Манай үе үеийн Ерөнхий сайд нар өөр, өөрийн гэсэн уриа, лоозонтой байдаг. Түүнийгээ жанжин шугам болгож санал, санаачилга дэвшүүлдэг. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого", "Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагаа", Г.Занданшатар “Цэгцрэх хөдөлгөөн” зэрэг санал санаачилга дэвшүүлж байв. Харин шинэхэн бүрэлдээд буй Засгийн газрын тэргүүн Н.Учрал “Чөлөөлье” гэх санаачилга дэвшүүлж “Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль, журмын хүлээсийг тайлна” хэмээн мэдэгдээд буй.

Тэрээр “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд  “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гаргасан. Тус тогтоолоороо найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөлснөө зарласан юм. Гэтэл бодит байдал дээр түүний энэ амлалт хэрэгжихгүй байна.

Тухайлбал, “Gate” сүлжээ рестораны захирал П.Мөнхсайхан “Энэ улсад бизнес хийж баялаг бүтээнэ гэдэг ял шийтгэл юм. “Gate” 4 дор Караоке ажиллуулж байлаа, тусгай зөвшөөрөлтэй, бүх юм ном журмаараа. Хөөрхөн ашиг орлоготой хэдий ч шөнө орой согтуу хүмүүсийн асуудлаас залхаж Биллиард болгосон. Бүгд л мэдэж байгаа байх. Ашиг орлого хамаагүй бага ч Залуус тоглоод, цагийг зөв боловсон өнгөрүүлээд их гоё байгаа. Оройдоо пиво зарна. Нэг ч асуудал гаралгүй 22:00 цагт дуусна. Их амар. Өмнөх тусгай зөвшөөрөлөөрөө явж болно гээд тоолгүй хаяжээ. Гэтэл заавал дахиж тэр 9 эрүү шиг процессийг туулж дахин тусгай зөвшөөрөл авах ёстой байж. Тэгээгүй гээд 5 саяаар торгуулаад гарч ирлээ. Бага мөнгө биш шүү дээ. Миний эргэн тойронд дүүрэн л тусгай зөвшөөрөлгүй газрууд яаж аргалаад байгаа юм яваад л байх юм. Бүх зүйлийг ном ёсоор нь хийх гэж хичээх тусам туйлдаж гүйцлээ нээрээ. Огт зөвшөөрөлгүй бол яаая гэхэв, дэндүү шударга бус. Хамгийн шударга бизнес. Бүх салбар тусгай зөвшөөрөлтэй, бүх зүйл дээр чанар стандартыг барьж байгаа. Өчнөөн мөнгө зарж хорт хавдарын үндэс болсон транс тосоо хүртэл сольлоо. 100 гаран ажлын байр байна. Хангалттай их татвар хариуцлагатайгаар төлж байна. Ерөнхий сайд нь хүртэл огт хэрэгжихгүй худлаа ажилаар попроно. Би зүгээр л гомдож байна” гэв.

Ерөнхий сайд нь бизнесийг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөлсөн гэж цээжээ дэлдэн попорч байх үед ард иргэд нь өнөөх л балчиг намагтаа шигдсэн хэвээрээ байна. Татвар, элдэв зөвшөөрөл, дарамт шахалтад дарагдсан баялаг бүтээгчид ийм л цөхөрсөн байдалтайгаар өдөр хоногийг аргацааж байна. Гэтэл өдөр ирэх тусам Засгийн газрын тэргүүнийх нь попролт хэрээс хэтэрсээр.

Өнөөдөр л гэхэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай цахим дуудлага хийж ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан үр дүнгийнх нь талаар асууж байх жишээтэй. Төрийн ажил хэзээнээс салан задгай, эрэмбэ дараагүй явдаг болчхов.

Өнөөдөр төрийн бүх л байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн алба, хэлтэстэй, муухан телевизээс дээр студитэй болсон. Иргэд, олон нийтэд төрийн үйл ажиллагааг цаг алдалгүй түргэн шуурхай, үнэн бодит хүргэх үүрэг нь тэднийх. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь цахим хаягаараа сайдтайгаа буу халангаа төрийн ажлыг яриад сууж байх нь хэр зүйд нийцэх юм. Ер нь Ерөнхий сайд Н.Учрал хэрэгжих, хэрэгжихгүй олон арван чөлөөлөлт ярьж байхаар эхлээд өөрийгөө популизмаас чөлөөлсөн нь түмэн олонд арай хохирол багатай юмдаг уу даа.