэж тэмцэхгүй. Үүнийг бүх юм болсоны дараа жонгинох, гонгинох, өс зангиадах гэнэ. Өмнөх Ерөнхий сайдыг ч авлигатай огт тэмцээгүй гэж үздэг маань ийм л шалтгаантай. Уг нь улсын Ерөнхий сайд хүн байна даа, гарч ирээд “Уул уурхайг төрөөс салгалаа” гээд шийдвэрүүдээ танилцуулсан бол Монголчуудын нар гарах байлаа. Төр хэдий чинээ хөрөнгөтэй байна, төдий чинээ авлига, хулгай цэцэглэнэ. Төрийг энэ их өмч, эрх мэдлээс салгахгүйгээр “Авлигатай тэмцэнэ!” гэдэг үг бүхэн хоосон авиа" гэсэн байр суурийг илэрхийллээ.