Туулын хурдны зам төсөл нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3, 4, 11, 17, 19, 20, 22, 24 дүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11, 23, 26, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон хот доторх анхны хурдны зам болох юм. Туулын хурдны замын үндсэн трассын нийт урт нь 32 км. Туулын хурдны зам төслийн барилга байгууламжийн ажлын явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг боловсруулсан байна. Тус үнэлгээгээр хатуу хучилттай авто зам байгуулах нь улс, орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй төв, орон нутгийн ачаа эргэлтийг сайжруулах, хүн амыг зах зээлд ойртуулах, тээврийн хэрэгслийн эвдрэл, саатлыг багасгах, байгаль орчны бохирдол, хөрсний эвдрэл доройтлыг багасгах зэрэг олон эерэг талтайг үнэлжээ.

Зам барилгын ажлын үед далангийн суурь, карьер, ажилчдын суурин, түр зам барихад хөрсийг хуулж овоолго үүсгэн стандартын дагуу хадгалахыг мөрдлөг болгосон аж. Нийт биологийн нөхөн сэргээлт хийх ажлын талбай 131.16 га байна. Үүнд карьер, ажилчдын суурин, үйлдвэрийн талбай, түр зам зэрэг орно.

Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчид дараах шаардлагыг тавьж буй. Тодруулбал, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг багасгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан байгаль хамгаалах төлөвлөгөө болон орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг мөрдөн цаг хугацаанд нь хэрэгжүүлж, Монгол Улсын холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдийг мөрдлөг болгон ажиллах нөхцөлтэй.

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө:

Улаанбаатар хотын “Туулын хурдны зам” барих төслийн хүрээнд гүйцэтгэгчийн мөрдөн ажиллах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” Монгол Улсын хууль, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А-117 дугаар тушаалын 2 дугаар хавсралт “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал”, Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 2 дугаар хэсэгт тусгасны дагуу, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүн зэрэгт тулгуурлан боловсруулжээ.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр байгаль орчныг хамгаалах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ.

Үүнд, агаар, ус, хөрсөн бүрхэвч, ургамал, амьтан болон тухайн орчинд ажиллаж буй хүмүүст төслөөс үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, бууруулах, арга хэмжээг тогтоож, дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх явцад мөрдөх эрх зүйн баримт бичгийг тодорхойлох, шаардлагатай хөрөнгө зардлыг урьдчилсан байдлаар тооцож тодорхойлсон байна.

Төсөл хэрэгжүүлэгч байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн орон нутгийн байгаль орчныг хамгаалах тусгай дансанд төвлөрүүлнэ.

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний ихэнх хэсэг байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөртэй нягт уялдах бөгөөд төслийн хэрэгжилтийн бүхий л хугацааны туршид газрын доорх ус, хөрсний чанар, ургамалжилт, амьтны аймагт гарч байгаа өөрчлөлтүүдийг тухай бүрд нь шинжилж, холбогдох арга хэмжээг жил бүрийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж байх шаардлагатай. Төлөвлөгөөний биелэлтийн үр дүнгийн жил бүрийн тайланг тухайн оны 12 дугаар сарын 1-ний дотор холбогдох яаманд хүргүүлж, орон нутгийн засаг захиргааны байгууллага, нутгийн оршин суугчдад танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах талаар тусгажээ.