Эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд мордсон залуус энхийн цагт амь эрсддэг байдлыг ямар ч сайд дарга гарч ирээд таслан зогсоож чадсангүй. Тиймдээ ч албанд нь цэрэг амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирдог асуудлыг “тэглэх" нь үе үеийн батлан хамгаалахын сайд нарын ажлын гол үүрэг, хариуцлага үзүүлэлт болж ирсэн. Үүнийг одоогийн сайд Д.Батлут ч тойрсонгүй. Салбараа ч дорвитой цэгцэлж чадсангүй. Түүнийг батлан хамгаалах салбарыг удирдаж байхад хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон ноцтой хэрэг гарлаа. Мөн мордохын хазгай гэгчээр анх сайдын суудалд томилогдохдоо ч аймаг, сумын Засаг даргаас дээш алба хашиж үзээгүй, мөрдэстэй албанд мэргэжлийн бус хүн орж ирлээ хэмээн олон нийтэд, цэрэг армийнхандаа ч баалуулж шүүмжлүүлж байв. Гэвч Д.Батлут сайд одоо хэр нь салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй гэх юм билээ.

Улмаар Г.Занданшатарын Засгийн газар огцорч Н.Учралын танхимд улирч орж ирэхдээ шөнө дөлөөр улаан хивс дэвсэж хүндэт харуул жагсаан сүр дуулиантайгаар тамгаа гардсан үйлдэлдээ бараг сайдынхаа суудлаас “унах” дөхөөд тогтсон.
Гэтэл дахиад л Д.Батлут сайдын суудал дэнжигнэж эхэллээ. Хэдхэн хоногийн өмнө Баянхонгор аймагт хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, харамсалтайгаар амиа алдсан. Батлан хамгаалах, зэвсэгт хүчний дарга нар "арьс"-аа хамгаалж өөрсдөө холдуулснаас биш энэ бол яах аргагүй цэргийн ангийн дүрмийн бус харьцаа, тэдний засч сайжруулах ажил мөн.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулахыг шаардаад эхэллээ. Цэргүүд ажлын байран дээрээ цэргийн анги дээрээ хэдэн арваараа амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэтэл Батлан хамгаалахын сайд дүрмийн бус харьцаа, хүний эрхийн зөрчлийг таслан зогсооход урьдчилан сэргийлэх ажил юу хийв гэдгийг сөрөг хүчин хөндөж буй юм. Тэдний хэлснээр батлан хамгаалах салбарт сүүлийн 10 жил 144 цэрэг эрүүл мэндээрээ хохирч, 46 цэрэг амь насаа алджээ.
Ингэхдээ сөрөг хүчин Н.Учралыг гарцаагүй байдалд оруулж байх шиг. Хэрэв Н.Учрал Д.Батлут сайдад хариуцлага тооцож огцруулахгүй бол Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулах акц хийнэ гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Н.Учралын өмнө хоёр сонголт байна. Нэг бол танхимаа авч үлдээд Батлан хамгаалахын сайдаа явуулах нөгөө бол танхимтайгаа огцорно.
Эндээс харвал, Н.Учрал танхимаа авч үлдэхийн тулд Д.Батлутыг солихоос өөр сонголтгүй болох нь.
Уг нь Д.Батлут сайд “Цэрэг амиа алдсан хэрэгт Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний жанжин штабын буруутай нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой” гэсэн. Гэхдээ өөрөө удирдлага нь гэдгээ мартав уу, өөрөө хариуцлага хүлээмээргүй байв уу. Тиймээс Н.Учрал буруутанг нь тогтоож хариуцлага хүлээлгэх ажил үлдлээ.
Ийн суудал нь дээсэн дээр дэнжигнэж байхад Д.Батлут сайд салбарынхаа дүрмийн бус харилцааг ярихгүй цэргүүд памперснаас болж ачаалал авахаар гуя цавь нь хавдаж байна гэж яриад суух. Мөн дэд сайд Д.Баасандамба нь батлан хамгаалахын төсвийг хасаж хаячихаад биднээс хариуцлага нэхэхгүй шүү гэж яриад суух. Бараг мөнгө өгөхгүй бол цэргүүдийг яргална гээд байгаа хэрэг үү. Ямартаа ч Ерөнхий сайд Н.Учрал мэдээллийг бүрэн дүүрэн авч байж хариуцлага тооцох эсэхээ шийднэ гэж хэлснийхээ дагуу ажлаа шуурхайлах шаардлагатай боллоо. Үгүй бол өөрөө танхимтайгаа огцрох акц эхлэх нь.














