АН-ын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан өчигдөр болж, ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогт, дэд даргаар фракцуудын төлөөлөл болгон УИХ-ын гишүүн асан Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Улс төрийн зөвлөлийн гишүүн Ч.Өнөрбаяр нарыг сонголоо. Ингэснээр О.Цогтгэрэл даргын хэлсэнчлэн “Арван жил үүдээ нээгээгүй АН” хаалгаа дэлгэж, удирдлагын багаа бүрэн бүрдүүллээ.
Тус хуралдаанаар 2027 оны Ерөнхийлөгч, 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журмыг тус тус баталсан бөгөөд айсуй сонгуулиудад амжилттай оролцож, олонхын санал авахын төлөөх их ажил тэднийг хүлээж байна.

Тэр дундаа ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт голлох ачааг үүрч, хариуцлага хүлээх хүн нь. Генсекийг сонгох санал хураалтад 338 гишүүн оролцсоноос хүчингүй нэг, дэмжээгүй 113, дэмжсэн 224 саналын дүнгээр буюу 66 хувиар С.Баярцогт сонгогдсон байна. Өчигдөр жинхлэх хүртлээ өөрийн, бас өрөөлийн намынхны хүч хавсарсан, зохион байгуулалттай дайралт, гүтгэлгээр балбуулсан С.Баярцогтыг таамаглашгүй бартаа, саад бишгүй хүлээж буй. 1990 онд Улсын бага хурлын хамгийн залуу гишүүнээр 23 настайдаа сонгогдсоноос нь тооцвол түүний өнгөрсөн 36 жилд туулсан зам мөр ч амар байгаагүй. Хужаа, хулгайч, худалч хэмээгдэн, хамаг муугаар дуудуулж ирсэн ч нам, төр, улсын олон ажлын гацааг гаргаж, хэлэлцээрт хүртэл урагшлуулсан “холбон тоглогч” гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. 2016 оноос эхлэн хоорондоо хөлөө жийлцсэний гороор гурван сонгууль дараалан улс төрийн намын хувьд нар үзээгүй АН-ыг өнөөдрийн түвшинд хүртэл зангидаж, замбараагүй фракц, бүлэглэлүүдийн дунд зуучийн үүрэг гүйцэтгэсэн хүн нь ч С.Баярцогт гэх юм билээ. Гэвч тэд гагнагдсан мэт бүрэн ойлголцсон нь юу л бол. Тэгээд ч АН-ынханд тэгтлээ эв түнжинтэй байсан имиж үгүй. Тэр нь ч тэдний онцлог гэдэг. Ямар ч шийдвэр гаргасан бай ярсхийтэл гараа өргөдөг, үг, үйлдлээрээ хайрцаглагдахдаа амар Ардын намынхнаас үүгээрээ ялгардаг хэмээн өөрсдийгөө тодорхойлдог, АН-ынхан.
Ямартай ч сүүлийн арван жилийн турш салангид, тусдаа явчихсан, эргэж эвлээд гэрэвшиж, бишүүрхсэн хэвээр буй намынхнаа нэг цул болгон, зарчмын ойлголцол, эв нэгдлийг барьж, фракцуудынхаа учир начрыг олох гэж л тэр их улс төрд ил гарч ирлээ.
Одоо ч ороогдон балбуулдаг “Оюутолгой”-н гэрээ, орон шоронд ортлоо буруутгагдаж явахад нь түүнийг эргэж ирнэ гэж хүлээсэн нь хэд бол. Гэвч өдгөө 60 нас шүргэж яваа С.Баярцогт үүнээс өөрөөр буцаж ирэх боломж ч, хугацаа ч үгүй.

Тэрбээр ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараа “Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгогдсон нь манай намынхан маш их итгэл, найдвар хүлээлгэж байгаагийн илэрхийлэл боллоо. Намынхандаа хандаж үг хэлэхдээ АН-ын эв нэгдлийг хангахад анхаарал хандуулахаа онцолсон. Би АН-ын бүх фракцтай гар нийлж ажиллана. Өнөөдөр намайг дэмжээгүй хүмүүсийг дэмждэг болтол нь, хайрлах хүртэл нь үйл ажиллагаагаараа нэгтгэх болно. Фракцуудынхаа төлөөлөлтэй богино хугацаанд уулзаж, саналыг нь сонсон, нэг зүгт чиглүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийнэ. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь намынхаа гүйцэтгэх байгуулага буюу Улс төрийн зөвлөлөө тэргүүлж, Хэрэг эрхлэх газраа удирдаж ажилладаг.
Тиймээс 1980, 1990, 2000 оны төлөөлөл болсон залуучуудыг намынхаа удирдах албанд түлхүү авч ажиллуулна.
2027, 2028 оны сонгуульд ялах нь миний хүсэл биш, монголчуудын захиалга, АН-ын заавал хийх ёстой ажил. Бид маш цомхон Засгийн газрыг санал болгоно. Төрийн зардлыг бууруулна. Хувийн хэвшлээ маш сайн дэмжинэ. Дэлхийд өрсөлдөх чадвартай хувийн хэвшилтэй улс орон л хөгждөг. Үүнийг бид үйл ажиллагаагаараа харуулна. АН-ын даргын баруун, зүүн гар нь ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь намын бүлгийн дарга нар байх ёстой. Удахгүй бүлгийн даргын томилгоог шийднэ” хэмээн хэвлэлийнхэнд товч мэдээлэл өгсөн юм. Өнөөгийн эрх баригчдын захиалгаар тэр ил гарав уу, эв нэгдлийг хангаж чадах уу гэдгийг ирэх өдрүүд харуулах биз ээ.




.jpeg)



.jpg)







