УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 9-нд эх орноосоо мордсон. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын даргын хувиар хилийн чанадад хийж буй түүний анхны айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Харамсалтай нь, урьсан талын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох ТАСС агентлаг УИХ-ын дарга Н.Учралын танилцуулгыг дурдахдаа түүнийг ОХУ-аас гаралтай цагаач гэр бүлээс угсаатай гэж бичиж угтав.
Манай төр, засгийн удирдлага үеийн үед гадаад бодлогодоо хоёр хөрштэйгөө тогтоосон харилцаагаа тордож тодруулахыг урьтал болгон, онцгой ач холбогдол өгч ирсэн. Тиймээс ч ээлж халаатай эл албанд томилогдож, сонгогдсон хэн болов ч ОХУ, БНХАУ-ын аль нэгнээс нь айлчлалын гараагаа эхлүүлдэг гэхэд болно.
Гэхдээ хэнд нь ч УИХ-ын дарга Н.Учралыг угтсан шиг увайгүй, балмад бүдүүлэг хандлага гаргаж, үл тоож байсангүй.
Өмнөх Спикер Д.Амарбаясгалан өнгөрсөн өвөл өмнөд хөршид албан ёсны айлчлал хийж, зун нь Парламентын дарга нарын дэлхийн бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийж байв. Үүнээс өмнө өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ыг удирдаж байхдаа хойд хөршид албан ёсны айлчлал хийж, Орос, Хятадын төр, засгийн удирдлага ч манайд ээлж, дараалан ирсэн билээ.
ТАСС бол Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Таарсан сэтгүүлч нь таван үг холбож бичсэнийг шалгаж, хяналгүй мэдээлчихдэг газар биш. Тус агентлагийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Төгсбаяр уг мэдээллийг няцааж, “ТАСС агентлаг уг алдаатай мэдээллээ залруулна гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдсэн. Улмаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга "ТАСС агентлаг ташаа мэдээлэл түгээсэндээ уучлал хүссэн" хэмээн уламжилсан ч энэ явдал нь бид оросуудын бүдүүлгийг гайхаад өнгөрөх хэрэг яавч биш.
Энэ бол өдөөн хатгалга, өөрсдийнх нь дунд яс хаяж, хагаралдуулах гэсэн технологи.
Учир нь тэд Н.Учрал улстөрчийн хувьд ямар замаар энэ албан тушаалд хүрсэнийг сайн мэдэж байгаа. Түүний талаар таагүй үг цухуйлгахад баярлах монголчууд бишгүй гэж тэд тооцсон хэрэг. Үнэхээр ч өнөөгийн эрх баригч нам, тэндээс томилогдсон албан тушаалтнууд, улстөрчид нь легитим шинжээ алдсаныг айл хөршийнхөн нь ч анзаарч, тохуурхаж байх шиг.

















.jpg)