Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд өнөө өглөө 10:00 цагт эхлэх товтой байсан. Хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал зэрэг нийт 22 асуудлыг хэлэлцэхээр товлосон байжээ. Тэгвэл Ардчилсан намын бүлгээс хойшлуулах хүсэлт гаргасны дагуу хуралдааныг түр хойшлуулсан тухай НИТХ-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн юм.
АН хэлэлцэх асуудлын жагсаалтаас зөвхөн Туулын хурдны замын асуудлыг хасах санал гаргасан бөгөөд хурлыг хойшлуулах санал гаргаагүй тул бусад тулгамдсан асуудлаа хэлэлцэх ёстой гэж үзэн МАН-ын бүлгийн төлөөлөгчид хуралдааныг товлосон цагт нь эхлүүлэхийг шаардан танхимдаа хүлээж, ээлж дараалан байр сууриа илэрхийлсээр байв.

Гэвч НИТХ-ын дарга А.Баяр хурлаа нээхгүй бүтэн зургаан цаг өнгөрч байгаа аж. Ийнхүү төрийн албан хаагчид хуралдаан эхлэхийг бүтэн өдөржин хүлээснээр, төрийн ажил тодорхойгүй хугацаагаар гацлаа.
НИТХ хуралдахгүй байх нь улс төрийн маргаан мэт харагдавч, бодит байдал дээр хотын хөгжил, төрийн ажил, бизнесийн орчин, эцэстээ иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөө үзүүлнэ гэдгийг төлөөлөгчид ярилаа. Өөрөөр хэлбэл, МАН-ын дотоод зөрчил өнгөрсөн намраас хойш Тусгаар тогтнолын ордноос Төрийн ордон руу хальж намар, зунжин төрийн ажлыг гацаасан бол сүүлийн өдрүүдэд Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор хотын захиргааг онилжээ. Ингэхдээ хотын дарга Х.Нямбаатар, НИТХ-ын дарга А.Баяр нарын хооронд тэмцэл өрнөж хуралдааныг гацаагаад байна.














