БНХАУ-ын хувьд Хаврын баяр нь зөвхөн үндэсний уламжлалт том баяр төдийгүй тус улсын дотоод эрэлт, хэрэглээний чадавх болон эдийн засгийн төлөв байдлыг хэмжигч гол "барометр" юм. Ялангуяа Хятад улс "XV таван жилийн төлөвлөгөө"-нийхөө босгон дээр технологид суурилсан "Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин"-ийг тэргүүлэх чиглэлээ болгон зарласан нь тэдний баярын хэрэглээний бүтцэд томоохон өөрчлөлт авчирахаар байна.
Энэхүү аналитик нийтлэлээр Хятадын үндэсний баяр нь дотоодын эдийн засаг, хэрэглээний салбарт нь ямар хөдөлгөгч хүч болж байгааг 2025 оны бодит тоон үзүүлэлт болон 2026 оны хүлээлт, прогнозын харьцуулалт дээр үндэслэн шинжлэв.

Нэг Макро эдийн засгийн ач холбогдол: Хэрэглээ бол өсөлтийн амин сүнс
Хаврын баярын хэрэглээ нь Хятадын эдийн засгийн дотоод эрч хүч, уян хатан байдлыг хэмжих чухал шалгуур юм.
Цар хүрээний тэлэлт: 2025 онд Хятадын жижиглэн худалдааны нийт хэмжээ түүхэндээ анх удаа 50 их наяд юанийн босгыг давж, эдийн засгийн өсөлтийн 52%-ийг хэрэглээ дангаараа бүрдүүлж , цар хүрээний тэлэлтийг тод харуулав. Тухайн оны Хаврын баярын үеэр төлбөр тооцооны системээр (UnionPay, NetUnion) дамжсан гүйлгээний дүн 8,52 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оноос 17.08%-иар өссөн үзүүлэлт байв .
Бүтцийн өөрчлөлт ба үйлчилгээний эдийн засаг: Хятад улс сүүлийн жилүүдэд бодлогын хүрээнд хэрэглээг илүү чанаржуулахад анхаарч байгаа нь 2025 оны статистик мэдээллээс тодорхой харагдаж байна. Үйлчилгээний салбарын хэрэглээ 12.3%-иар өсөж, уламжлалт барааны хэрэглээг хол хаяжээ. Аялал жуулчлал (37.5%), соёл урлагийн хэрэглээ (66.3%)-ний огцом өсөлт нь иргэдийн амьдралын хэрэгцээ материаллаг зүйлээс оюунлаг "туршлага", "сэтгэл ханамж" руу шилжиж буйн тод илрэл юм.
Дэлхийн хамгийн том хүн амын шилжилт хөдөлгөөн гэгддэг "Чүньюнь" буюу Хаврын баярын тээвэр 2025 онд давхардсан тоогоор 9 тэрбум-д хүрсэн нь Хятадын дэд бүтцийн хүчин чадлыг харуулаад зогсохгүй эдийн засгийн цусны эргэлтийг түргэсгэх гол механизм болов.
Энэхүү асар их хөдөлгөөн нь тээвэр, ложистикийн салбарт хэдэн зуун тэрбум юанийн шууд орлого оруулж, хот болон хөдөөгийн хэрэглээний ялгааг арилгах замаар орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөшүүрэг болсон байдаг.
Хоёр Шинэ үеийнхэн ба “Баярын уур амьсгал”-ын хувьсгал
Хятадын зах зээлийн чиг хандлагыг 1990 болон 2000-аад оны залуу үеийнхэн тодорхойлж эхэлснээр уламжлалт "Баярын уур амьсгал" агуулгын хувьд томоохон хувьсалд орж байна. Энэхүү хүн ам зүйн шилжилт нь бэлэглэх соёлыг үндсээр нь өөрчилж, өмнө нь зонхилдог байсан архи, тамхи эсвэл чамирхлын бараанаас татгалзаж, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, дархлаа дэмжих нэмэлт тэжээл болон эрүүл мэндийн технологийн төхөөрөмжүүдийг илүүд үзэх болов. Тухайлбал, 1960-70-аад оны уламжлалт хэрэглэгчид "нэр төр", "материаллаг элбэг дэлбэг байдал"-ыг эрхэмлэдэг байсан бол шинэ үеийнхэн "эрүүл мэнд", "практик хэрэглээ" болон "сэтгэл ханамж"-ийг нэн тэргүүнд тавьж байна. Судалгаагаар нийт хэрэглэгчдийн 58% нь бэлэг сонгохдоо эрүүл мэндэд хэрэгтэй, эко шинж чанарыг хамгийн гол шалгуур болгодог болсон нь нийгмийн үнэт зүйлс илүү чанарлаг, эрүүл амьдрах оршихуйн чиглэлд хандаж буйг нотолно.

Бас нэг сонирхолтой үзэгдэл нь Хятадын дотоодын хайлтын системүүд дээр залуусын "өөрийгөө урамшуулах шагнал" (Yueji xiaofei) гэсэн түлхүүр үгийн хайлт 50%-иар өссөн явдал бөгөөд энэ нь хэрэглээний сэдэл зөвхөн бусдад үзүүлэх бус, хувь хүний сэтгэл зүйн таашаал, өөртөө хөрөнгө оруулах "шинэ чанарын" сэтгэлгээ рүү шилжиж буйг харуулж байна."

Гурав Технологийн дэвшил: Дижитал юань ба Автоматжуулалт
Технологийн үсрэнгүй хөгжил болон Хятад улсын 2023 оноос хойш тууштай хэрэгжүүлж буй “Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин” хэмээх стратегийн шинэчлэл сүүлийн жилүүдэд Хаврын баяраар хэрэглээний шинэ соёл болж, өрх бүрийн амьдралд бодитоор нэвтэрч байна.
Ирэх 5 жилийн хөгжлийн гол цөм болох өндөр технологи, өндөр чанарт суурилсан уг бодлого нь финтекийн салбарт хамгийн тод ажиглагдана.
Жишээ нь уламжлалт WeChat болон Alipay-ээр дамжсан дижитал гүйлгээнээс гадна Дижитал юанийн (e-CNY) хэрэглээ 2025 онд 30 гаруй хувиар өссөн нь бэлэн бус төлбөр тооцоог эдийн засгийн “сэргээш” болгож байгааг бататгалаа.
Баярын хөнгөлөлт, дижитал “улаан дугтуй” (hongbao)-г дижитал юань (e-CNY)-иар дамжуулан олгох туршилтууд амжилттай хэрэгжсэн нь санхүүгийн системийг илүү ухаалаг, хүртээмжтэй болгож байна.
Үүний зэрэгцээ баярын ид ачааллын үеэр нийтийн хоол, ресторан зэрэг үйлчилгээний салбарт нэвтэрсэн роботууд болон автоматжуулсан системүүд нь хөдөлмөрийн зардлыг хэмнээд зогсохгүй, хүнээс хамааралтай алдааг бууруулж, үйлчилгээний стандартыг олон улсын шинэ түвшинд гаргав.
Дөрөв: Ногоон хэрэглээ ба Ухаалаг аялал
Өндөр чанартай хөгжлийн бодлогын үр дүн иргэдийн өдөр тутмын хэрэглээ, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд тод ажиглагдана. 2026 оны Хаврын баярын ширээний бэлтгэлд Хятадын хэрэглэгчид "хямд үнэ"-ийг биш, "аюулгүй байдал" болон "эко гарал үүсэл"-ийг нэгдүгээрт тавихаар байна. Химийн бордоогүй, байгалийн цэвэр орчинд бэлтгэсэн "ногоон" шошготой бүтээгдэхүүний борлуулалт өмнөх онуудаас 40%-иар өсчээ. Мөн ухаалаг хяналтын систем ашигласнаар хэрэглэгчид хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, тээвэрлэлтийн түүхийг QR кодоор секундын дотор шалгаж чадах болсон. Блокчэйн технологид суурилсан энэхүү хяналт нь хэрэглэгч болон үйлдвэрлэгчийн хооронд итгэлцлийн гүүр болж, чанаргүй бүтээгдэхүүнийг зах зээлээс шахан гаргах болсон.
2026 оны 9 хоногийн урт амралт нь аялал жуулчлалын салбарыг Хаврын баярын эдийн засгийн хамгийн том өсөлтийн туйл болгохоор байна. 2025 онд шинэ эрчим хүчний автомашинаар аялсан иргэдийн тоо 48%-иар өссөн байдаг.
Энэхүү эрэлт нь хурдны зам дагуух ухаалаг цэнэглэх станцуудын хөрөнгө оруулалтыг өдөөж, "ногоон эдийн засаг"-ийг дэмжиж байна. Хятадад дотоодын жуулчид зөвхөн үзвэр үзэх биш, тухайн газраа олон хоногоор суурьшин аялах хэв маяг даваймгалайх болов. 2025 онд нэг жуулчны дундаж аялах хугацаа 5.9 хоногт хүрч, өндөр зэрэглэлийн зочид буудлын захиалга 70%-иар өсжээ.
5. Монгол Улсад үзүүлэх нөлөө ба Шинэ боломжууд
Хятадын эдийн засгийн энэхүү “чанарын шилжилт” нь манай улсад зөвхөн худалдааны түншийн хувиар бус, хэрэглээний шинэ стандарт, технологийн туршлага нэвтрэх суваг болон шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд Монголчууд Цагаан сарын баярын амралтаараа Хятад улсыг зорих урсгал эрс нэмэгдэж, энэ нь нэг төрлийн “туршлага судлах аялал” болон хувираад байна. Манай иргэд хөрш улсынхаа үйлчилгээний салбарт нэвтэрсэн робот автоматжуулалт, өндөр хурдны дэд бүтэц, дижитал төлбөр тооцооны иж бүрэн системийг биеэр мэдэрч, энэ нь дотоодын үйлчилгээний стандартад хүлээлт үүсгэх нэгэн хөшүүрэг болж байна.
Харин макро эдийн засгийн өнцгөөс харвал, Хятадын хэрэглэгчид “эко, эрүүл” бүтээгдэхүүнийг амьдралынхаа нэн тэргүүний шаардлага болгосон нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт түүхэн боломжийг олгож байна. “Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин”-ий бодлогын нөлөөгөөр тус улсын 400 сая гаруй дундаж давхаргын иргэд хүнсний аюулгүй байдал, байгалийн гарал үүсэлд өндөр ач холбогдол өгөх болсон. Хэрэв бид уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн давуу талаа олон улсын “ногоон” стандарт, блокчэйн технологид суурилсан хянах системтэй хослуулж чадвал Монголын мах, махан бүтээгдэхүүн болон органик түүхий эдүүд энэхүү аварга зах зээлийн хамгийн үнэ цэнтэй хэсэгт байрших боломжтой. Энэхүү стратегийн боломжийг ашиглахын тулд бид хөрш орныхоо хэрэглээний энэхүү “ухаалаг” бөгөөд “ногоон” шилжилттэй хөл нийлүүлэн, экспортын бүтээгдэхүүнийхээ чанар стандарт, ложистикийн хурдыг шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна.
Эх сурвалж:
Эх сурвалж:
1. https://www.xinhuanet.com/travel/20260130/bc651532d0c0448dae192e2e207f2b3c/c.html
2. https://finance.eastmoney.com/a/202602043641532531.html
3. https://www.51diaocha.com/kb/18584.html
4. https://www.xinhuanet.com/travel/20260130/bc651532d0c0448dae192e2e207f2b3c/c.html
5. https://finance.sina.com.cn/wm/2026-02-02/doc-inhkkvai4353361.shtml?froms=ggmp
6. https://china.mintel.com/insights/consumer-research/cny-consumer-insights/
Эх сурвалж: Зууны мэдээ, 2026.2.6 №25 (7767)














.jpg)


