Хөвчийн хүрэн баавгай хотоор сэлгүүцэж явна. Хөвсгөл, Булган, Сэлэнгэд шуугиулсаар байгаа өнөөх баавгай Богд уул, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, 61-ын гарам тэр бүү хэл Цэцэрлэгт хүрээлэнд ч үзэгдэж. Бамбай хоншоорт могой орж ирж нийслэлийнхнийг тэвдээдэг сэн. Гэтэл одоо бүр баавгайтай “үзэлцэж” амьдрах болж байх шиг. Гэхдээ яаж гэдэг нь тодорхойгүй хэвээр л байна
Хөдөөгийн бяр, тэнхээтэй залуус баавгайтай улаан гараараа үзэлцэж байна л даа. 20-р зуунд танк хүлж явсан бид энэ зуунд хамгийн том 10 амьтны нэгд тооцогддог баавгайг хүллээ. Уяа шидэмсээр дунгуйлдаж татаад баглаад тавьчихсан нь бахархмаар ч юм шиг, өөр арга байгаагүйг нь бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Залуус байгаа бололцоогоороо, инстинктээрээ л үзэлцсэн нь тэр. Орон гэрээ сүйдлүүлж, хашигдаж, хоригдож, айж бэргэн зугтаасан нь ч олон байна. Ямар сайндаа л аргаа барсан Дархан-Уул аймгийн Засаг дарга “Байгаль орчны яам ямар нэгэн арга хэмжээ аваач дээ” гэж гуйх вэ дээ.
Ийм олон үйл явдал болж байхад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ямар ч дорвитой арга хэмжээ авсангүй. Салбарын сайд нь унтуулдаг бууныхаа үнэ хөлсийг л үнэтэйг нь гайхаж ярьж харагдана.
Салбар яамны энэ эс үйлдэхүй нь ямар зааг, хана таазанд тулж байж өөрчлөгдөхийг таашгүй. Магад хэн нэгэн хөвчийн хүрний саварт амиа алдсаны дараа л гарч ирж эмгэнэл уншихаар хүлээж байна уу гэлтэй.
Яамны зүгээс баавгай харагдвал тэр дугаарт, таарвал энэ дугаарт залгаарай гэх хөндий хоосон, хэлбэр төдий үгсийг л хэлж буй. Өнөөх дугаарууд нь зөвхөн ажлын цагаар ажилладаг гэж байгаа. Ажлын цагаар л баавгайтай таарсан хүн өнөөх дугаар луу нь залгаж болно. Сүлжээгүй газар таарвал яах ч юм. Ер нь тэр дугаар луу залгалаа гэхэд 40-50 км цагийн хурдтай, 16 цагийн турш идэш хоолоо хайдаг зэрлэг араатныг зогсоож, хаа нэгтэйгээс гарч ирж хамгаалах уу гэдэг нь эргэлзээтэй. Эсвэл баавгайн хэлээр ярьж, түүнийг буцааж өгөх арга хэмжээ авах гээд байгаа юм уу. Нөгөө талд хүн бүл муутай, гэрийн хананаас өөр хамгаалах зүйлгүй хөдөөгийн иргэд яах ч ёстой юм. Газар ухаад орохоос өөр арга тэдэнд байна уу.
Угтаа байгаль орчны салбарт нэгэн дүрэм үйлчилдэг. Ямар ч ховор, амьтан ургамлыг хамгаалах нь чухал боловч хүний амь нас нэгдүгээрт гэх алтан дүрмийг тэд баримталдаг.
Тодруулбал, ховор, нэн ховор амьтныг хамгаалах нь байгаль хамгааллын үндсэн зорилго. Гэхдээ тухайн зүйл хүн амын суурьшлын бүсэд орж, хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд бодит эрсдэл үүсгэж байгаа тохиолдолд зөвхөн “хамгаалалтын статустай” гэсэн үндэслэлээр ямар нэгэн менежментийн арга хэмжээ авахгүй байх нь олон улсын байгаль хамгааллын менежментийн зарчимд нийцэхгүй. Ийм нөхцөлийг хүн–зэрлэг амьтны зөрчил гэж үзэж, хүний аюулгүй байдал болон тухайн зүйлийн хамгааллыг зэрэг хангах эрсдэлийн менежмент шаардлагатай гэж үздэг.
IUCN буюу Олон улсын байгаль хамгаалах холбоо баавгайн аюулын түвшнийг ялгаж үзээд, бага түвшний эрсдэлд үргээх, зан үйлийг өөрчлөх арга хэрэглэдэг. Хүний аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан өндөр түвшний тохиолдолд тэрнээс цааших арга хэмжээг ч авч болохыг заасан байдаг. Хүний амь насыг нэгдүгээрт тавьдаг энэ алтан дүрмийг захын байгаль хамгаалагч мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэтэл салбар яам болоод түүний удирдлагууд нь энэ тухай ган хийхгүй, менежментийн арга хэмжээ авахгүй байгаа нь ямар учиртай вэ.
Ер нь баавгай төв суурин газарт үзэгдэх, хүн мал руу дайрах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа. Олон ч хүчин зүйл нөлөөлж буй байх. Нэгэнт нөхцөл байдал ийм дээрээ тулчхаад байгаа учир иргэдэд ямар нөхцөлд, ямар хариу арга хэмжээ авах вэ гэдгийг салбар яам тодорхой болгох ёстой.
Тухайн нөхцлийг хэрхэн үнэлэх юм, яаж хариу арга хэмжээ авах юм гэдэгээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам иргэдэдээ тодорхой танилцуул. Гадны орнуудын жишиг, Олон улсын байгаль хамгаалах холбооноос гаргасан түвшин, тэдгээрт авах шат дараатай арга зөвлөмжүүдийг иргэдэдээ таниул. “Баавгай агнавал эрүүгийн гэмт хэрэгтэн болно” гэж айлгахын оронд өндөр түвшний эрсдэлд орсон бол нэн тэргүүнд амь насаа хамгаалах нь чухал шүү гэдгийг мэдээл. Тэгж гэмээнэ арга мухардсан иргэд чинь зүг, чиг, арга замтай болно.

.jpg)












