Хэрэв цаг хугацаагаар аялах боломж олдвол би эмээтэй уулзмаар байна. Есдүгээр ангийн хаврын хавсаргатай тэр нэгэн өдөр рүү эргэж очоод эмээгийн хийж өгсөн гурилтай шөлийг идмээр байна. Бас “Баярлалаа эмээ, хайртай шүү” гэж хэлмээр байна. Тэр өдөр миний эмээтэй уулзсан сүүлчийн уулзалт байх юм гэж би мэдээгүй. Түүнээс хойш гурван сарын дараа эмээ минь тэнгэрт дэвшсэн. Тэр үед би эмээгээс хол Улаанбаатар хотод явж байсан. Эмээтэй сүүлийн удаа уулзаж чадаагүй. Эмээтэй уулзсан сүүлийн тэр өдөр эмээгийн төрсөн өдөр байсныг сүүлд би мэдсэн. Эргэж ирээд эмээгийн газар дээр очихдоо томчуудад мэдэгдэхгүйгээр сэмхэн уйлж, сэтгэлийн үгээ чимээгүйхэн эмээдээ хэлж билээ. Эмээгийн тухай эргэж бодоход, дурсахад нүдэнд нулимс дүүрч, хоолой дээр үргэлж нэг юм тээглээд байдаг. Энэ дурсамжийг бичээд сэтгэлд нэг л хүнд оргиод байдаг тэр л зүйлсээ тэнгэрт байгаа эмээдээ захидал болгож бичээд сэтгэлээ онгойлгомоор санагдлаа.
Эмээ таныг бурхан болсны дараа л тэнэгхэн ач охин нь “Эмээ таныг хайртай аавын минь өмөг түшиг байсныг гэнэт ойлгосон”. Аав таны зургийг хамгийн нандин зүйлсээ хадгалдаг шкафныхаа нүдэнд наасан байхыг харсан тэр мөчид л ойлгосон. Эмээг минь Шаравын Норовбадам гэдэг. Сувилагч мэргэжилтэй. Хоёр хүү, дөрвөн охин төрүүлж алдарт эхийн одон хүртэж байжээ. Эмээ таны хайртай хүүхдүүд өвөө эмээ болоод, таны хайртай ач зээ нар бүгдээрээ ээж аав болоод аймаг орон нутагтаа, улсын нийслэлд, алс холын Америкт ч өөр өөрсдийн ажил амьдралыг үргэлжлүүлж явна. Та лав биднийг тэнгэрээс хараад баяртай байдаг байх даа.
Одоо бодоход эмээ таны хайр намайг үргэлж нар шиг тэтгэж байжээ. Би наймдугаар анги төгсдөг зуны амралтаараа буузны гуанзанд нэг сар ажилласан юм. Тэр үед буузны махаа гэртээ авчирч хөшиглөх даалгавар аваад ирэхэд эмээ тэр буузны махыг хөшиглөж өгдөг байж билээ. Тэр үед би эмээдээ баярлалаа гэж хэлээгүй л юм даа. Эмээ бас бидэнд “шороотой хоол” гэж хийж өгдөг байсан. Тэр нь малын цусыг хатааж нүдээд шөлтэй хоол хийж өгөхийг хэлж байгаа юм. Юм юм хомс ховор байсан ерээд онд эмээ хэдэн хөөрхөн ач зээгийнхээ бор ходоодыг ингэж л дүүргэдэг байж дээ. Намайг хоёрдугаар ангид сурч байх үед эмээ манайд нэг сар гаруй хугацаанд амьдарсан. Тэр үедээ аавд минь хурган дотортой дээл оёж өгсөн юм билээ.
Эмээ таны тухай бодоход хамгийн түрүүнд орж ирдэг сайхан дурсамж бол та хоёр гараа нэг тийш нь сунгаад “Дам дара дамда, дам дара дамда” хэмээн аялж монгол бүжгийн хөдөлгөөн хийж бүжиглэж байгаа нь санаанд ордог. Таныг дуурайж би бас хааяа тэгж бүжиглэх дуртай. Та минь “Хүрэн морь” найраглалыг цээжээрээ уншдаг. Арав гаруй насандаа хөдөө хонь хариулж явахдаа сонингийн цаас олж өөрөө уншиж сурсан гэдэг. Та минь их сайн ойтой, цоглог, дайчин хүн байжээ. Эмээ бас нэг удаа Улаанбаатар хотоос ирээд бидэнд “Сувд гэг” киноны талаар шимтэн ярьж өгч байсныг санадаг. Сувд гэг буюу Сяо Янзы гэдэг дүр эмээг бас намайг тэгж их догдлуулсныг гайхах юмгүй. Учир нь эмээ бид хоёрын дотор тийм дэггүй, дэг журамд баригдахыг хүсдэггүй, жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч чадах сэргэлэн цовоо бяцхан охин байсан юм шиг санагддаг. Эмээ охин нь таны үргэлжлэл гэдгээрээ үргэлж бахархдаг. Эмээгийн цус, эмээгийн эрчим энерги миний дотор байгаа гэж бодохоор юуг ч давж чадах юм шиг зориг төрдөг.















.jpg)