“Эрдэнэс Монгол” ХК-ыг Б.Даваадалай удирдаад дариу нэг жилийг ардаа үдлээ. Тус компанийн зорилго чиглэл нь Баялгийн сан болох байв. Энэ шинэчлэлт Б.Даваадалайг тус компанийн захирал болох үед биеллээ олж, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхлээд буй. Эл үйл явдалтай холбоотойгоор Б.Даваадалай “Эрдэнэс Монгол” нэгдэл хөгжлийн дараагийн үе шатаа эхлүүлж байна” гэж мэдэгдсэн.

Түүний хувьд одоогоор "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж, охин компаниудыг татан буулган, зарим тохиолдолд нэгийг нөгөөтэй нь нийлүүлэн хаяг, шошго, тамга тэмдгийг нь сольсноос өөрөөр онцгой хийж гийгүүлсэн зүйл алга.

Гэтэл "Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК буюу “Эрдэнэс Монгол” ХХК аудитын дүгнэлтээр нийт 43 тэрбум 986 сая төгрөгийн зөрчилтэй нь тогтоогдсон. Өртэй компаниудад нэмж 18 тэрбум төгрөгийн зээл олгож, маркетингийн зардалд л гэхэд 1 тэрбум 301 сая төгрөг зарцуулсан байна. Нэгдлийн харьяа компаниудаас зөвхөн долоон компанитай менежментийн гэрээ байгуулж, гурван компаниас төлбөр авчээ. Алдагдалтай ажилласан компаниудад эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийгээгүй, алдагдлын шалтгааныг тодорхойлоогүй зэрэг нь ийм хэмжээний өр төлбөрт унагасан байдаг.  

Б.Даваадалайгийн хувьд охин компаниудыг буулгаснаар зардал багасна гэж мэдэгдсэн нь бий. Магадгүй тэр өөрийн цалингаа бууруулбал бодит үр дүн гарахыг үгүйсгэх аргагүй. Учир нь тэрээр сард 64 сая, жилд 768 сая төгрөгийн цалин авдаг. Монголын хамаг л шим дээж болсон компаниудыг толгойлдог компанийн захирал ийм хэмжээнд үнэлэгддэг байж болох юм.

Дашрамд, тэрээр тэр иргэн бүрийн хуримтлалын дансанд байгаа 500 мянган төгрөгийг 2030 он гэхэд 2-3 сая төгрөг болгоно гэж мэдэгдсэнийг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Дөрвөн жил хүлээчихвэл "Чингис хаан баялгийн сан нэгдэл"-ийн захирал Б.Даваадалайгийн сарын цалингийн гурав магадгүй дөрвөн хувьтай тэнцэх ногдол ашгийг монголчууд бид хүртэх нь байна.

Ногдол ашгийн хувиарлалт хэн захирал хийхээс үл хамаарч нэмэгдэх нь дамжиггүй биз. Харин .Даваадалай байгууллагынхаа нэрийг солиод зогсохгүй агуулгын өөрчлөлт хийх хэрэгтэй. Хэдий болтол хөшигний ард өр зээлдээ баригдсан хэр нь олон нийтэд элдэв чамин гоё зүйлс ярьсан, мөрөөдсөн байдалтай явах вэ. Хэрэв зээ агуулгын өөрчлөлт эс хийвээс “Эрдэнэс Монгол” ХКК-ийн дүрийг хувилгаснаас ялгаа юун.