Өнөөдөр УИХ-ын Тамгын газар байгуулагдсан түүхэн өдөр. 1990 оны есдүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлын дарга 04 тоот захирамж гаргаж, Улсын Бага Хурлын Тамгын газрыг байгуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын мэргэжлийн ажлын албаны шинэ үеийн түүхийг эхлүүлж, өнөөдрийг хүргэсэн хүн бүрт ойн баярын мэнд дэвшүүлье.

Өдгөөгөөс 36 жилийн өмнө Зохион байгуулалтын хэлтэс, Зөвлөгчдийн товчоон, Орон нутгийн Ардын хурлын ажлын хэсэг гэсэн гурван бүтцэд нийт 56 хүний орон тоотой байгуулагдсан Тамгын газар өдгөө есөн газар, зургаан хэлтэс, долоон алба, нэг цехээс гадна дэргэдээ Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн бүхий өнөр өтгөн хамт олон болж.

Тэдний удирдлагыг 2019 оноос Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга бус, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх болсон нь Монгол Улсад ардчилал, эрх зүйт төрийг төлөвшүүлэн хөгжүүлэх, парламентат ёсны үнэт зүйлсийг эрхэмлэн залгамжлуулах гэсэн бодлогын илрэл байв.

Одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нь байнгын ажиллагаатай парламентын 30 гаруй жилийн түүхэн дэх анхны эмэгтэй, бас хоёр дахиа томилогдон ажиллаж буйг зориуд тэмдэглэе. Ямартай ч Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлдэг парламентын мэргэшсэн ажлын алба болох Тамгын газрын түүх жилээс жилд өөр өөрийн өнгө төрхөөр баяжин, үйл ажиллагаа нь илүү боловсронгуй болж буй гэдэгт итгэнэм.

Гэхдээ тэд өнөөдөр, түүхэн ойн өдрөө төрийн түшээдийг хүлээж барав.

Энэ өдөр өглөөнөөс хойш дөрвөн ч байнгын хороо хуралдаж, энэ оны төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах товтой ч ирц бүрдэхгүйн улмаас эхэлсэн ч үгүй.

16.00 цагаас Төсвийн байнгын хороо хуралдах ёстой ч 19.00 цаг өнгөртөл ирц бүрдээгүй л байв. Уг нь улсын төсвийг тодотгох зорилгоор УИХ-ын 2026 оны намрын чуулганыг нээхээс даруй долоо хоногийн өмнө ээлжит бусаар хуралдаж, хэлэлцүүлгийг нь эхлүүлсэн ч өнөө хэр батлаагүй л байна. Энэ сарын 15-нд ээлжит чуулганыг эхлүүлсэн ч хуралдсан нь тун цөөн. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг огцруулж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох гэж тамаа цайв. Гишүүд АН, МАН гэлтгүй тал талд булагнан шивнэлдсээр долоо хоног дамнуулан байж хийсэн томилгооны дараа тэд дахиад л тарж одов. Эндээс харвал маргааш нэгдсэн хуралдаан болох, эсэх нь тодорхойгүй. Ирэх долоо хоногт ч ирц бүрдэх, эсэх нь эргэлзээтэй. Байнгын ажиллагаатай парламент нь бараг хуралдахаа болилоо, хөөрхий.