Өнөөдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар Туулын хурдын төслийн талбайд ажиллажээ. “Туулын хурдны замын ажил нууцаар явагдаж байна” гэх агуулга бүхий гомдол, мэдээлэл ирсний дагуу тэрээр албаны хүмүүсийн хамт газар дээр нь шалгажээ.
Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар “Өнөөдөр энэ ажлаа зогсоо Одбаяр аа. Чи намайг худлаа юм үзүүлэх гэж энд авчирч байна уу” гэсээр л хяналтын ажил эхлэв. Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр хариуд нь “Ямар ч ажил яваагүй. Анх ямар байсан түүгээрээ л байгаа” гэх тайлбар өгөв.
П.Батбаатар дарга энэ өдөр чухам сайн ажиллаж харагдана. Албаныхныг загнаж, зандраад зогсохгүй тэнд ч очиж цутгасан цементийг хатгаж, энд ч төмөр авч шидэж байна. Машин техник, хүн хүчийг нь ч бүртгэж үзэж байна.
Ерөөсөө тэрээр ажлын төлөө л төрсөн хүн юм байна гэсэн итгэл үнэмшил төрлөө. Үгүй ээ ер манай Монголын бүх дарга нар ингэж ажилладаг бол бид ч тун удахгүй Азийн бар улс болох юм байна гэсэн бодол ч төрөв.
Гэхдээ үнэхээр л ингэж ажлаа тултал хийдэг юм бол камерын хэрэг юусан билээ П.Батбаатар дарга аа. Ажлаа хийхдээ камераа л унтраачих. Нэгэнт л ингэж сайн ажилладгаас хойш таны ажил камертай камергүй л торойх байлгүй, тийм ээ. Үгүй бол та камертай үед л ажлаа сайн хийдэг борооны дараах мөөг шиг олон дарга нараас юугаараа ялгагдах билээ. Бодолцоно биз ээ.






.jpeg)



.jpg)





