Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Г.Хонгор хэвлэлд хандахдаа “Хөгжлийн банкны 168 сая ам.долларыг Засгийн газрын тогтоолоор ганц хүний компанид шилжүүлсэн. Энэ компанийн эзэн Л.Тэмүүжин нь Хөгжлийн банкны охин компани “Ассет Менежмент” компанийн захирал. Энэ бол санхүүгийн хулгай, луйвар” гэсэн агуулгатай мэдээлэл хийсэн. Эл мэдээлэлтэй холбоотойгоор “Ди Би Эм ассет менежмент” ХХК албан ёсны мэдэгдэл гаргаад буй юм.
Манай редакц Хөгжлийн банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Г.Батжаргалаас тодрууллаа.
-Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Г.Хонгор 168 сая ам.долларыг ганц хүний компанид шилжүүлсэн гэдэг мэдээллийг өгсөн. Үүнд тайлбар өгнө үү?
-"Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гурван аймагт хэрэгжинэ. Төслийг Европын холбоо, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан, Европын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлж байгаа. Төслийн санхүүжилт нь 168 сая ам.доллар биш 37.5 сая ам.доллар бөгөөд одоогоор санд хөрөнгө оруулалт хийгдээгүй байгаа.
УИХ-аас баталсан Гадаадын зээл тусламжийн хүрээнд санхүүжилт нь шийдэгдэж байгаа учраас төслийн өртөг болох 37.5 сая ам.доллар Сангийн яаманд байршиж байгаа. Улмаар Засгийн газрын тогтоол дээр төслийн санхүүжилтийг Сангийн яамнаас дамжуулан зээлдүүлэх журмаар Хөгжлийн банкинд олгохоор тусгасан.

-Мөнгийг Л.Тэмүүжин гэдэг эзэнтэй компанийн данс руу шилжүүлсэн гэж ярьсан. Энэ ямар учиртай компани юм бол?
-Хөгжлийн банк дэргэдээ “Ди Би Эм ассет менежмент” гээд хөрөнгө оруулалт менежментийн компанитай. Өөрөөр хэлбэл, энэ компани зүгээр нэг аж ахуйн нэгж биш сангийн хөрөнгө оруулалтыг бодлогынх нь дагуу менежмент хийж удирддаг мэргэжлийн багаас бүрдсэн тусгай зориулалтын компани гэж хэлж болно. Энэ компанийн захирал нь Л.Тэмүүжин гэж залуу бий.
-Заавал тусгай сан байгуулах шаардлагатай юу гэдэг шүүмжлэл мөн гарсан?
-Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан, Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах бодлогын баримт бичиг, гэрээнд заасны дагуу санхүүжилтийг заавал хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, зүгээр нэг арилжааны банкаар дамжуулах биш энэ хөтөлбөр дээр санхүүжилтийн хэлбэрийг хөрөнгө оруулалтын сан байдлаар тусгаж шаардлагатай болсон. Тиймээс Засгийн газрын тогтоолын дагуу Сангийн яамны эх үүсвэрээр хөрөнгө оруулалтын сан байгуулахыг Хөгжлийн банкинд үүрэг болгосон. Энэ дагуу “Ди Би Эм ассет менежмент” компаниас Санхүүгийн зохицуулах хороонд сан байгуулах хүсэлтээ өгч тогтоол шийдвэр нь гарснаар хуулиараа улсын бүртгэлд бүртгүүлэх журамтай.
Хөрөнгө оруулалтын сан өөрийн гэсэн бодлогын баримт бичигтэй. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт болон Хөгжлийн банкны шалгуур хяналтад хэрэгжинэ. Мөн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн дагуу бие даан гүйлгээ хийх, захиран зарцуулах эрхгүй зэргээр нарийн зохицуулалттай.
-Одоо тэгвэл яг ямар процесс өрнөж байна вэ?
-Сангийн яамнаас эх үүсвэр нь Хөгжлийн банк руу орж ирэнгүүт хөрөнгө оруулалтын сан руу шилжүүлнэ. Тус сан системийн нөлөө бүхий буюу арилжааны томоохон банкуудтай хамтраад орон нутагт хэрэгжих ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм.
Сангийн мөнгө орон нутагт хэрэгжих жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл болж очино. Төслийн нөхцөл, шалгуур, хүү зэрэг зээлийн бүтээгдэхүүн дээр сонгон шалгаруулалтаар орж ирсэн зөвлөхийн баг ажиллаж байгаа. Зөвлөхүүд зээлийн нөхцөл, шалгуур үзүүлэлтээ батлуулаад түүнийхээ дагуу хэрэгжүүлнэ.















