УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 /Хүн худалдаалах/ дүгээр зүйл ангиар сүүлийн зургаан жилд 65 хэрэг бүртгэжээ. Нийт 92 хохирогч байгаагийн 54 нь насанд хүрээгүй иргэд, газар зүйн байршлын хувьд 39 нь гадаад улсад хохирсон байна.

Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх орчин нь цахим хэлбэрт шилжсэн, зар байршуулж, дуудлагаар үйлчлүүлэх хэлбэр давамгайлах болсон талаар холбогдох албан тушаалтнууд дурдаад, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, тэднийг оролцуулж садар самууныг сурталчлах гэмт хэрэг сүүлийн таван жилд 141 бүртгэгдсэнийг хэлж байна. Гадаадад бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт өртөж хохирсон 94 иргэнийг эх оронд нь авчирсан аж.

Энэ мэт ноцтой мэдээллийг албаныхан өгсөн ч гишүүд, тэр дундаа Ардын намынхан арай өөр зүйлд анхаарал хандуулж, АН-ын С.Баярцогт тэргүүтнийг онцлов.

Иймд хэлэлцүүлгийн үеэр асуулт тавьж, саналаа хэлсэн гишүүдийн байр суурийг товч хүргэж байна.  

"С.Баярцогтоос эхлээд Оюутолгойтой холбоотой хамаатай асуудлыг нам харгалзахгүй хамгаалж ярьдаг"

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -АНУ-ын Төрийн департментын цахим хуудсанд манай улстөрчдийн нэр гарч, монгол охидтой цагийг өнгөрөөх гэх мэт агуулга бүхий зүйлс гарч ирж байна. Үүнийг шалгасан уу. Үүгээр дамжуулж манай уул уурхай, эдийн засгийн бодлогод нөлөөлдөг юм байна гэж харагдахаар байна лээ. Цаг хугацааны хувьд Дубайн гэрээг байгуулах үйл явцтай уялдаж байна. Энэ гэрээний ард энэ мэт элдэв, шахалт, дарамт байсан юм биш биз дээ. Ийм яриа гарахаар АН-ын, бас манай намын нэг улстөрчийн нэр гардаг шүү дээ.

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Б.Ганчулуун:-Цагдаагийн байгууллага судалж, шалгаж байгаа. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас одоогоор мянга орчим илэрцийг судалж байгаа. Холбогдох мэдээллийг танд хүргүүлье.

П.Сайнзориг: -Надад яах вэ, ийм ноцтой зүйл ярьж байхад битгий ийм мөлгөр хариулт өгөөч ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн нарын нэрээс гадна сонгуулийн үйл явцтай холбоотой бүхий л мэдээллийг тэнд тайлагнаж байж. С.Баярцогтоос эхлээд Оюутолгойтой холбоотой хамаатай асуудлыг нам харгалзахгүй хамгаалж ярьдаг.

Б.Ганчулуун:- Америктай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй учраас албан бус байдлаар мэдээлэл солилцож байгаа. Тиймээс танд тусад нь танилцуулъя гээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: -Эпштейний баримт бол хүн худалдаалах гэмт хэргээс давж, үндэстэн дамнасан хууль бус үйл ажиллагааны сүлжээ байсан нь хамгийн ноцтой. Гурван сая гаруй хуудас бүхий энэ материалд манай улстай холбоотой нь 900 гаруй байна. Ингэхдээ Монголын сонгуулийн талаар цаг, минут тутамд илтгэсэн байх жишээтэй. Дубайн гэрээний ард энэ мэт үйл явдал өрнөсөн юм биш биз дээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд үүнд анхаарал хандуулж ажиллахыг хүсэж байна.

"Дубайн гэрээг байгуулсан Засгийн газрын “гал тогоо”-г барьж байсан С.Баярцогт нь дэвшээд яваад байгааг ойлгохгүй байна"

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: -Эпштейний баримт дотор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон Ч.Сайханбилэг нарын нэрс олон удаагийн илэрцээр гарч ирж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Австралийн “Financial review” сэтгүүлд “2013 оны үед буюу “Оюутолгой”-н гэрээ мухардалд орчихсон, удахгүй Дубайн гэрээ байгуулагдах гэж байх үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Эпштейнтэй уулзсан. Мөн Австрали, Израйл, Норвегийн Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр Оюутолгойтой холбоотой асуудал нэлээд хөндөгдсөн” гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг гаргасан байна. Оюутолгой болон Дубайтай холбоотой мэдээллийг бид дандаа гадаадаас авч байна. Дубайн гэрээг тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар хийсэн. Энэ гэрээ нь Эпштейнтэй холбоотой байсныг Австралийн энэ хэвлэл судлаад гаргаад ирж. “Панамын баримтууд”-д ч С.Баярцогтын талаар бий. Нөгөө л С.Баярцогт. Ийм ноцтой асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй. Дубайн гэрээг байгуулсан Засгийн газрын “гал тогоо”-г барьж байсан С.Баярцогт нь дэвшээд яваад байгааг ойлгохгүй байна. Яасан дарлуулж ханадаггүй юм бэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: -Эпштейний асуудал Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, болзошгүй эрсдэлтэй холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотойгоор ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн хэлбэрээр ажиллан, тодорхой дүн шинжилгээ хийнэ. Эргэлзээг тайлж, ямар түвшний хүмүүс хэр хэмжээнд оролцоотой байсныг тогтоож, эцсийн үр дүн нь юу байсан талаар мэдээлэл өгнө.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: -Хууль зүй, дотоод хэргийн сайд Эпштейний асуудлаарх ажлын хэсгээ яаралтай байгуулахгүй бол үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд нь улстөржилтийн шалтгаан болж, нэг нам, лидерүүд рүү нь зохион байгуулалттайгаар дайрах хэрэгсэл болчих гээд байна.

"С.Баярцогтын авчирсан гайг цаашид олон талаар нь дэлгэж ярина"

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: -Жигшүүрт Эпштейний хэрэгт Монгол Улсын хоёр Ерөнхийлөгч, нэг Ерөнхий сайд нэр холбогдлоо. Гадаад хэргийн сайд, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэнгийн нэр 219, “Либерти партнерс” ХХК-ийн Ч.Ганбатын нэр 194, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр 81, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр 46 удаа дурдагдсан байна. Цаашид ч шүүнэ. Эпштейн бол бага насны хүүхдийг хүчирхийлэгч, мөнгө угаагч, улс төрийн нөлөө үзүүлэгч лоббидогч. Л.Пүрэвсүрэн гэж хүн захидалдаа “Нью-Иоркод уулзахдаа нэг сюрпризтэй. Тэр нь монгол охин байна” гэхэд хариуд нь “Ямар сайхан мэдээ вэ, удахгүй уулзацгаая” гэсэн байх жишээтэй. Энэ охин Америк руу явсан уу. Явсан бол эргэж ирсэн үү, амьд уу. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн өргөж авсан хүүхдүүд одоо хаана байна. Ц.Элбэгдоржид олон тооны үнэт зүйл, уран зураг, эдлэн газар гээд 500 орчим сая долларын үнэ бүхий зүйл худалдаж авахыг санал болгосон. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнд ийм хэмжээний санхүүгийн боломж байх уу. Их тэнгэрээс 21 уран зураг алдагдсан талаарх мэдээлэл байна уу. Үдэшлэг зохиож улстөрчдийг уриад, бэлгийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэг, зураг хийн, барьцаалж, улс оронтой нь холбоотой шийдвэр гаргуулахад нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Үүний нэг жишээ нь Дубайн гэрээ. 13 жилийн өмнө Дубайд болсон морин уралдааны тасалбарын үнэ монгол мөнгөөр 23 сая төгрөг байсан. Энэ уралдааныг манай эрх мэдэлтнүүд Эпштейний зуучлалаар үзсэн байдаг. Үүний дараа Дубайн гэрээг байгуулсан. Иймд энэ асуудлаар УИХ хяналтын сонсгол хийх ёстой. Оюутолгойн гэрээний үр дүнг хүртсэн хүн Монголд алга. С.Баярцогтын авчирсан гайг цаашид олон талаар нь дэлгэж ярина.

Б.Ганчулуун: -21 уран зурагтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн өргөж авсан хүүхдүүдээс гурав нь 2025 онд насанд хүрсэн үедээ улсын хилээр гарсан. Бусад нь Монголдоо байгаа.