Олон улсын парламентын холбооны (ОУПХ)-ны 152 дугаар ассамблей болон холбогдох бусад хурал Туркийн Истанбул хотод энэ сарын 15-19-нд болсон. Энэ үеэр Парламентчдын хүний эрхийн хорооноос Монгол Улсын парламентын гишүүн Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгаж буйд харамсаж байгаагаа илэрхийлж, парламентчийнх нь хувьд бүрэн эрхийг нь зөрчиж, айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хаах гэх мэт зөрчил гарч байгаа талаар цаашид тус хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтсоноо зарласан. Мөн цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа явуулж, ялгаварлан гадуурхаж байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг УИХ-д даалгасан юм.

Парламентчдын хүний эрхийн хороо энэ удаа нийт 17 улсын парламентын гишүүний эрх, зөрчигдсөн эсэх талаарх мэдээллийг тус хуралд оролцсон 400-гаад парламентчдад танилцуулж, шийдвэр гаргасны нэг нь Х.Булгантуяатай холбоотой.

Тэгвэл манай парламент эл шийдвэрт ажил хэрэгч хандаж, мөрөөр нь идэвхтэй үйл ажиллагаа явуулах, эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал, 152 дугаар ассамблей болж өнгөрснөөс хойш нэлээд хэд хоногийн дараа УИХ-ын албан ёсны вэв сайтад ОУПХ хуралдсан гэх мэдээллийг нийтэлж, ингэхдээ Х.Булгантуяатай холбоотой шийдвэрийн талаар цэг ч хатгасангүй.

Тэгээд ч Х.Булгантуяаг асуудалд “оруулсан” хуралдааныг даргалж байхад нь өнөөгийн УИХ-ын дарга С.Бямбацогт “Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулбал төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болж магадгүй. Хууль сануулъя” гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Спикерт түүнийг “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэг үйлдсэн гэх өндөр итгэл үнэмшил байх магадлалтай.

Иймд УИХ-ыг С.Бямбацогт удирдаж байгаа цагт Х.Булгантуяагийн төлөө Монголын парламент хуруугаа хөдөлгөх нь бүү хэл, харин ч буланд шахаж, ялгаварлан гадуурхаж мэдэхээр нь байна.  

ОУПХ-ны хувьд гомдолд үндэслэн хэрэг нээж, мэргэжлийн экспертүүд шинжилгээ хийсний үндсэн дээр шийдвэр гаргадаг. Гишүүн Х.Булгантуяатай холбоотой асуудлаар хэд хэдэн гомдлыг тус байгууллагын Парламентын хүний эрхийн хороонд ирүүлээд буй юм билээ. Улмаар ОУПХ гаргасан шийдвэртэйгээ холбогдуулан тухайн улсын эрх баригчдад дипломат шахалт үзүүлэх, шаардах, хэлэлцээ хийх, шаардлагатай тохиолдолд өөрсдөө болон төлөөлөл илгээн шүүх хуралд оролцох гээд олон хэлбэрээр парламентчийн эрхийг хамгаалахын төлөө ажилладаг. Парламентын гишүүн нь ард түмний дуу хоолой, тэдний сонгосон төлөөлөл учраас тэднийг хамгаална гэдэг нь тухайн улсын ардчилал, хууль ёсны засаглалыг хамгаалж байгаа суурь агуулгыг тээж буй хэрэг. Тиймээс ч тус хорооны шийдвэрийн мөрөөр улс төрийн хилс хэргүүдийг цагаатгасан, үндэслэлгүйгээр шийтгүүлсэн парламентчийн эрхийг хангасан тохиолдол цөөнгүй.

Харин манайд “парламентын дархлаа” гэж амтай болгон ярьж буй энэ үед Х.Булгантуяад холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэх, ОУПХ-ны шийдвэрийг яаж хүлээж авах вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Сануулбал, ОУПХ нь С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг 2000 оноос хойш анхааралдаа авч, Монголд ажлын хэсэг нь гурван удаа ирж ажилласан байдаг. Ингэхдээ уг хэргийн илрүүлэлт, шүүх хуралдааны ил тод байдалд хяналт тавьж, хүний эрх зөрчигдсөн, эсэхэд хяналт тавьдаг. Хамгийн сүүлд буюу 2026 оны хоёрдугаар сард Парламентчийн хүний эрхийн хорооноос шийдвэр гаргаж, УИХ-д энэ хэрэг дээр ахиц гаргахад анхаарахыг хүссэн чиглэл ирүүлсэн байгаа юм билээ.