Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын санаачилгаар салбарын хэмжээнд 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Ингэхдээ 106.6 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргаж, жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох зэрэг арга хэмжээ авах тухай мэдэгдээд буй.
Тэгвэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төсөв мөнгөний гачигдлаас илүүтэй өгснөө авч чаддаггүйн зовлон байна гэдгийг 2025 оны аудитын тайлангаас харж болохоор байна.

Үндэсний аудитын газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2025 оны санхүүгийн тайлангийн аудитаар тус байгууллагыг зээлийнхээ авлагыг бодитоор барагдуулах чиглэлээр хэд хэдэн албан шаардлага өгчээ.  
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дамжуулан зээлээр олгосон зээлийн өмнөх оны авлагын үлдэгдлээс 5,8-хан хувийг барагдуулсан байна. Тодруулбал, 2013 онд “Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдээр үйлдвэрлүүлэх” зорилгоор Оёдлын нэгдсэн холбоонд 17 тэрбум төгрөгийн зээл олгосон. Өнгөрсөн хугацаанд тус зээлийн үлдэгдэл 15.6 тэрбум төгрөг байгаагаас өнгөрсөн онд 1.1 тэрбум төгрөг буюу 7.5 хувийг төлүүлжээ. Харин одоо 14.4 тэрбум төгрөг үлдээд байна.

Өөрөөр хэлбэл, Оёдлын нэгдсэн холбоонд олгосон 17 тэрбум төгрөгийн зээлээс 13 жилийн хугацаанд 2.6-хан тэрбум төгрөг төлүүлжээ.

Капитал банканд байршуулсан ХЭДС-ийн хөрөнгийн нийт үлдэгдэл 3 тэрбум 865 сая төгрөг байснаас 2024 онд 36.6 сая төгрөгийн үнэ бүхий авто машиныг үлдэгдэлд тооцон авчээ. Гэвч уг автомашиныг одоог болтол худалдан борлуулаагүй, автомашины элэгдэл хорогдол жил бүр нэмэгдэж, үнэ цэн нь буурах эрсдэлтэй байна. Капитал банк Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 3 тэрбум 829 сая төгрөгийн үлдэгдэлтэй.

Анод банканд 2005-2008 онд байршуулсан 800 сая төгрөгийн авлагаас огт барагдуулаагүй байна.

Засгийн газрын 2002 оны 43 дугаар тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох журам”-ыг баталсан. Энэ дагуу 2003-2017 онд олгосон зээлээс 11 иргэн, аж ахуй нэгжид олгосон жижиг зээлийн хугацаа хэтэрсэн, Шүүхийн шийдвэртэй 430 орчим сая төгрөгийн авлагатай байна. Гэвч 2025 онд 7.3 хувь буюу 31.4 сая төгрөгийг барагдуулсан байна.

Иймд Үндэсний аудитын газраас зээлээ эргэн төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн этгээдийг олон нийтэд мэдээлээгүй, зөрчлийг арилгаж, авлагын үлдэгдлийг 30-аас доошгүй хувиар барагдуулах арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлжээ.

2016-2021 онд орон нутаг, нийслэлийн иргэн аж, ахуй нэгжид гурван жилийн хугацаатай хүүгүй зээл олгосноос 4.6 тэрбум төгрөгийг эргэн төлүүлж, 8.2 тэрбум төгрөгийн авлага үлджээ.


Түүнчлэн 2022 онд орон нутаг, нийслэлийн 4420 иргэн, аж ахуйн нэгжид 3 жилийн хугацаатай, хүүгүй 14.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Уг зээлээс хугацаа хэтэрсэн 6.5 тэрбум төгрөгийн авлага үүссэн байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй этгээдийн бүртгэл хөтөлж, олон нийтэд мэдээлэхийг сануулжээ.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн харьяа 33 сангийн 2025 оны санхүүгийн тайлангийн аудитаар нийт 15.7 тэрбум төгрөгийн 80 алдаа, зөрчил илэрсэн аж.