АТГ-ын дарга З.Дашдаваа яг долоон жилийн өмнө, 2019 онд анх энэ албан тушаалд томилогдож байв. Тэрбээр өнгөрсөн жилийн хавар дахин улирснаар авлигатай тэмцэх байгууллагын түүхэнд анх удаа дарга нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгахын зэрэгцээ улиран ажилласан тохиолдол болов. Тэр тусмаа 126 гишүүнтэй парламентын “шүүлтээр” орж АТГ-ын даргаар улирснаар түүний бүрэн эрх дахин зургаан жилээр сунгагдаж 2031 онд дуусахаар болж буй.
Гэтэл сүүлийн өдрүүдэд АТГ-ын дарга З.Дашдаваагаар илт “оролдож” нийгмийн сүлжээнд янз бүрийн мэдэн будилсан мэдээлэл түгээж эхэлснийг олон нийт анзаарсан биз ээ. Эндээс харвал албан тушаалтнуудын гэмт хэрэг, авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцдэг хууль хяналтын байгууллагын даргыг солих сонирхол хэнд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй болж таарлаа.
Ерөөс АТГ-т дуудагдаагүй, нэр нь дурдагдаагүй, авлигын хэрэгт орооцолдоогүй албан тушаалтан манайд ховор. Ял шийтгэл хүлээсэн, яг өнөөдөр шалгагдаж буй нь ч олон. Тиймээс сүүлийн 6-7 жил “акул”-уудтай тулж нэлээн ширүүн, зоригтой ажиллаж буй АТГ-ын “толгой”-г сольж, хийсэн хэргээ хаацайлах сонирхол хэн бүхэнд бий нь лав. Харин тэр нь энэ цаг үед илт тодорхой болж, идэвхжиж эхлэв үү гэж харж болохоор үйлдлүүд өнгөрсөн өдрүүдээс өрнөж эхэллээ.

Тэгвэл гүйцэтгэх засаглалын тэргүүн ажлыг нь үнэлж санал болгож, хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас томилсон АТГ-ын удирдлагыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө яагаад сольж болохгүй вэ гэдэгт цөөхөн жишээ хэлье.
Монголчууд сүүлийн жилүүдэд авлигын асуудлыг урьд хожид байгаагүйгээр ярьж хэлж шаардаж, бүх нийтийн сонсгол хүртэл хийдэг боллоо. Энэ бол дэвшил.
Мөн АТГ-т очоод гацчихлаа гэж байнга шүүмжлүүлж ирсэн томоохон хэргүүд нэлээн хурдтай шийдэгдлээ.
Тухайлбал, “Эрдэнэт”-ийн 49 хувь, алдарт нүүрсний хулгай, төр түмнээр нь цочирдуулсан Хөгжлийн банк, эрх мэдэлтнүүдийн гадаад улсад аваачаад оффшорт нуучихсан мөнгийг олж авчирч төрд тушаалаа. Түүнчлэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохой” компанийн хууль бус хувьчлал, Боловсролын зээлийн сангийн хулгай, ногоон автобусны хэрэг, Тавантолгойн нүүрсний экспорт гээд дандаа олон жил дуншиж улс төрийн талцал хуваагдал үүсгэж тэр хэрээр хав дарагддаг байсан эрх мэдэл албан тушаалтнуудын холбогдож сүлбэгдсэн томоохон хэргүүд бүгд боогдоод шүүхэд очсон. Энэ бүхний ард монголчуудын амьдралын чанар, бусдынхаа боломжийг хулгайлсан авлигачид хэдэн зуугаараа бий. Тэд өнөөдөр ч хийсэн хэргээ замхруулчих гээд гэтэж хүлээж буй.
АТГ-ынхан төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэдэн их наядаар тоологдох хохиролтой хэргүүдийг мөрдөн шалгаж нөхөн төлүүллээ. Жишээ нь 2022 онд 2.3 их наяд, 2023 онд 239 тэрбум, 2024 онд 241 тэрбум төгрөгийн хохирлыг улсын сан хөмрөгт тушаажээ.
Үндсэндээ, 2019-2025 онд буюу сүүлийн зургаан жилд авлигын 11006 гэмт хэрэг шалгаж, 3,0 их наяд төгрөгийн хохирлыг төсөвт төвлөрүүлэв. Мөн онд 163.1 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлого болгосон бол 84.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалжээ. Гадагшаа хулгайлагдаад араас нь мөрдөж мөшгиж 13.9 сая доллар буюу монгол мөнгөөр 48.9 тэрбум төгрөгийг олж авчирсан.
Хэрэв АТГ сайн ажиллаагүй бол энэ мөнгө албан тушаалтнуудын халаасанд л үлдэх байсан. Т.Бадамжунай тэргүүтэй “шувуу”-нуудыг ч Филиппинээс, гадаадаас авчирсан.
Татвар төлөгчдийн мөнгийг “залгиж” байсан Хөгжлийн банкийг дамдуурлаас аварч 500 сая орчим ам.доллар, 30 сая иенийн зээлийг “томчуудаар” төлүүлсэн.
Нийгмийг доргиосон нүүрсний хэрэг гурван шатны шүүхээр орж шийдэгдэхдээ 17 хэргээс улсад 34 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 11 тэрбум орчим төгрөгийг битүүмжилсэн мэдээллийг хаанаас ч олж харж болно. Өмнө чимээгүйхэн өнгөрдөг байсан хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн дарга нарыг шалгаж тэрбум тэрбумын нөхөн татвар, торгууль, алданги барагдуулсан гээд АТГ авлигын асуудлыг ингэж хөндөж, шуурхайлж байсан нь хэзээ билээ дээ. Энд улс орны аюулгүй байдалд заналхийлсэн, хил дамнасан хэдэн зуу, мянган хохирогч, холбогдогчтой томоохон гэж тодотгож болмоор хэргүүдийг л дээр дурдсанаас биш өдөр тутам, цаг минут бүрд мянган төгрөгийн гомдлыг ч орхилгүй АТГ-т хандсан, мэдээлсэн иргэн нэг бүрийн эрхийг хамгаалж байдаг. Сүүлд эрчим хүчний салбарын томоохон албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгө шамшигдуулсан болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүд, Замын-Үүд дэх гаалийн байцаагчдын хахуулийг газар дээр нь очиж “дэлбэлсэн”, мөн нийслэлийн мега төслүүдийг шалгаж эхэллээ. Үүн дээр нийтийн албан тушаалтнуудын ашиг хонжоо хайсан, өөртөө давуу байдал олгосон, хууль зөрчсөн хэргүүдийг нэмбэл дуусашгүй урт жагсаалт болно. Тэд долоо хоногт л зуу зуугаар нь гомдол мэдээлэл шалгаж, шинээр 20-30 хэрэг нээж, 1000 дөхсөн хэрэгт мөрдөн байцаалт явуулж, хэдэн арван хэргийг шүүхэд шилжүүлж байдгийг хэлэх илүүц биз.
Одоо цаашид Баялгийн сан, стратегийн орд тойрсон томоохон хэргүүд сөхөгдөх нөхцөл үүсэхээр байгаа. Ийм үед АТГ-ын удирдлагыг солино гэж эсэргүүцэж буй хүмүүсийг сайн харах юм бол авлига албан тушаалын хэргийн ард нуугдаж хоцрохын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүс бий.
Тиймээс энэ удаагийн УИХ, Засгийн газар авлигатай тэмцье гэвэл АТГ-ын даргыг тогтвортой байлгаж ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээс “хамгаалах” учиртай. Харин улстөрчдөд ийм хүсэл зориг байгаа болов уу.
















