Монгол Улсад НИЙГМИЙН АЖИЛТАН гэсэн мэргэжилтнийг бэлтгэж эхлээд 29 жил болж байна. Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн харъяа “Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв”-өөс санаачлан “Твин пикчерс”, НҮБ-ын Хүүхдийн сан, нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын багш, төгсөгчдийн дэмжлэгтэйгээр “Нийгмийн ажил” мэргэжлийг сурталчлах, мэргэжлийн түүхийг баримтжуулах зорилгоор салбар бүрийн онцлогийг тусгасан 32 төрлийн контентийг 2025 онд бүтээлээ.
Видео контентийн нээлтийг 2025 оны есдүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ын Гэр өргөөнд хийжээ. Энэхүү нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, доктор О.Саранчулуун, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Ян Му, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын захирал, доктор Ч.Тамир, их дээд сургуулиудын нийгмийн ажлын хөтөлбөрийн багш, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг нийгмийн ажилтнуудын төлөөлөл оролцсон юм.
“Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв” дээрх видео контентоос гадна 2024 онд нийгэмд далайцтай, эерэг өөрчлөлт авчрахын төлөө ажиллаж буй 14 нийгмийн ажилтныг танилцуулсан видео контент, энэ онд Нийгмийн ажлын бие даасан анхдагч хууль өргөн баригдах гэж буйтай холбоотой нийгмийн ажилтан, нийгмийн багш судлаачид санал бодлоо илэрхийлсэн “Нийгмийн ажилтны нээлттэй индэр” цуврал 18 видео контентийг англи хадмал орчуулгааар тус тус бүтээжээ.
Эдгээр видео танилцуулгуудыг нийгмийн олон салбарт ажиллаж буй нийгмийн ажилтнуудын хийж буй тууштай, эерэг өөрчлөлтүүдийг олон нийтэд таниулах, улмаар нийгмийн ажилтнуудын эрх зүйн байдлыг сайжруулах нөлөөллийн ажилд зориулагдсэн байна.
МУИС-ийн Нийгмийн ажлын инновац, туршилт, судалгааны төв 2025 онд бүтээсэн видео контентуудаа олон нийтийн хүртээл болгох зорилгоор Social Work in Mongolia You tube хуудсандаа байрлуулсан.
















