УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар АН-ынхан Ерөнхий сайд Н.Учралтай “Авлигажуулсан Монгол” сэдвээр мэтгэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 13 жилийн өмнө АН-ын дарга, Ерөнхий сайд байхдаа “авлигажсан төсөв” гэх нэршлийг нийтэд танилцуулж, төсвийн хөрөнгө оруулалтын өртгийг өндөр тавьж, дундаас нь “иддэг” байсан төрийнхнийг шүүмжлэн тэмцэж байв. Тэгвэл энэ удаа АН-ынхан сөрөг хүчний хувьд “Сүүлийн 10 жилийн турш эрх барьж буй Ардын намынхан авлигыг зохион байгуулалттай, системтэй хэлбэрт оруулсан” хэмээх шүүмжлэлт агуулгыг “Авлигажуулсан Монгол” мэтгэлцээнээр дамжуулан илэрхийлж, МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралаар хүлээн зөвшөөрүүлэхийг зорьсон ч өөрсдөдөө оноо авч чадсангүй. Харин ч мэтгэлцээний индэр нь Ерөнхий сайд, МАН-ын даргын ажлын тайлан, амлалтын талбар болж хувирав.
Өөрөөр хэлбэл, сөрөг хүчнийхэн сайн мэтгэлцсэнгүй, Н.Учрал ч уран ярихаас хэтэрсэнгүй.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдад асуулт тавих гишүүд асуултаа долоо хоногийн өмнө Спикерт бичгээр хүргүүлсэн. Улмаар УИХ-ын дарга асуултуудыг нь нэгтгэн Ерөнхий сайдад танилцуулдаг учраас мэтгэлцэгч талуудын аль аль нь бэлтгэлтэй байх учиртай. Мэтгэлцээний эхэнд АН-ын дарга, УИХ дахь цөөнхийн бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдаас “Монгол Улс авлигажсан гэдэгтэй санал нийлэх үү” хэмээн асуухад тэрбээр тодорхой хариулт өгсөнгүй.
Харин О.Цогтгэрэл дарга өөрөө асуугаад, өөрөө хариулж буй аятай “Та миний асуултад хариулсангүй. Гэхдээ таныг санал нийлж байгаа гэж бодож байна” гэхэд Н.Учрал сайд “Эрх чөлөөний дөрвөн зам” бодлогоо ярихын сацуу авлигатай тэмцэх нь түүний Засгийн газрын нэн тэргүүний ажил байна гэх мэтээр хийсэн болон хийх зүйлсээ танилцуулаад, “Авлигын эсрэг тэмцэлд хамтрах санал тавьж байна, Цогоо дарга аа” хэмээн талархсанаа илэрхийлэх нь тэр.
О.Цогтгэрэл дарга ч түүнийг зоригтой ажиллахыг хүсээд, АН дэмжиж ажиллана гэв ээ.
Мөн гишүүн Г.Очирбат танхимын сайд нараас нь авлигын хэрэгт холбогдвол Ерөнхий сайдын хувьд хариуцлага хүлээн огцорч чадах, эсэхийг тодруулахад тодорхой хариулт өгсөнгүй.
Дараа нь гишүүн С.Эрдэнэболд МАН-ын даргын хувьд намынхаа авлигатай тэмцэхэд ямар саад, бэрхшээл байгааг нь асуугаад, “Та нар намын дарга, Ерөнхий сайдаараа туг тахьдаг шүү. Ерөнхий сайд чинь зориг гаргана гэж байхад олигтойхон шиг ажиллаарай. Намын даргынхаа төлөө шударга ажиллаарай” хэмээн Н.Учралын урдуур хөндөлсөн сайд нарыг нь, танхимын гишүүдийг нь загнах нь зусар санагдсаныг нуух юун.

Харин Ерөнхий сайдын АН, МАН гэлтгүй нам бүр дотроо авлигатайгаа тэмцье гэх хэдэнтээ давтсан үгийн хариуд гишүүн Ө.Шижир “2016 оны сонгуулийн үеэр саяар яригддаг байсан авлигын хэмжээ өдгөө хэдэн их наяд төгрөгт хүрч, зуу зуун сая ам.доллароор хэмжигдэх боллоо. Эрх барьж байгаа, татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа газар л авлига байгаа шүү дээ” хэмээн сөрнө лээ.
Мөн гишүүн С.Бямбасүрэн “Авлига, хууль бус зүйлстэй холбогдсон, ял шийтгүүлсэн хүмүүс төрд, шийдвэр гаргагчдад ойр дотно шадарлаж явааг харсан ард түмний төрөө гэх итгэл алдрах нь зүйн хэрэг” гэж сануулаад, “ЖДҮ”-гийн гэх хулгайд Ерөнхий сайд Н.Учрал өөрөө холбогдсоныг нь ч хатуухан хэлэв.
Үүнд тэрбээр “Миний бүх зүйл ил. Би тэдгээр сангаас юу ч аваагүй. Аав, ээж минь ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрал ахуйгаа авч явж ирсэн” гэхээс өөрийг дурдсангүй.
Түүнчлэн гишүүн Д.Батбаяр ирэх онд авлигын төсөөллийн индексээ сайжруулж чадахгүй бол Ерөнхий сайдын хувьд хариуцлага хүлээх, эсэхийг нь тодруулахад ч эрх баригч намын дарга тодорхой хариулаагүй. Бас гишүүн Ц.Баатархүү “Ардчиллын баянбүрд байсан Монгол авлигын баянбүрд болсон. Манай төр авлигад ялагдсан” гэхэд Н.Учрал сайд “Адилхан залуу хүн байж юун амархан бууж өгдөг юм бэ. Би лав бууж өгөхгүй. Авлигын баянбүрд гэж хэлж болохгүй. Манайд ардчилал бий” хэмээн сөрөг хүчний гишүүний сөрөг, гутрангийг гайхна лээ.















.jpg)

