Улаанбаатар хотын түгжрэл бол шинэ асуудал биш. Өдөрт хэдэн цагийг зам дээр өнгөрөөх нь бараг хэвийн үзэгдэл болсон. Судалгаагаар нийслэлийн жолооч нар жилдээ бараг 30 орчим хоногийг түгжрэлд алдаж байна. Зам дээрх дундаж хурд зарим үед 7-13 км/цаг. Энэ бол зам биш, зогсолт. Ийм нөхцөлд Туул голын дагуу 32 км урт, зургаан эгнээ хурдны зам барих төсөл гарч ирсэн нь ойлгомжтой. Хот тэлж байна, машин нэмэгдэж байна. Зам нэмэх шаардлага байгаа. Гэхдээ асуудал нь өөр.

Зам хэрэгтэй юу гэдэг биш. Энэ зам зөв шийдэл үү гэдэг дээр маргаан үүсээд байна.

Түгжрэлийг замаар шийддэг үү? Үүнд дэлхий аль хэдийнэ хариулсан байдаг.

• Лос Анжелес - хурдны замаа тэлсээр ирсэн. Үр дүн? Түгжрэл улам нэмэгдсэн.

• Хьюстон - 26 эгнээ зам барьсан ч түгжрэл буураагүй, харин урсгал нэмэгдсэн.

Үүнийг эдийн засагчид “induced demand” гэж нэрлэдэг: зам нэмэх тусам машин нэмэгддэг.

Өөрөөр хэлбэл: Зам барих нь түгжрэлийг шийдэхгүй, түр хугацаанд л “сунгадаг”

Зарим хүмүүс бас судлаад бичсэн байна:

• Сөүл нэг хурдны замаа буулгаж, голоо сэргээсэн

• Парис автомашины замыг багасгаж, нийтийн тээврийг дэмжсэн

• Сингапур машины тоог бодлогоор хязгаарласан

Эдгээр хотууд нэг зүйлийг ойлгосон: түгжрэлийг замаар биш, системээр шийддэг.

Гэтэл:

• Манайд нийтийн тээвэр хангалттай биш-та ажил цуглах, тарах цагаар автобусанд суугаад үзээрэй, мэдрэх болно. Сууж чадах нь уу?!

• Машины тоог хүчээр буюу дугаар, үйлдвэрлэсэн оноор хязгаарлаад байгаа. Хариуд нь далд наймаа хөгжөөд байх шиг.

Туул бол зам биш, амьдралын эх үүсвэр

Туул гол бол зүгээр нэг гол биш. Улаанбаатар хотын усны гол эх үүсвэр.

Төслийн дагуу:

• голын сав дагуу зам тавина

• хэдэн зуун тулгуур байгууламж суурилуулна

• эргийн экосистемд нөлөөлнө

Иргэдийн эсэргүүцэл “зам хэрэггүй” гэдэг дээр биш. “Яагаад заавал гол дээр?” гэдэг дээр төвлөрч байна.

Мөнгө, эрсдэл, бодит байдал

Энэ төсөл ойролцоогоор 2.3 их наяд төгрөгийн өртөгтэй гэж яригдаж байна Нэг км нь хэдэн арван тэрбум төгрөг.

Дэлхийн туршлага харуулдаг:

• том дэд бүтцийн төслүүдийн зардал ихэнхдээ багаар тооцоологддог

• хэрэгжилтийн явцад зардал өсдөг

Өөрөөр хэлбэл: “анх хэлсэн ашиг” ба “бодит үр дүн” хоёр ихэнхдээ зөрдөг

Монголд өмнөх жишээнүүд ч үүнийг баталж байгаа.

Түгжрэлийн жинхэнэ шалтгаан юу вэ?

Улаанбаатарын асуудал зам багад биш.

• Машины тоо хэт их

• Нийтийн тээвэр сул

• Хот төлөвлөлт алдагдсан

• Ажлын байр, үйлчилгээ төвлөрсөн

Энэ бүхнийг шийдэхгүйгээр нэг зам нэмэх нь далайд дусал нэмэхтэй адил.

Дүгнэлт: Шийдэх үү, эсвэл зүгээр харагдуулах уу?

Туулын хурдны зам бол зүгээр нэг дэд бүтцийн төсөл биш. Энэ бол:

• хот төлөвлөлтийн сонголт

• байгаль орчны шийдвэр

• ирээдүйн чиг хандлагын дохио

Хэрвээ бид:

• зам нэмж байгаагаа хөгжлийн хэмжүүр гэж үзсээр байвал

• системийн асуудлаа тойрч гарсаар байвал

маргааш дахиад: “дахиад нэг зам барья” гэдэг яриа эхэлнэ.

Түгжрэлийг шийдэх хамгийн амархан арга бол зам барих. Харин хамгийн зөв арга бол хэцүү шийдвэр гаргах. Туул голын дагуу зам барих эсэх асуудал яг үнэндээ нэг л зүйлийг асууж байна: Бид хотыг машинд зориулж хөгжүүлэх үү, эсвэл хүнд зориулж хөгжүүлэх үү?