Засгийн газрыг огцруулах үйл ажиллагаа саарал ордонд эрчимтэй өрнөж байна. Энэ дагуу маргааш буюу баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх тов мэдээлэл гарчээ. Эрх баригч намын энэ тэмцлийн дунд сөрөг хүчний кноп үнэд хүрэх нь нэгэнт ойлгомжтой болсон. Тиймээс ч АН-ынхан хэд хуваагдаж Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын хооронд холбирцгоож байна. Тэгвэл яг одоогоор улс төрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор сөрөг хүчнийхнийг хууль хяналтын байгууллагаар далайлган шахаж эхэлжээ. Тодруулбал, АТГ-ын нэр бүхий албан тушаалтан АН-ын гишүүд рүү утас цохисон байна. Ингэхдээ Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурвал хэрэгт татна, шалгана хэмээн хүн нэг бүр дээр хавтаст хэрэг нээх талаар сүрдүүлж эхэлсэн гэдгийг намынхан дотооддоо ярилцаж, сандралдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл,  АН-ынхан ч АТГ-аар дамжуулж Засгийн газарт барьцаалагдсан гэж ойлгож болохоор.

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд хэвлэлийн хуудаснаас салаагүй АН-ын дарга О.Цогтгэрэлийн Г.Занданшатартай хийсэн тохиролцоо бараг ил тод болсон. Эхнээсээ бүлгийнх нь гишүүд “дуугарч” эхэлсэн бөгөөд дотоодынхоо үйл ойлголцлоос болж улс төрийн шийдвэр гаргаж чадахгүйд хүрээд буй аж. О.Цогтгэрэлийн Засгийн газартай хийсэн тохиролцооны ард Д.Дорлигжав байгаа бөгөөд саяхан Төрийн ордонд санаа зорилгоо ил цагаан ярьсан С.Баярцогт Хэрэг эрхлэх газрын дарга болохоор яригдав бололтой.

Тэгвэл Ардын намын зодоонд аль хэдийн татагдан оролцсон сөрөг хүчин, бүлгээ толгойлж буй О.Цогтгэрэлд Засгийн газрыг аварч үлдэх ямар эрх ашиг байгаа вэ. Дээр дурдсанчлан бүлгийн гишүүдээ өөртөө элсүүлэхээр ятгаж байгаагийн цаана   өөрийнхөө хувийн бизнесийг хамгаалах шаардлага гарч ирсэн бололтой. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, түүний төрсөн ах О.Сайнжаргал, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан О.Сайнбуян агсан нарын “Ай Пи Ди Ар” ХХК болон Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” хочит Д.Эрдэнэбилэг, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нарын хамтран эзэмшдэг “Империалс майнинг корпорэйшн” ХХК нь хамтран “Баюуд майнинг” ХХК-ийг байгуулсан байдаг. Улмаар “Баюуд майнинг” ХХК-ийн нэр дээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах XV-007674 дугаартай 5026.8 га талбай бүхий “Шивээт улаан уул” хайгуулын тусгай зөвшөөрлөөс эхлээд алт, нүүрс, газрын ховор элементийн асар олон орд газрын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “хамсан” байдаг. Тэрбээр хувийнхаа бизнесийг хамгаалахаар Г.Занданшатарт үйлчилж байгаад намынх нь лидерүүд эгдүүцэж, УИХ дахь АН-ын бүлэг хоёр хуваагдаад байгаа юм.