Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Далт баян” нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч, залуу малчин Мөнхболдын Дашнямтай ярилцлаа.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад анх малчин болсон тухайгаа хуваалцаач?
-Би Хэвлэлийн дизайнер болохоор хотод оюутан болж очсон ч ердөө гурван сар л сурсан. Миний амьдралын дуудлага лав энэ биш юм байна гэж мэдээд хөдөө байгаа аав, ээждээ тусалж холын малыг нь ойртуулж, өв тээсэн малчин болъё гээд тав дахь өдөр хичээлээ тараад нутаг хүрэх унаанд суугаад харьсан даа.
-Адуу нутаг руугаа гүйдэг шиг үү… Багш нар нь тэр үед яасан бэ?
-Эгч бид хоёр нэг сургуульд сурдаг байсан болохоор эгчээс намайг зөндөө асуусан байна билээ. Яагаад ирэхгүй байгаа юм, ядах нь нэг жил ч болов суулгачих л даа гээд гуйсан гэсэн. Би сурлагаараа ангидаа эхний тавд ордог байснаас тэр биз ээ. Аав, ээж хоёр маань мал дагана гэдэг амаргүй даваа гэж хэлж л байсан. Гэхдээ би багаасаа мал захалж, хэдэн малаа унага, ишиг байхаас нь тоглож өссөн хүн болохоор хотод ирсэн хойноо тэр хэв маягаа их үгүйлсэн.
- Танай нутагт тань шиг залуу малчин хэр олон бэ?
- Нөхөрлөлийн 10 өрхийн хэмжээнд гэхэд л гуравхан л байна шүү дээ. Нөхөрлөлийн ахлагч, Бямбацогт ах бид гурав л байна.
- Энэ талаарх бодлоо хуваалцаач?
- Малчин ахуй соёл хэцүүдэх юм байна даа л гэж боддог. Гэхдээ айлын хүмүүс ямар бодолтой явааг би мэдэхгүй, дотор нь байгаа хүн биш. Миний хувьд гэвэл, би хүүтэй болвол багаас нь малын зах бараадуулна. Өвөө минь, аав минь малчин байсан, миний хүү бол өв тээгч гэдэг утгаараа малчин болно доо гэсэн хүлээлт бол бий.

- Малчин хүнд ирж бас цааш удамших өв гэж таны бодлоор юуг хэлэх вэ?
- Аав, ээж минь анх айл болохдоо хоёр талаас цагаан гүү, адуутай ирж нийлсэн. Тэдний үр удам энэ шүү, тэр шүү гэдгийг бид л мэдэж байгаа. Малынхаа ар дээр явж байхад тэгээд их л юм бодогддог доо. Би адуу малаа хүнд бэлэглэхдээ тэдэнд “танд итгээд өгч байгаа шүү, битгий хэрэглээрэй. Манай аавын тэр, тэр удмын мал байгаа юм шүү” гээд захидаг. Хэрэв удам нь тасарлаа гэхэд цус сэлбээд хэрэглэсэн ч болно. Малын удам, хүний удмыг тасалж болохгүй гэж хөгшид маань сургаж өсгөсөн.
- Залуу малчны хувьд дээд үеийнхнээс ялгарах онцлогийг та юу гэж хардаг вэ?
- Залуу малчид утас, харилцаа холбоог ухаалгаар хэрэглэдэг болсон. Өвгөдөөс сонсоогүй зарим мэдлэг мэдээллийг утаснаасаа авна, Хөлөнбуйр руу адуу мал уруудлаа гэж бодоход нийгмийн сүлжээ ашиглаж нэгэндээ мэдээ хүргэнэ. GPS зүүчихсэн бол координат нь гараад ирнэ гэх мэтчилэн технологийн дэвшлийг ашигладаг болсон. Биднээс дээшээ үе дандаа морьтой явж малаа сурагладаг байсан шүү дээ.
- Малаа машин мотоциклоор адгуулдаг хандлагыг та юу гэж боддог вэ?
- За яах вэ, холын ажилд техникээр явж, холыг ойртуулж болно оо. Харин ойр зуурд бол мориороо л яв. Хонийг мориор туувал тогтвортой, тарга хүчээ сайн авна. Үргээд л гүйлдээд эхэлбэл авсан шим тэжээлээ хөлсөөрөө алдчихна, таргалж чадахгүй.
- Бэлчээр доройтож байгааг хэн хүнгүй л хэлэх юм. Залуу малчны хувьд гарц гаргалгаа хаана бий гэж та бодож байна?
- Сая Өвөрхангайд болсон залуу малчдын чуулганд оролцоход бэлчээр доройтлоо, малын тоо ихэдлээ гээд л ярьж байна. Манай зүүн гурван аймагт ямаа цөөн. Ихдээ л 500 ямаатай. Гэтэл хотоос Баруун тийш гарахад ямаа их харлаа. Хүмүүс өөрсдөд нь унах ашгийг л харахаас байгаль орчин талаас нь бодох нь цөөн юм. Ямаа хот хөлдөөнө, амь хэврэгтэй, хавар төллөх үеэр хамгийн их арчилгаа шаардана. Нэг ишгийг 14-21 хоног тордож байж сая бэлчээрт гаргана, асуудал их ээ. Хонины махыг 10 хоног идэж байхад 5 хоногийн дотор идээд дуусчихна, ноолуур нь л сайхан юм даа.
- Тэр чуулганаар намайг ингэж ярихад итгээгүй байх л даа, би нэг газраа хаваржаад, зусаад, намаржаад өвөлжөө рүүгээ л ганц нүүдэг гэсэн юм. “Ямар байгальтай болоод тэгдэг юм?” гэлцэнэ лээ. Бид сүргийн бүтцээ зохистой түвшинд барьж байгаа.
- Ноолуурын гарцаа бодоод ямаа олонтой айл их бий шүү дээ.
- Бэлчээрээ доройтуулчихаад нүүдэл сэлгээ хийхэд ялгаагүй л зардал мөнгө их шүү дээ. Ноолуур зарж хэдэн төгрөг олов, бэлчээр хайж, айлын бэлчээр ашиглахдаа хэдийг нь зарцуулав, тооцоод үзэх хэрэгтэй. Ямаа бол ганц өвөл л ашиг өгнө, гэхдээ 40, 50 мянган төгрөгөөс илүү гарахгүй. Тэгэхэд хонины арьсаар дээл хийгээд өмсчихнө, эсгий бүтээгдэхүүн хэзээд эрэлттэй, үнэ цэнтэй. Маханд явуулсан ч хонины төлөг нас бие гүйцсэн ямаатай эн тэнцүү жин хүрнэ. Бүлээн хошуутай мал л гэж ярьдаг юм, хонь сайхан амьтан даа.
- Байгаль хамгаалал хаанаас эхлэх вэ?
- Би бэлчээрийн мониторинг хийдэг л дээ. Манай нутагт тор татсан газар 10 төрлийн ургамал ургаж байхад Өвөрхангайд их сайндаа таван төрөл л ажиглагдлаа. Халцгай газар ихтэй болчихсон байна билээ. Бид жишээ нь халцгай газарт хаягдал дугуй, төмөр шон ашиглаад шувууны суултуур суулгачихдаг юм. Хаврын цочир цасан шуурганаар шувууны суултууртай газрын өвс шарлаад байж байхад мал явсан газрын өвс дарагдчихсан л байдаг. Малчин хүн өөрөө сэтгэж л чадвал арга саам олддог л юм.
Бодоод байхад Өвөрхангайн наад суманд хонь ихтэй таван л айл харсан. Тэр айлын бэлчээр нь шал өөр байгаа шүү дээ. Тэндээс цаашлаад ямаа нь ихсээд ирэхээр бэлчээр нь халцгай. Тэгсэн хэр нь бэлчээр доройтлоо л гээд байдаг.
Гашуун үнэн гэвэл өөрсдөө бэлчээрээ нөхөн төлжүүлэхийн тулд хийж чадах зүйлээ хийхгүй хэрнээ доройтчихлоо гэж байгаа нь утгагүй санагддаг.
Үнэндээ бэлчээрийн доройтолтой тэмцэнэ гээд л төсөв мөнгө гаргаад байх шаардлагагүй, энэ бол малчин хүний л ухамсар, нутгаа гэсэн сэтгэлийн асуудал. Бидний л нутаг шүү дээ, бид л хайрлаж хамгаална. Юу ч үгүй болгочихоод хүний нутагт очоод сарын хоёр сая төгрөг төлж малаа бэлчээвэл тэр малчинд ч хэцүү, нөгөө хүнийхээ ч бэлчээрийг дуусгаад хамтдаа нүүдэллэх ажил болно шүү дээ тийм ээ.
- Та сайн дурын байгаль хамгаалагч шүү дээ, “Нөхөрлөл-Хөгжил” наадмаар гавьяагаа шагнуулж гоё дурантай болсон. Хэзээнээс энэ ажлыг хийж эхлэв, сурсан зүйлсээсээ хуваалцаач?
- Би бол жил гаран л болж байна. Тэнд очиж ургамлын мониторинг хийнэ дээ, энд доргоны, тэнд хярсны нүх байдаг юм байна гээд л их зүйл сурж явна. Манай нөхөрлөлийн хариуцан хамгаалах талбайд сардаа хэдэн хярс, дорго бүртгэгдэж байна, тэр координатад зээр хэд орж ирэв, тарвага маань өсөж байна уу гэх мэтчилэн байнга л эргүүл хяналт хийнэ. СМАРТ-ын багш Э.Нууцхантамир эгчээс сурж мэдсэнээ одоо байнга хэрэгжүүлж байна.
- Нөхөрлөлүүд идэвхтэн байгаль хамгаалагчтай байхын давуу тал юу вэ?
- Би идэвхтэн байгаль хамгаалагч болсон шалтгаан нь өөрийнхөө дүү нарт, үр удамд энэ нутаг яг л энэ онгон дагшнаараа үлдээсэй гэж хүссэнийх. Намайг багад манай энд тарвага ихтэй, үүнийгээ дагаад ан агнуур ч замбараагүй болсон. Дуртай нь ирж агнадаг, тэднийг зогсоох идэвхтэн байгаль хамгаалагч байсансан бол байдал арай ч иймдээ тулахгүй. Манай нутаг тарвагатай байсан гээд ярихад хүн итгэхгүй шүү дээ. Харин идэвхтэн байгаль хамгаалагчид байвал арай ондоо. Манай нутаг эрт үеэс тарвагатай байсан юм, бид хамгаалж ирсэн нь энэ гээд үр хүүхдээ дагуулаад үзүүлбэл гоё биш үү? Үүний төлөө л зорьж яваа.
- Танд энэ ажил их таалагддаг бололтой?
- Тийм ээ. Долоо хоногтоо бараг хоёр удаа СМАРТ-аар мэдээлэл илгээдэг. Зэрлэг амьтны амьдралыг нүдээрээ харах чинь “кайфтай” шүү дээ.
Ээж минь миний ажлыг их дэмждэг. “Нөхөрлөл-хөгжил” наадмаар бэлгэнд авсан дурангаа аваад гарахад л гадарлана, “Энэ ч хоёр, гурван цагтаа ирэхгүй нь дээ” гээд. Аргагүй дээ, тарвагануудаа гарч ирэхийг хүлээгээд уулын орой дээр суучихаж байгаа юм чинь.

- Идэвхтэн байгаль хамгаалагч биш байсан бол зэрлэг амьтдыг хараад л өнгөрөх байсан байх даа?
- Тийм. Түүнээс биш энэ хярс нүхэндээ хэдүүлээ вэ, цагаан зээр манай нутаг руу хэзээ, хэрхэн орж ирж байна гэх мэтийг харж хянаж, тэмдэглэхгүй шүү дээ. Энэ жилийн Долоодугаар сард нэг хэсэг зээр үзэгдэхээ болиход бүр сэтгэл санаагаар уначихаж байгаа юм. Сар гаруй зээрийн эргүүл хийж яваад бүр хойшоо уулаа бараадсаныг мэдлээ. Бодох нь ээ задгай ус, уулаа бараадсан байх. Манай нөхөрлөлийн хариуцан хамгаалдаг газар нутгийн хажуугаар ан гөрөө хийдэг хүмүүс мэр сэр бий, бас тэднээс дайжсан байж магадгүй гэж бодсон. Би бол зээртэй тааралдвал уулын толгой дээрээс зургийг нь дарчихаад л үргээлгүй ирсэн замаараа буцчихна. Өөр хүмүүс бол хааш нь ч хамаагүй элдэж хөөгөөд идэш тэжээлийг нь тогтвортой идүүлж, тарга тэвээргийг нь сайн авахуулахгүй шүү дээ.
- СМАРТ мониторинг гэсэн энэ гадаад үг анх их хол санагддаг байлаа. Ойлгоод ирэхээр их хэрэгтэй зүйл шиг санагдсан. Давуу талуудаас нь хэлж өгөөч?
- Шал ондоо шүү дээ. Нэгдүгээрт, зэрлэг амьтан ажиглана, хоёрдугаарт, ургамлын мониторинг хийнэ, гуравдугаарт, сэг зэм бүртгэнэ, хог хаягдлыг зориулалтын цэгт нь аваачиж хаяснаа баталгаажуулна. Бас Хэрлэн голын ай савандаа ойрхон болохоор шувууны ажиглалт хийнэ. “Далт Баян” нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч ийм хэмжээний зам туулж эргүүл хийсэн байна гээд л тайлангаа сонсох их л гоё санагддаг.
- Тосон хулстайн хамгаалалтын захиргааны зүгээс идэвхтэн байгаль хамгаалагчидтай хэр хамтран ажилладаг вэ. Тэдний ажилд оруулж байгаа хувь нэмэрт тань талархдаг уу?
- Ажилд нь тус дэм болж байгаад бидэнд талархдаг шүү. Байгаль хамгаалагч нараас түрүүлж соргог содон мэдээ мэдээлэл хүргэж байгаа идэвхтнүүддээ урам өгөлгүй горьгүй гээд сумын Байгаль хамгаалагч Ш.Эрдэнэзаяа эгч, Орон нутгийн зохицуулагч Н.Одончимэг эгч хоёр ярьж байгаад өнгөрсөн 8, 9-р сард мониторинг, эргүүлээ идэвхтэй сайн хийсэн таван малчинг урамшуулсан. Гэхдээ бид идэвх санаачилгатай, урам зоригтой ажиллавал нөхөрлөл, сумын нэр гарна, цаашлаад энэ төсөл амжилттай болж байгаль хамгаалалд нутгийн иргэд манлайлан оролцсон сайн жишээ болж улсын маань нэр дэлхийд гарна шүү дээ. Тиймээс хэн нэгний гар харж суулгүй санаачилгатай байхыг хувьдаа эрмэлзэж байна.
- Манай уншигчдын зарим нь мэдэхгүй байж магад. Та хээрийн түймэрт байгаа бүхнээ алдсан айлд мал тасалж өгсөн тийм үү?
- Манай аав, ээж хоёр Ш.Батчулуун ахтай найз нөхөд явж, нэгэндээ дэмтэй амьдарч ирсэн улс. Ааваас минь хойш Бачка ах (Батчулуун) надад зааж зөвлөж, түшиж яваа.
Өнгөрсөн жилийн түймрээр өөрийн гэрээ малтайгаа чүү чамай авч гарчихаад Бачка ах, Хандаа эгч хоёр маань яагаа бол гээд очтол нүд халтирам дүр зураг угтсан. Бүх хонь нь ярайгаад л хот нь хоосроод ёстой аймар байсан. Одоо ч ярихад дотор хачин болж байна. Мянга гаруй малаа хэдхэн минутын дотор дуусгана гэдэг чинь ямар олиг байх вэ. Ядаж өөрийнх нь буруугаас болсон бол өөр хэрэг. Тэгээд хавар би 20 толгой мал аваачиж өгсөн юм, ганц эр төлөгтэй. Тэгэхэд Бачка ах “За дүүгийнхээ ухаа халзан хониор эр хонь хийнэ ээ” гэчихсэн баяр хөөртэй байсан.
Энэ дашрамд, түймэртэй тэмцэж байхад минь туслаж дэмжсэн ах, эгч нартаа баярлалаа, та бүгдийнхээ итгэлийг алдалгүй хичээж явах болно оо гэж хэлье.
- Таны хувьд Монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
- Өв соёлоороо бахархаж, үр хойчдоо өвлүүлэхээр сэтгэл зүрхэндээ, ухаан санаандаа, амьдралын хэв маягтаа тээж явдаг хүнийг хэлнэ. Миний эмээ, өвөө, аав, ээж энэ нутагт мал малладаг байсан юм, би тэдний үргэлжлэл гээд яриад сууж байх сайхан.














