Орхон аймгаас Улаанбаатарт ирж Төрийн ордны гадна жагссан иргэд бараг 50 хоног тасралтгүй тэмцлээ. Гуравдугаар сарын 9-нд эхэлсэн тэдний тэмцэл өнөөдөр ч үргэлжилсээр байна. Жагсагчдын зарим нь нойтон өлсгөлөн ч зарласнаа хэлсэн. Ийн ордны зүүн хаалган дээр өглөө яг 09:00 цагт тал бүрээс цуглаж уриа лоозонгоо өргөн бүтэн өдрийн турш "Э.Бат-Амгалаан” гэж хашхирах иргэдийг сүүлдээ тоож харах хүнгүй болтлоо дөжирлөө. Хэвлэлийнхэн ч дөлж эхэлж байх шиг.
Парламентын 126 гишүүн, Засгийн газрын сайд нар, агентлагийн дарга гээд Монголын бүх л том дарга нарын орж гарч, төрийн үйл хэргийг төлөвлөж шийддэг Төрийн ордны хаалган дээр ийнхүү иргэд нь жагсаж тэмцэж байхад тэдэнтэй уулзаад үзэл бодлыг нь сонсож буй хүн гэж алга. Бүгд л тэднийг “төлбөртэй”, зохион байгуулалттай гэсэн харцаар нүд үзүүрлэж, муучилж явна.

Танхимынх нь сайдад хаягласан жагсаал хэдэн сараар үргэлжилж тэргүүнд нь хүртэл захидал хүсэлт хүргүүлээд байхад ч Монгол Улсын Ерөнхий сайд тоосонгүй. Иргэдийн дуу хоолой болно гэж сонгогдсон ардчилсан парламентыг удирдаж буй С.Бямбацогт ганц үг ганхийсэнгүй.
Аль аль нь хүн ёсоор харьцаж хүлээж аваад санал бодлыг нь сонссонгүй. Дэргэдүүр нь гарахдаа нүдээ боогоод чихээ таглаад явдаггүй байлтай.
Ер нь жагсаж тэмцэж буй иргэд ямар ч агуулга, зохион байгуулалттай байж болно. Бүр захиалгаар төлбөртэй ч жагсаж болно. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ардчилсан нийгэмд төр засагт тавьж буй шахалт шаардлагыг хүлээж авдаггүй юм ядаж сонсох ёстой. Өнгөрсөн хаврын өдийд мөн л иргэд төв талбайд "Огцрох амархан" жагсаал болоход УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зохион байгуулагчдыг өрөөндөө хүлээж авч уулзаж санал бодлыг нь сонсож байсан. Гэтэл энэ УИХ, Засгийн газар иргэдээ ажлынхаа гадна 50 хоноход хүн гэж тоож хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Үнэндээ Монголын төр иргэдээ тоосонгүй.
Гэвч жагсаал зохион байгуулагчид гэр орноосоо хол, хоол ундгүй, орц пудволь түрээсэлж амьдарч байгаагаа хэлж байсан. Тэд “Орхон аймгийн иргэдийн үүсгэн байгуулсан “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагуудтай холбоотой санхүүгийн асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэхдээ “Орхон аймгийн Эрдэнэт хотын зэсийн овоолго ашигладаг “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид сар шинийн баярын өмнөхөн компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний ах Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарт холбогдуулан гомдол гаргаж, Авлигатай тэмцэх газарт хандсан.
Э.Батбаяр нь өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан зэс борлуулж, зардлын нэрээр нийт борлуулалтын дөрөвний нэгийг буюу 70 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэж үзэж байгаа. Санхүүгийн луйврын улмаас компанийг 30.6 тэрбум төгрөгийн НӨАТ-ын өрөнд оруулж, сүүлийн хоёр жил хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах боломжгүй болсон. НӨАТ-ын нэрээр гаргасан 30.6 тэрбум төгрөгийг компанийн дансанд буцаан төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр олгохыг шаардаж байгаа юм.Одоогийн байдлаар жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байгаа” гэж ярьж буй.
Гэтэл өөрт нь хаяглаж, шаардлага тавьж буй жагсагчдыг Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан басамжлахдаа “Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж орилдогтой ижил процесс болж байна. Хаврын чуулган эхлэх гэж байна, нүүрсчид амилж байна. Хулгай хийсэн луйвардсан энэ "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийг луйвардсан хүмүүс миний эсрэг өдөөн турхирсан улстөрийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани Эрдэнэтийн овоолгыг гэрээгээр хүлээж аваад боловсруулах үйлдвэр барина гээд 2010 оноос хойш явсан. Эздүүд нь маш олон солигдсон. 2021 оныг хүртэл үйлдвэрээ барьж чадаагүй явсан. 2022 оноос хойш энэ үйлдвэр ашиглалтад орсон үйлдвэр юм байна лээ. Манай дүүгээс та нар мэдээлэл авах ёстой. Барилгын яамны гадаа өвөө эмээ нар голцуу хүмүүсийг өдөөн турхирч, юунд ирснээ мэдэхгүй улстөрийн зорилготой жагсаал цуглаан хийж байна. Тэнд "Зэс эрдэнийн хувь" ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлийн нэг ч гишүүд байхгүй. Улстөрийн зорилгтой зориудаар зохион байгуулсан энэ жүжгийг талбайн урд талын оффисуудаас зохион байгуулж байна" гэсэн. Тэрбээр мөн өнөөдөр хэвлэлд ярихдаа “Жагсагчидтай уулзсан. Энэ асуудал надад хамаагүй” гэв. Тэгэхээр Э.Бат-Амгалан сайд жагсагчидтай ойлголцохгүй нь.
Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга нар Монгол Улсын иргэн гэдэг үүднээс санал бодлыг нь сонсохгүй гэж үү.















