"Q Education Group"-ийн үүсгэн байгуулагч Ц.Алтансортой ярилцлаа.
- Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг. Гэвч нөгөө талдаа хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд орхигдож байна. Зүрх сэтгэлийн боловсролын талаарх мэдлэгийг түгээдэг хүний хувьд энэ хоёр хэрхэн холбогддог талаар тайлбарлаж өгнө үү?
-Суралцах үйл явцад сэтгэл хөдлөл оролцдоггүй хэсэг гэж огт байдаггүй. Хүн гаднаас мэдээлэл авахад бидний тархины урд хэсгээр дамжин, сэтгэл хөдлөлийн төвөөр дамжиж, цааш санах ой болон тархины бусад хэсгүүд рүү очдог. Улмаар сурах үйл явц, мэдээлэл хадгалж, боловсруулж, шийдвэр гарах үйл явц болдог. Тиймээс сэтгэл хөдлөлийг ямар байдлаар хүлээж авах, энэ талаар ямар ойлголттой байх, түүнийг хэрхэн удирдаж, хэрхэн харьцах вэ гэдэг нь суралцахуйн процессын суурь ойлголт болж байгаа юм. Сэтгэл хөдлөл нь уур бухимдал, гуниг, айдас, баяр баясгалан, хайр, жигшил зэвүүцэл гээд үндсэн зургаан төрөл байдаг. Эндээс салаалж, бусад сэтгэл хөдлөлтэй нийлж холимог сэтгэл хөдлөлүүд үүсдэг.
Хүн өдөрт 400 төрлийн сэтгэл хөдлөл, 50 мянган бодол боддог гэсэн шинжлэх ухааны дүгнэлт байгаа.

Сэтгэл хөдлөл нь бидний бие организмд явагддаг л зүйл. Тэр сэтгэл хөдлөлийг бид ихэнхдээ мэдрэхгүй өнгөрөх нь бий. 400 төрлийн сэтгэл хөдлөл болж байгаа ч тэрийг мэдэрч, ойлгож анзаарч, удирдахгүй өнгөрөөх нь цөөнгүй. Жишээлбэл, хүүхэд уурын сэтгэл хөдлөлд автлаа гэж бодъё. Энэ үед мэдээлэл дамжуулах гэхээр тархины сэтгэл хөдлөлийн төв болох амигдала ажиллахаа больдог. Нэг ёсондоо саатаж эхэлдэг. Ингэж саатсан үед тархинд ямар ч мэдээлэл очсон тархи хүлээж авдаггүй гэсэн үг. Энгийнээр бол хүн уурласан үед гаднаас мэдээлэл авах чадваргүй, тархи ажиллахгүй болно. Улмаар зөв шийдвэр гаргахгүй, авсан мэдээлэл нь тархи, санах ойд үлдэхгүй, суралцах процесс явагдахгүй л гэсэн үг юм.
-Уурладаггүй хүүхэд гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр үүнийг хэрхэн зөв удирдах вэ?
-Хүүхэд уурласан үедээ яаж тайвшрах, айсан үедээ түүнийгээ яаж даван туулах вэ гэдэг асуудал яригдана. Мөн хүүхэд хэт их баярласан, хөөрсөн, догдолсон үедээ сахилгагүйтэх буюу маш их хөдөлгөөнтэй, энергитэй болж, анхаарлаа төвлөрүүлж, тогтвортой, анхааралтай суухаа больж эхэлдэг. Тэгвэл энэ үед бид сэтгэл хөдлөлийн тогтвортой төлөвт хүүхдээ яаж оруулах вэ гэдэг чухал. Сэтгэл хөдлөлийн талаарх ойлголтыг яаж өгөх вэ гэвэл, сэтгэл хөдлөлөө таних буюу цэцэрлэгийн насандаа сэтгэл хөдлөлөө нэрлэж сурахаас эхэлнэ. Томчууд бид маш олон төрлийн сэтгэл хөдлөлийг мэдэрдэг ч түүнийгээ илэрхийлэх нь ховор. Жишээ нь, “миний уур хүрээд байна” гэж хэлэх агшинд хүн тайвширч байдаг.
Гүнзгий амьсгал аваад “миний уур хүрээд байна”, “би жаахан бухимдаад байна”, “чиний хэлсэн үг надад ингэж туслаа, тиймээс надад бухимдал төрлөө” гэж тайвнаар гадагшлуулах, илэрхийлэх агшин буюу зургаахан секунд дотор хүн өөр сэтгэл хөдлөлийн төлөв рүү шилждэг.
Үүнийг бид хүүхдүүддээ зааж өгөх хэрэгтэй. Хүн ууртай, бухимдаад байгаагаа, хүн доромжлоод, өвтгөөд байгаагаа мэдэхгүй, хийсэн үйлдлээ анзаарах сөхөөгүй, сэтгэл хөдлөлдөө автсанаар үйлдэл хийдэг. Эсвэл бусдыг гомдоодог, тэр төлөв байдал дээрээ ямар нэгэн шийдвэр гаргаж, сонголт хийдэг. Гэтэл энэ нь эргээд амьдралд ямар нэг асуудал дагуулдаг. Ер нь анзаарч байхад амьдралд тулгарч байгаа асуудлын ихэнх хэсэг нь сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг. Эргэн тойрны, гэр бүлийн зөрчил маргаан, ажил дээрх таагүй уур амьсгал, хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлт, хичээлдээ дургүй байх шалтгаан, хичээлээ сонирхохгүй байх зэрэг нь хүн хоорондын харилцааны асуудал, хүмүүсийн сэтгэл хөдлөлдөө автаж гаргасан үйлдэл, үгийн горын асуудал байдаг. Энэ зүйлийг хамгийн түрүүнд засаж, залруулж, хүүхдэдээ зөв ойлголт өгөх, томчууд ч энэ талаар ойлголттой болж, боловсролыг нь олгоод эхэлбэл цаашид академик боловсрол болох математик, танин мэдэхүй, шинжлэх ухаан, түүх, уран зохиол зэрэг бусад мэдлэгийг маш сайн эзэмшихэд дэмжлэг болдог.
Сэтгэл хөдлөлийн боловсролын нэгдүгээрт, сэтгэл хөдлөлөө таньж мэдэх буюу өөрийгөө таньж мэдэх тухай ойлголт яригддаг. Өөрийгөө таньж мэдсэн хүн сэтгэл хөдлөлөө буюу өөрийгөө удирдаж эхэлнэ. Өөрийгөө удирдана гэдэг үгээ, үйлдлээ, хэлж ярьж байгаагаа удирдана гэсэн үг. Ингэхээр дараагийн чадвар болох харилцааны чадвар буюу бусадтай харилцах чадвар сайжирч эхэлдэг. Хүнийг эмзэглүүлэх, мэдрэмжид нь халдах, орон зай руу нь халдах үйлдлийг хийхгүй болно гэсэн үг. Улмаар харилцаанууд сайжирна. Нөгөө талдаа “empathy” буюу бусдын оронд өөрийгөө тавьж үзэх үзэл нэмэгдэнэ. Өөрийгөө таниад эхлэхээр хүн бусдыг анзаарч эхэлдэг. Яагаад вэ гэхээр өөрөө өөрийнхөө дотор юу болоод байна, ямар сэтгэл хөдлөл байна, би ер нь яах билээ, яагаад ийм сөрөг бодол бодох болов гэх мэтчилэн өөр рүүгээ өнгийгөөд эхлэхээр бусдын талаарх сэтгэл хөдлөл, мэдрэмж сайжирч эхэлдэг. Надад ийм мэдрэмж төрж байгаа юм чинь энэ хүнд ч бас ийм мэдрэмж төрнө шүү дээ гэдэг бодол төрж эхэлснээр бусдыг ойлгож эхэлнэ.
Үг үйлдлээрээ бусдын орон зай руу халдах нь багасдаг гэсэн үг.
Нарийн яривал зүрх сэтгэлийн боловсролын хөгжил сайн байвал тухайн улсын гэмт хэргийн тоо хүртэл бага байдаг гэсэн судалгаа бий.
Гэмт хэрэг хийсэн хүнээс яагаад үүнийг хийчих вэ гэхээр, сэтгэл хөдлөлдөө автсан байдаг. Яагаад тийм үйлдэл хийснээ мэдэхгүй, гэнэт огцом уурласнаас болоод гэх зэрэг сэтгэл хөдлөлдөө маш их автсанаас болж үйлдэл хийсэн байдаг. Энэ зүйлсийг бид бага наснаас нь тэр дундаа цэцэрлэгийн наснаас нь зааж сургах хэрэгтэй. Хүүхдэд шүдээ яаж угаадгийг, тоо бодохыг заадаг шиг бүх арга зүйг нь зааж өгснөөр хүүхэд тэрийг өөрийн дадал болгож, өдөр тутамдаа хэрэглэнэ. Ирээдүйд том хүн болохдоо өөрийгөө удирдаад, сэтгэл хөдлөлөө тогтвортой байхыг сурчихсан байна. Амьдралд асуудал дуусдаггүй. Асуудал тулгарсан ч сэтгэл зүйн хувьд тогтвортой, сэтгэлийн хаттайгаар асуудлыг хүлээж авч, шийддэг хүн болж төлөвшинө.
-Аль болох бага наснаас зүрх сэтгэлийн боловсролыг олгох ёстой гэж байна. Харин хүүхэд аль хэдийн өсвөр насанд хүрч, зан төлөвийн хувьд тогтворгүй болсон тохиолдолд яах вэ. Өсвөр насны хүүхдүүдэд зүрх сэтгэлийн боловсрол олгох боломжтой юу?
-Хүн сурахад хэзээ ч оройтдоггүй. Тэр тусмаа бидний тархи үргэлж шинэ мэдээлэл авч байдаг. Харин зөв зүйтэй хүлээж авч чадвал ямар ч насны хүн өөрчлөгдөж, асуудлаа шийдэх бүрэн боломжтой. Харин бага насанд байх тусам зовлонгүй сурна гэсэн үг.
Үүнтэй холбоотойгоор тархи яаж хөгждөг юм бэ гэдгийг тайлбарлая. Тархи энерги зарцуулах маш дургүй. Хамгийн түрүүнд хуучин мэдээлэл буюу өнгөрсөн туршлага дээрээ тулгуурлаж шинэ мэдээллийг хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, тархины зурагдсан зам гэж байдаг. Уурлах болгондоо муухай үг хэлдэг зуршилтай 30-40 настай хүн байлаа гэж бодъё. Энэ насанд тархины зам маш тодоор зурагдсан байдаг учир тэр замаас өөр сонголт хийдэггүй. Уурласан бол тэр замаа сонгож, хашхирч, муухай үг хэлэх сонглтыг автоматаар хийдэг болсон байж болно. Тухайн хүн ч би ийм л хүн, миний зан чанар ийм гэх мэтээр тайлбарлаж, үүндээ итгэчихдэг. Энэ сэтгэл хөдлөлөөрөө хийдэг үйлдлээ засаж залруулахыг хүсдэггүй. Улмаар үйлдлээ давтан хийсээр байгаад автоматаар, ямар ч энерги зарцуулахгүй хийдэг болчихдог. Харин бид энэ зүйлийг шинэчлээд уурласан үед яаж болох вэ гэдэг аргыг заадаг. Магадгүй ус уугаад тайвширч болно. Эсвэл уурласнаа ухамсартайгаар бодоод өөр алхам хийж болно. Нэг ёсондоо шинэ хэв маягийг зааж өгнө.
Өөрөөр хэлбэл, тухайн хүн шинээр суралцаж, шинэ дадлын замыг үүсгэдэг. Зарим тохиолдолд шинэ зам үүссэн ч хуучин тод замаа сонгох магадлалтай. Харин хүүхдийн тархинд ямар нэг зам, дадал үүсээгүй байдаг учир анхнаас нь зөв замыг үүсгэх боломжтой.
Хүүхэд уурлахаараа томчуудын үлгэрлэлээр хашхирч, уурлахыг дуурайдаг бус уурласан үедээ “миний уур хүрээд байна ээжээ” гэж хэлдэг, “дотор минь бачимдаад байна, яах вэ” гэдэг, 10 хүртэл тоолъё, ус уугаад үзье, өөр сэтгэл зүйн төлөвт орох гээд үзье гэх мэт арга замыг нь зааж өгч болно. Тэр арга замыг нь заагаад өгчихвөл тархинд тэр зам үүснэ гэсэн үг. Нас бага байх тусам хүүхэд илүү сайн сурч, дадал болгоно. Өсвөр насанд ч мөн сургаад, ойлгуулаад ярьж, хэвшүүлээд томчууд өөрсдөө үлгэрлэх боломжтой.
-Хүүхдийн мэдрэмжийг бага гэлтгүй тоохгүй орхиж болохгүй гэсэн үг үү?
-Тийм. Гэтэл бид хүүхдийг “үүний уур гэж юү байх вэ дээ”, “энэ уурлаад хаа холддог юм бэ” гээд тоохгүй хаячихдаг. Харин хүүхдийн энэ үйлдлүүд нь мэдрэмжээ гадагшлуулж байгаа хэлбэр юм. Тоохгүй явсаар байвал өсвөр насанд хүрэхээр асар олон асуудлыг дагуулдаг. Хүүхэд том хүн болж өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгэхээр бага насанд нь загнадаг, үгэндээ оруулдаг үе өнгөрч байна. Юундаа уурлаад байгаа юм бэ, нулимсаа арч гэдэг үе эсвэл чихэр авчирч өгөөд уурыг нь дарчихдаг үе өнгөрчхөж байгаа юм. Энэ үед юу хүсээд байна вэ гэхээр, харилцан ойлголцол, сонсогдохыг, ойлгогдохыг, өөртөө байгаа асуудлаа эцэг эхтэйгээ нээлттэй ярилцахыг хүсэж байдаг. Хүүхэд шилжилтийн үед асар олон дааврын өөрчлөлт болон биеийн өөрчлөлтийг давах гэж хичээж, оролдож байгаа. Энэ бүх мэдрэмжээ давж, гадагшлуулмаар байгаа. Гэтэл нөгөө л өмнөх шигээ юундаа уурлаад, хаалгаа саваад байгаа юм, юу дутлаа гэж аашлаад байгаа юм бэ гэж ханддаг. Аль эсвэл учрыг нь олж чадахгүй байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд хүүхдийнхээ бага насны сэтгэл хөдлөлийг нь үл хайхарсан, үл тоосон эсвэл жижиг зүйлсээр аргалж явсны гор өсвөр насанд гардаг.
Өсвөр насандаа сэтгэл зүйн гэмтэлтэй, ойлголцлын төвшин багатайгаар цааш явснаар “эвдэрхий хүн” бий болдог.
Маш мундаг боловсрол эзэмшээд, сайхан ажилд ороод, гэр бүлтэй болсон ч сэтгэл гэдэг зүйлээр дутуу өссөн, учрыг нь олоогүй, дотроо өвдөлт, шаналалтай байвал тэр дутуугийн мэдрэмж үргэлж дагаж байдаг. Үүнийг материаллаг зүйлээр орлуулж болдоггүй. Цаашид гэр бүл, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Нийгэм даяараа дотроо шаналгаатай, өвдөлттэй, өөрийнхөө учрыг олох гэсэн хүмүүс бий болно.Нийгмийн сэтгэл зүйн асуудал даамжирна. Бидний хувьд эртнээс, багаас, аль болох олон зүйлийг туулахаас нь өмнө сэтгэл хөдлөлийн боловсролын чухлыг таниулах, боловсролын системд оруулах ёстой гэдэг зарчмыг баримталж байна.
-Зүрх сэтгэлийн боловсрол гэдэг хүүхдийн сурлага, амжилтад хэрхэн нөлөөлдөг юм бэ?
-Энэ дээр дахиад л тархины хөгжил яригдана. Хүн гэдэг амьтан тархиараа амьтнаас ялгаатай. Тархийг хөгжүүлснээр бид өнөөдрийн соёлт нийгмийг бүтээн амьдарч байгаа. Сурлагын амжилт сайн байна гэдэг нь сайн ажилтан хөдөлмөрийн зах зээл дээр гарна гэсэн үг. Дээр хэлсэнчлэн шинэ мэдлэг мэдээллийг бид авахдаа мэдрэхүйгээр дамжуулан авдаг. Эхлээд сэтгэл хөдлөл үүсдэг. Цаашлаад санах ой руу очно. Ингээд бодохоор бидэнд хамгийн их санаж, дурсдаг зүйлс сэтгэл хөдлөлд автсан дурсамжууд байдаг. Тиймээс сэтгэл хөдлөлийн зохицуулгаа сайн хийснээр суралцах процессыг дэмжинэ гэсэн үг. Жишээлбэл, хүүхэд даалгавраа хийх, шалгалтдаа бэлтгэх, хичээлээ сайн давтахыг эцэг эх шаардлаа гэж бодъё. Харин хүүхэд гадаа гарч тогломоор, найзуудтайгаа зугаалмаар байж болно. Энд юү үүсэх вэ гэхээр сэтгэл хөдлөл, мэдрэмж үүснэ. Хүүхдэд гадаа гарч тоглох нь илүү хөгжилтэй байх учир хөгжилтэйг нь сонгоно. Энэ сонголтыг сэтгэл хөдлөлд автсанаар хийж байгаа. Хүүхдийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай болгох “self-regulation” буюу тархины гүйцэтгэх ажиллагааны хэсэгт өөрийгөө удирдах хэсэг гэж бий. Энэ өөрийгөө удирдах хэсгийг хөгжүүлчихвэл хүүхэд хичээл чухал, үүнийг би давтах ёстой, үүнийгээ хийж дуусаад гарч болно гэдэг тархиа удирдах зүйлийг сурдаг гэсэн үг. Ингээд ирэхээр хүүхэд хичээлээ хийнэ. Дараа нь гадаа гарах гэх мэт дуртай зүйлээ хийнэ. Улмаар сурлагын амжилтад нөлөөлж эхэлдэг.
-Бусад улс орны жишгийг судалсан байх. Бусад улсад зүрх сэтгэлийн боловсролыг боловсролын системдээ хэрхэн суулгасан байдаг вэ?
-Сэтгэл хөдлөлийн боловсрол 30 орчим жилийн настай гэж хэлж болно. Хөгжилтэй орнууд тэр дундаа Америк, Англи, Скандинавын орнууд, хөгжлөөрөө, аз жаргалын индексээрээ дээгүүр байдаг орнууд энэ хөтөлбөрийг цэцэрлэг, сургуулиас боловсролын системдээ нэвтрүүлсэн байдаг. Хүүхдүүдийн хувьд ч бодит өөрчлөлтүүд гардаг. Нөгөө талдаа багш нарын сэтгэл зүй, эрүүл мэндэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Багш аз жаргалтай, сэтгэл зүйн хувьд эрүүл байж хүүхдүүддээ мэдлэг олгодог.

Ер нь энэ бол нэмэлт чадвар биш. Энэ бол хүн байхын утга учир, суралцахуйн суурь болоод байна. Бид тансаглал юм уу, хувийн сургууль цэцэрлэгт байдаг хөтөлбөр бус улс орон даяар хэрэгжүүлж, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхүйц хэмжээний хөгжил авчирдаг, бодлогын чанартай болгох хэрэгтэй.
Ер нь дэлхийн бусад улс оронд өөрийгөө танихуй, “Social Emotional Learning” SEL хичээл буюу нийгэм, сэтгэл зүй, ёс суртахууны хичээлүүд ордог жишиг бий болсон. Үр дүнгүүд ч гарсан.
Тиймээс бид Монголдоо Зүрх сэтгэлийн боловсролын төвөө нээгээд, хөтөлбөрөө хэрэгжүүлээд явж байна.
-Хөтөлбөр нь хаана хэрэгжиж байгаа вэ?
Бид орон нутаг болон нийслэлийн цэцэрлэгүүдтэй хамтарч бүх арга зүй, хөтөлбөрийнхөө агуулгыг хөтөлбөрийн франчайз байдлаар хуваалцаж байна. Мөн эцэг эхчүүдийн нэгдэл, дэмжлэгээр хөтөлбөр маань цэцэрлэгүүдэд хүрч байна.
Энэ жилээс "UNICEF"-ийн Хүүхдийн сантай хамтран I-V ангид зориулсан хөтөлбөрөө боловсруулж, хоёр сургууль дээр хэрэгжүүлэх гэж байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын 131, 57 дугаар сургуулиудыг сонгож хэрэгжүүлэхээр багш нарыг нь сургаж эхлээд байна.
Ангийн багшийн зохицуулах цаг дээр хичээл орно. Хүүхэд, багш болгонд гарын авлага байхаар дэмжих хөтөлбөрөө боловсруулж, багшаа сургаж байгаа. Энэ сараас эхлэн хичээллэх гэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.