Монгол Улсын Ерөнхий сайд ард түмэнд худал хэлж, хулхи зангаа харуулав. Ерөнхий сайд Н.Учрал ердөө хоёр сар гаруйн өмнө “2026 он дуустал дизель түлш болон АИ92 шатахууны үнийг нэмэхгүй” хэмээн ам мөчиг өгсөн. Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр төрийн тэргүүнийг Казахстан улсад айлчлах үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай Ерөнхий сайд Н.Учрал видео дуудлага хийхдээ “Шатахууны үнэ өнөөдрийнхөөс нэмэгдэхгүй гэдгийг иргэдэд дуулгахад таатай байна. Олон улсын хурцадмал нөхцөл байдлыг хамтдаа даван туулах ёстой. Цаг алдахгүй арга хэмжээ авлаа. Сайн ажиллалаа” хэмээн попорч байв. Монголчууд энэ үгэнд нь итгэж тайвширсан, ажлаа төлөвлөсөн.
Гэвч удалгүй монголчуудыг, их хотын 1.5 сая иргэн нийтээрээ амралт зугаалгаар явах хооронд АИ92 шатахууны үнийг литр тутамд нь 250 төгрөгөөр огцом нэмж гэнэтийн “бэлэг” барьж чадлаа.

Нэг литр тутам 250 төгрөгөөр шатахуун нэмэгдэнэ гэдэг тоглоом биш. Иргэдийн нуруун дээрх ачаа ихээхэн хүндэрнэ.
Үнэндээ төр засаг нь түмэн олноо ингэж нэг л өглөө “залилна” гэж зүүдлээ ч үгүй монголчууд наадмын амралтын 10 хоногт шатахуунд оочерлож, төлөвлөөгүй зардал хэд дахин нугаларч хээр хононгоо алдав.
Амарч зугаалах манатай ард иргэдээ стресс бухимдалд “булж” орхилоо. Гэтэл үүний дараа хэн ч юу ч ярьсангүй, уучлал гуйсангүй. Хариуцлага ч сөхөгдсөнгүй. Харин бүр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Шатахуун тасалдах нь түгжрэлд нэмэртэй” хэмээн түмэн олноор даажигнаж, доромжилж, маазарч авлаа.
Уг нь улс орнууд геополитикийн нөхцөл байдалд урьдаас бэлтгэж ирсэн. Түлш шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаатай холбоотойгоор дэлхийн 100 гаруй улс бэлэн байдлын зохицуулалтын арга хэмжээ авч эхэлснийг олон улсын хэвлэлүүд онцолж анхааруулсаар байв. Улс орнууд татварын зохицуулалт, цахилгаан машин руу шилжих зэргээр олон талын шийдлийг нэвтрүүлж байна.
Гэвч Монголд ямар ч бэлтгэл бэлэн байдал, алсын хараа алга.
Төр нь шатахууны үнийг нэмсэн хойно нь мэдэж, хувийн хэвшлийн хэдэн компаниудаа царайчилж суух жишээтэй. Ер нь Г.Дамдинням сайд салбарыг удирдсанаас хойш хөхөө өвлийн хүйтэн, халуун зунаар ч монголчуудыг хэд хэд явгаллаа. Энэ янзаараа намар өвөл ч зутрах нь гарцаагүй.

Н.Учралын Засгийн газар байгуулагдаад махны үнэтэй дайн зарлаж эхэлсэн. Ингэхдээ нөөцийн махны хомсдолын хариуцлагыг хотын удирдлагуудад үүрүүлж ажлаас нь халаад ханцуй шамлан орж буйгаа зарлахдаа баахан гоё ганган рийл, постероор өдөр шөнөгүй нүдэв. Ерөнхий сайд тавдугаар сарын 16-нд “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзахдаа “Хот үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул хариуцлага тооцно. Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна. Малчдад хохирол багатай, хэрэглэгчдээ дэмжих байдлаар шийдвэр гаргана” гэсэн нь бас л хоосон попрол байсныг одоо иргэд харж мэдэрч байна.
Энэ Засгийн газар махны үнийг бууруулах ямар ч шийдэл хайсангүй, шийдвэр ч гаргасангүй. Үндсэндээ, Х.Нямбаатар ч ажлаа өгсөн махны үнэ ч өдий хүртэл буурсангүй. Бахь байдгаараа, харин ч эсрэгээрээ мах магнаг боллоо. Махны үнийг барьж тогтоох нь битгий хэл бүр алдаж "асгалаа".
Ирэх сарын 1-нээс зам ашигласны төлбөр 5 дахин нэмэгдэж, суудлын автомашин 1000-аас 5000 төгрөг болж, том оврын автомашин 10 мянгаас 20 мянган төгрөг болох шийдвэр гарлаа. Бензин шатахуун, махны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өслөө. Мах, гурил, төмс, будаа бүгд дабльдлаа. Атал төр засаг ард түмний амьдрал руу өнгийж ч харсангүй. Баахан баяр ёслол, наадам цэнгээн хийлээ.
Энэ мэтээр бэлтгэлгүй, бэлэн амнаас өөр шийдэлгүй, бодлогогүй, алсын хараагүй Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын үед ард иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэж туйлдаа хүрч байна. Хүлцэнгүй ард түмэн хойно, яалтай. Гэхдээ нэг л өдөр тэсрэх вий.
Дээр нь боловсролын салбар нь тогтсон бодлогогүй, эрүүл мэнд нь чирэгдэл, хүнд сурталтай, хөдөө аж ахуй нь шүлхийтэй, батлан хамгаалахын мэргэжлийн бус сайд нь байнга шүүмжлүүлээстэй. Уур амьсгалын өөрчлөлтийн яам нь COP17 хурлыг зохион байгуулж чадах нь туйлын бүрхэг. Зам тээвэр, эрчим хүч, соёлын яам, барилгын салбар гээд улс орны ажлыг улстөржилтөөс ялгаж салгаж чадахгүй удирдлагуудынх нь балгаар нэр хүнд нь нийтээрээ шалан дээр уналаа. Энэ болгонд Засгийн газрын тэргүүн нь чадамжгүй, шахааны сайд нартайгаа хариуцлага тооцох эрх мэдэлгүй, зориггүй. Улс төрийн утсан хүүхэлдэй аятай.
Үнэндээ Н.Учралын кабинетын сайд нарт гялайж гялтайж байгаа нь бараг алга. Товчхондоо, ард иргэдийн зүгээс “F” үнэлгээ өгч байна. Энэ янзаараа үргэлжилбэл намартай золгохгүйгээр наана нь огцрох болзлоо хангах нь дээ.








.jpg)







