Өнөөдөр Монголд Х.Нямбаатар шиг муу алга болов бололтой. Сошиал орчин түүний талаарх сөрөг мэдээллээр бүр гулгиж байна. 1.6 сая хүн амтай том хотын даргаар ирсэн тэрээр олон ч шүүмжлэлд өртөж, элдэв нэр хоч зүүсээр ирсэн. Түүний нэг нь Туулын хурдын замын төслийг эхлүүлэхээр шийдсэн явдал байв. Олон жил яригдсан Туулын хурдны замын төслийг эхлүүлнэ гэж шийдсэнээрээ тэр галыг өөр дээрээ авч, төслийг эсэргүүцэгчдийн гол дайсан нь болоод буй. Энэ хэмжээний том төсөлд ийм хэмжээний акц, хэлэлцүүлэг, талцал үүсэх нь дамжиггүй. Аль аль тал ажлаа хийж, хэлцэх, хэлэлцэх үйл явц өрнөж байгаа нь зүйн хэрэг биз.
Үүнтэй зэрэгцээд түүний охинтой холбоотой мэдээллүүд инстаграммаас “алдагдаж” дуулиан боллоо. Монголд 1кг мах 30 мянган төгрөгт хүрсэн энэ үед хотын даргын охин нохойгоо стейкээр хооллосон нь олны эгдүүцлийг эрхгүй төрүүлсэн. Үүнд Х.Нямбаатар “Охиныг минь сэхээнээс гараад удаагүй байхад янз бүрийн зүйл явуулаад байгаад нь л дургүй хүрсэн. Миний охин хар багаасаа нохой тэжээсэн. Өөрөө нохойны хоол буюу хатаасан мах хийж, зардаг. Түүнийгээ сурталчилсан нь хууль зөрчсөн асуудал юм уу” хэмээн тайлбарласан юм. Нэмээд “Манай гэрийн дээгүүр дрон нисгэж, машинтай араас дагаж байна” гэж гомдоллоод авна лээ.
Түүнтэй холбоотой хэл ам, хэрүүл тэмцэл энэ хүрээд зогссонгүй. Өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нарын нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж, саатуулсан. Энэ асуудалтай холбоотойгоор Х.Нямбаатар “Намайг тойруулж “буудаж” олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм. Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна. Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь 2 арга бий.
1. Намын хурлаар
2. Хонгилоор
Мэдээж хоёрдохыг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга. Үүр шөнийн баривчилгааны мэдээг цаг алдалгүй Ts.Uyanga тэргүүтэй төрийн төв хэвлэлүүд мэдээлэх юм. Бүгд Туулын замыг эсэргүүцсэн бригадууд” гэжээ. Товчхондоо Туулын хурдны замын төсөл түүнийг суудлаас нь буулгах зам руу хөтөлжээ. АТГ түүний гар, хөлүүдийг шалгаж эхэлсэн нь ч үүнийг нотолж буй хэрэг биз.
Энэ бүхнээс үзвэл МАН-ын хагарал хот руу халдаж, магадгүй дараагийн хотын дарга зангиагаа зүүж, гутлаа тосолж буй бололтой. “Шадав нь авна уу, Готов нь авна уу” өнөөдөр бидэнд тийм ч хамаатай биш. Гагцхүү хотын дарга хэн байхаас үл шалтгаалж “Улаанбаатар” гэдэг өрх айлын амьдрал урагшилж байх ёстойг эрх биш төрд сандайлагчид мэдэж байгаа гэж найдъя.














