“Хоггүй Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Булгантай ярилцлаа.
-Манай хог хаягдлын салбарт ангилж, ялгахаас авхуулаад хууль, эрх зүйн орчин хүртэл олон асуудал байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хог хаягдлыг ангилж, ялгах нь хүн бүрийн дадал, маш энгийн зүйл л дээ. Гэхдээ хэрхэн ангилах вэ гэдгээ хүмүүс мэддэггүй. Жишээ нь, хуванцрыг долоон төрөлд ангилдаг. Анх би бас үүнийг мэддэггүйгээсээ болж ундаа, шампунийн гээд хуванцар гэсэн болгоныг нэг дор хураачихдаг байсан. Ингээд тунгалаг, нимгэн, ерөнхийдөө ус, ундааны хуванцрыг PET гэдэг, ёроолдоо ялгах тэмдэглэгээ нь байдаг гэх мэтээр мэдэж, ялгаж чаддаг болсон. Манай нөхцөлд хамгийн ихээр дахин боловсруултад оруулж буй хуванцрын нэг нь энэ л дээ. Манайд “Ти Эм Эл Пластик” үйлдвэр PET хуванцрыг дахин боловсруулдаг бөгөөд “Эм Си Эс Кока Кола” компани үйлдвэрлэсэн ус, ундааныхаа савыг цуглуулж, тус үйлдвэрийн түүхий эд болгож буй. Бусад үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний PET хуванцрыг ч Ти Эм Эл Пластик”-т дахин боловсруулах боломжтой.
Угаасаа үйлдвэрлэгч бүр “Ти Эм Эл Пластик” шиг үйлдвэртэй байх шаардлагагүй. Харин өөрсдийнхөө бүтээгдэхүүний хуванцар хаягдлыг цуглуулаад тус үйлдвэрт тушаачихдаг байх хэрэгтэй.
Ер нь үйлдвэрлэгч нь хуванцраа татан авч, дахин боловсруулах чиглэлд улс орнууд зорьж байна. Эс бөгөөс үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хариуцлага тооцдог.
-Үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоо (EPR)-г хэлээд байна уу?
-Зах зээлд бүтээгдэхүүн гаргаад орхих биш, сав, баглаа боодлоо дахин авч, үйлдвэрлэлд ашиглаж байгаа цикл маягийн үйл явцыг хэлээд байгаа юм. Энэ ойлголт, зарчмыг 2017 онд шинэчлэн баталсан Хог хаягдлын тухай хуульд ерөнхий байдлаар тусгасан байдаг. Улмаар байгаль орчны асуудал эрхэлсэн болон Сангийн сайдын хамтарсан журмаар 11 төрлийн хог хаягдлыг үүсгэгч буюу үйлдвэрлэгч нь буцаан авах үүрэгтэй хэмээн зохицуулсан. Үүнд PET хуванцар орсон байдаг. Эндээс харвал, “Эм Си Эс Кока Кола” компаниас гадна бусад үйлдвэрлэгч ч үүрэг, хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Гэвч эдгээр хууль, журам үйлчлэхгүй, хэрэгжүүлэхгүй, хяналт тавьж чадахгүй байна.

Хоёрдугаарт, үүсгэсэн хог хаягдлаа буцаан авч чадахгүй бол төлбөр төлөх зарчимтай. Нэгж хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх эрсдэл, хор хохирлыг үнэлж төлбөр төлнө гэсэн үг. Ийм цогц хууль журам олон улсад хэрэгжиж байна. Харин манайд хог хаягдал талаас нь харвал туйлын ээлтэй, ямар ч торгууль, төлбөр нэхдэггүй орчин бий. Мөн манай компаниуд энэ чиглэлд сайн дурын шинжтэй үйл ажиллагаа явуулахаас гадна гадаад хөрөнгө оруулагчийн шаардлагаар л тодорхой хэмжээнд ажиллаж байна. Тухайлбал, Европын Холбооны улс орноос Монголд бараа, бүтээгдэхүүн экспортоллоо гэхэд тэндээс үүсэх хог хаягдлын төлөө манайд төлбөр төлөх систем үйлчлэх жишээтэй. Манай зарим экспортлогч энэ мэт хог хаягдлын төлбөр авдаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр төлбөрийг юуны төлөө өгч байгааг манайхан ойлгодоггүй, ойлгосон ч зорилтот зүйлд нь зарцуулдаггүй байх талтай.
Хог хаягдын менежмент муутай улс оронд үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоо амжилттай хэрэгжихгүй
-EPR-г амжилттай ажиллуулахын тулд юу хийх ёстой юм бол?
-Хог хаягдын менежмент муутай улс оронд үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоо амжилттай хэрэгжихгүй. Эхний ээлжинд яг ямар төрлийн хог хаягдалд нэвтрүүлэх вэ, дараа нь ямар арга хэмжээ авах вэ гэх мэтээр дэс дараалалтай ажиллах ёстой. Манайхаар жишээ авахад, дээр дурдсан журамд 11 төрлийн хог хаягдлыг тусгасан ч алийг нь ч хэрэгжүүлдэггүй. Ядаж эхний ээлжинд гурван төрлийн хог хаягдлын хяналтыг сайжруулж, үйлдвэрлэгчийн өртгөсөн хариуцлагын тогтолцоог ажиллуулах шаардлагатай. Жишээ нь, нэгэнт манайд дахин боловсруулах үйлдвэр нь байгаа давуу талаа ашиглан PET хуванцрыг эхлээд авч үзэж болно. Тэгвэл цаашдаа бусад төрлийн хуванцрыг ангилан ялгахад ч асуудалгүй болно. Цаашлаад байгаль орчныг маш их бохирдуулдаг аккумлятор гэх мэтээр тодорхой хэдэн хог хаягдалд цогц байдлаар хандаж, төлбөр төлүүлэн, хариуцлагыг чангалбал үр дүнтэй. Бусад улс орон ч ийм замаар явсан байдаг. Тухайлбал, автомашины өвөл, зуны дугуйг үйлдвэрлэгч нь зайлшгүй буцаан авах ёстой гэсэн хууль, журам олон оронд хэрэгжиж байна.
-Уг тогтолцоог үе шаттайгаар амжилттай нэвтрүүлсэн улс орны туршлагаас хуваалцахгүй юу?
-БНСУ эхлээд хог хаягдлыг ангилан ялгах дадлыг хүмүүстээ хэвшүүлэхийн төлөө 1980-аад оноос ажилласан. Ингэхдээ PET, HDP, шил гэх мэт хэдхэн тооны хатуу хог хаягдлаа ангилахаас эхлүүлсэн юм билээ. Ингээд 1990-ээд оноос EPR буюу үйлдвэрлэгч нь хариуцлага хүлээх тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Дараа нь хүнсний хог хаягдлаа хэрхэх вэ гэдэг ажлыг эхлүүлсэн байх жишээтэй. Хүнсний хог хаягдлыг хадгалахад үнэр гарч, метаны хий ялгаруулдаг учраас шууд ангилахад хэцүү. Метаны хий нь нүүрсхүчлийн хийнээс хоруу чанар ихтэй байх жишээтэй.
Өнөөгийн солонгос хүн бүрийн хувьд хог хаягдлыг ангилан ялгах нь хэдийн дадал болчихсон энгийн зүйл. Гэтэл энэ хүртэл тэд тодорхой үе шаттайгаар 40 гаруй жилийн зарцуулсан байна шүү дээ.
Бид үүнийг өнөөдөр ч бодлогоор, цогц байдлаар эхлүүлээгүй байгаа нь харамсалтай. Ядаж үйлдвэр нь ажиллаж байгаа PET гэх мэт хуванцрыг дахин боловсруулахад санаачилгатай ажиллаж, дэмжих хэрэгтэй.
-Үйлдвэрүүдийг хэрхэн дэмжих нь зүйтэй вэ?
-Хэр их хог боловсруулнаар нь тооцож төрөөс татаас өгч дэмждэг. Татаасыг нь бохирдуулагч компаниудаас гаргуулах учиртай. Ер нь үүнийг зүгээр бизнес гэж хараад орхивол хэзээ ч хол явахгүй, ашигтай байдаггүй. Хог хаягдлаа цуглуулахад буюу ложистикийн зардал нь маш өндөр гардаг. Цаашлаад хог хаягдлаа буцаан цуглуулдаг үйлдвэрлэгчид бага хүүтэй, ногоон зээл олгоно гэх мэт хөшүүргийг хэдийн олон улсад хэрэглээд эхэлчихсэн. Дэмжлэг байхгүйгээс дахин боловсруулах олон жижиг үйлдвэр тогтвортой ажиллаж чадаагүй.
-Үйлдвэрлэгчийн хариуцлагын талаар нэлээд ярилаа. Хэрэглэгч ямар хариуцлага хүлээх ёстой вэ?
-Юуны түрүүнд, хог хаягдлыг эх үүсвэр дээрээ ангилан ялгах хэрэгтэй. Жишээ нь PET хуванцрыг бусад хогтой хамт хаяж болохгүй, эс бөгөөс торгуультай гэх мэтээр торгуулийн болон урамшууллын системийг зэрэг ажиллуулах нь үр дүнтэй. Хоёрдугаарт, дахивар тушаах сүлжээ бий болгох шаардлагатай. Сонгинохайрхан дүүргийн иргэн дахивар тушаах гэж Дарь-Эх дэх дахивар авах цэгт очмооргүй байгаа юм. Тухайн СӨХ, хороолол хамаарах бүсийн оршин суугчид хаана дахивраа тушаах ёстой вэ гэдэг нэгдсэн ойлголттой байвал зүгээр. Гэхдээ урамшуулал авахын тулд дахивар тушаахаас илүүтэй иргэний үүрэг гэдэг талаас нь ойлгох нь чухал. Энэ бол байгаль орчноо хайрлан хамгаалах хариуцлагатай үүргийнх нь нэгээхэн хэсэг гэдгийг хүн бүр ухаараасай. Жишээ нь, Японд бие биедээ хяналт тавьдаг Хөршийн холбоо маш хүчтэй байдаг. Шинэ оршин суугч ирлээ гэхэд ямар үүрэг хүлээх ёстойг нь танилцуулдаг. Тухайлбал, даваа гарагт хуванцар, мягмарт шил гэх мэтээр хэзээ ямар төрлийг хог хаягдал авах вэ гэдэг тун тодорхой. Хогийн цэг бүр гэрээс нь холгүй байхаар тохижуулсан байх жишээтэй. Энэ хуваарийн дагуу хогоо хаяхгүй бол тухайн оршин суугчид торгууль ногдуулж, байрны төлбөр нь асар өндөр гардаг. Ингээд хатуу хог хаягдлаа ангилангуут булшлах хог хаягдал нь буурдаг.
-Ярилцсанд баярлалаа.


.jpg)













