Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн, доктор Гаравсүрэнгийн Идэрмаагийн “Оршуулгын зан үйл соёлын өв болох нь” судалгааны бүтээлийг хүргэе. Тэрээр 1998 оноос одоог хүртэл “Нью майнд” ХХК-ийн Ерөнхий захирал, “Улаанбаатар буян” ХХК-ий ТУЗ-ын дарга, 2023 оноос Олон улсын оршуулгын холбоо (FIAT-IFTA)-ны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бол Монгол Улс дахь оршуулгын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллагуудыг нэгтгэсэн “Буяны зан үйлийн холбоо” ТББ-ыг 2008 онд анх санаачлан үүсгэн байгуулж, өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Г.Идэрмаа нь Монгол Улсын оршуулгын салбарын уламжлал, хувьсал өөрчлөлт, бодлого чиглэлийг олон жил судлан шинжилж, “Монголын төрөөс оршуулгын талаар баримталсан бодлого: Нийслэл хотын жишээн дээр (1911-2021 он)” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, энэ салбарын анхны доктор билээ. Мөн Монгол Улсаас анх удаа олон улсын оршуулгын холбооны дэд Ерөнхийлөгч хэмээх эрхэм хүндтэй хариуцлагатай албанд сонгогдон ажиллаж байгаа шилдэг удирдагч, зохион байгуулагч юм.
Монголын болон олон улсын оршуулгын холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний өв уламжлал, онцлогийг дэлхий дахинд түгээн таниулах, олон улсын сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, монголчуудын оршуулгын зан үйлийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүргүүлэх зэрэг ажлыг удирдан зохион байгуулж байна. Доктор Г.Идэрмаа нь монголчуудын оршуулгын зан үйл, Монголын төрөөс хот суурин газар дахь оршуулгын талаар явуулсан бодлогын талаар судалгаа хийж “XX-XXI зууны монголчуудын оршуулга” нэгэн сэдэвт бүтээл, “Монголчуудын оршуулгын зан үйлд холбогдох баримтууд” архивын баримт бичгийн эмхтгэл (2022)-ийг боловсруулан нийтэлж, олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал, симпозиумд удаа дараа илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн, судлаач юм.
1. Монголчуудын оршуулгын зан үйл:
Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь бичигт оршуулга хэмээхийг “нас барагсдыг нутаглуулах үйл ажиллагаа” гэж тодорхойлсон байдаг. Оршуулгын зан үйл нь хүн нас барснаас эхлэн нутаглуулах хүртлэх хэвшиж тогтсон заншил, түүнтэй холбоотой үйлдлийг хэлнэ. Археологийн малтлага судалгаагаар дунд палеолитын үед амьдарч байсан неандерталь (Homo Neandertaliensis) хүмүүс үхэгсдээ газарт булж оршуулдаг заншилтай байжээ. Энэ нь Монгол Улсын нутагт амьдарч байсан эртний хүмүүс нас барагсдаа газарт булж оршуулах зан үйлийг чулуун зэвсгийн үеэс хийж эхэлснийг харуулна.
Дорнод аймгийн Халхгол сумын Тамсагбулагаас НТӨ IV-III мянган жил буюу неолитийн үед холбогдох оршуулга илэрсэн нь одоогоор Монгол Улсын нутгаас олдсон хамгийн эртний оршуулга юм. Уг оршуулгад 15 орчим настай, 1,20 м. өндөртэй, монгол төрхийн эмэгтэй хүнийг суугаа байдлаар нутаглуулсан байна.
Монгол нутагт анхны төрт улсыг байгуулсан Хүннү нар нүүдэлчдийн түүхэнд хамгийн гүн, сүрлэг оршуулгыг үйлдэж байсан юм. Эртний Египетчүүд нас эцэслэсэн хаадын булш болох пирамидыг газрын хөрсөн дээр байгуулдаг байсан бол Хүннү нар газрын хөрсөн доор 20 гаруй метр гүнтэй пирамид мэт хэлбэртэй гүн нүх бүхий оршуулгыг бүтээдэг байв .
Монгол нутаг дахь эртний нүүдэлчид нас барсан хүнийг хүндэтгэн оршуулж, тусгай зан үйл үйлдэж байсан нь хойшид уламжлагдахын зэрэгцээ хувьсан өөрчлөгдсөөр өнөөг хүрчээ. Нас барсан хүнийг хэрхэн оршуулах буюу нутаглуулах арга хэлбэр нь тухайн ард түмний шүтлэг бишрэл, дадаж хэвшсэн зан заншил, ёс суртахуун зэрэг олон зүйлээс хамааралтай байдаг.
Оршуулгын хэлбэрийн хувьд Монголын түүхийн эрт, дунд болон орчин үед талийгаачийг нутаглуулахдаа:
-Булж оршуулах,
-Чандарлах,
-Онголох,
-Бунхлах,
-Занданшуулах,
-Харвах,
-Ил тавих зэрэг хэлбэрээр нутаглуулж иржээ. Түүхэн хөгжлийн явцад эдгээр хэлбэрийн зарим нь гээгдэж, зарим нь хувьсан өөрчлөгдсөн юм.
Монголын нийгмийн янз бүрийн давхарга, угсаатны бүлгийн дунд талийгаачийн шарилыг булж оршуулах хэлбэр байсан бөгөөд орчин үеийн монголчуудын оршуулгын үндсэн хэлбэрийн нэг хэвээр байна. Эрт үед бол газарт булж оршуулах явдал талийгаачид хүндэтгэлтэй хандах нэгэн хэлбэр байсан хэмээн үзэхийн зэрэгцээгээр хойд насны тухай төсөөлөл нь оршуулгад эд өлөг болон мал дагалдуулан тавих явдал нь эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, тухайлбал амьдрал-үхэл-хойд насны тухай ойлголттой салшгүй холбоотой.
Монгол Улсын нутаг дахь археологийн дурсгал болон түүхийн эх сурвалжаас үзэхэд язгууртан ноёд, ихэс дээдэс, буддын шашны лам хувраг, бөө, зад баригч хүнийг нас барсны дараа шарилыг чандарлах зан үйл үйлдэх заншилтай болохыг түүхийн эх сурвалжийн мэдээ, археологийн олдвор гэрчилж байна .
Монголчуудын оршуулгын зан үйлийн занданшуулах буюу хатаах хэлбэр бол шарилыг хэвийн төрхийг нь алдагдуулахгүйгээр удаан хадгалахад зориулагдсан арга юм. Занданшуулах хэлбэрийн хамгийн түгээмэл олдвор нь Монгол нутгаас илэрч олдсон хадны оршуулга юм. Энэ нь монголчуудын үхэгсдээ оршуулах зан үйлийн өвөрмөц хэлбэр бөгөөд шарилыг байгалийн аргаар занданшуулан хатмал болгох арга байв.
Оршуулгын ил тавих хэлбэр нь монгол нутаг дахь Буддын шашны дэлгэрэлттэй холбоотой XVI зуунаас хойш үүссэн гэж судлаачид үздэг. Ил тавих хэмээх нь нас барсан хүний шарилыг даавуу эсвэл эсгийнд оршоож, тусгай оршуулгын газар болон хөдөө хээр оршуулахыг хэлнэ. Монгол Улсын төр засгаас оршуулгын ил тавих хэлбэрийг бүр мөсөн халах бодлогыг ХХ зууны туршид явуулсан түүхтэй.
2. Оршуулгын зан үйл соёлын өв болох нь:
Монголчуудын оршуулга нь нүүдэлчдийн түүх, соёл, ахуй амьдрал, ертөнцийг үзэх үзэл, нийгмийн зохион байгуулалтын онцлогийг илэрхийлэх соёлын өв юм. ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын өвийг хамгаалах тухай” тунхагт зааснаар соёлын өвийг дотор нь биет болон биет бус хэмээн хоёр ангилдаг. Энэ дагуу Монгол нутаг дахь эртний булш, хиригсүүр, буган чулуун хөшөө зэрэг нь соёлын биет өв, түүхэн дурсгал болно.
Монгол Улсын “Соёлын өвийг хамгаалах тухай” (2014) хуулийн 3.1.5-д зааснаар “Соёлын биет бус өв гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг” хэлэх бөгөөд соёлын биет бус өвд “ардын ёс заншил, зан үйл” орно.
Монголчуудын оршуулга нь ардын уламжлалт мэдлэг, арга ухаан, аман зохиолын уламжлал, бэлгэдэх ёс, уламжлалт гар урлалын дэг сургууль, ардын уламжлалт технологи, уламжлалт шашин, шүтлэгийн зан үйл зэргийг өөртөө багтаасны хувьд соёлын биет бус өв юм.
Оршуулгын зан үйл нь тухайн угсаатны сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзэлтэй салшгүй холбоотой.
Монгол нутагт малтан судалсан Хүннүгийн үеийн булш оршуулгад нас барагчийн толгойг хойд зүгт хандуулж, биеийг тэнэгэр байдлаар дээш харуулан гарыг нь их биеийг дагуулан оршуулсан нь нийтлэг байдаг. Энэ нь:
-Үхэгсдийн орон нь газар эхэд буюу овгийн шүтлэгт ууланд байдаг тул уулын нэр тусдаг энгэр ээвэрт оршуулсан хүний толгойг хойд зүгийг чиглүүлэн тавьдаг ,
-Монголчуудын уламжлалт шашин шүтлэг, ертөнцийн тухай төсөөллөөр харанхуй орон буюу нөгөө ертөнц нь хойд, зүүн хойд зүгт оршдог ба монгол туулийн дотор зүг чигийн нарийн зааг ялгаа тогтоож, тус бүрийг тодорхой оронд оршоож бэлгэддэг ,
-Булшинд нас барсан хүний сүнс өөрийн эд зүйлийг хойд насандаа хэрэглэнэ гэсэн бэлгэдлээр зориуд дагалдуулдаг зэрэгтэй холбоотой байна.
Монголчуудын оршуулгын зан үйл нь нүүдэлчдийн соёлын салшгүй хэсэг юм. Нүүдэлчдийн оршуулгын зан үйл нь талийгаачийг хүндэтгэн оршуулах ёс, уламжлал, хувьсал, соёлын нийтлэг болон ялгаатай талыг илтгэн харуулна.
Түүхийн эх сурвалж, угсаатны зүйн судалгааны материалаас үзэхэд, монголчуудын оршуулга нь 1.Оршуулгын өмнөх, 2.Оршуулгын үеийн, 3.Оршуулгын дараах гэсэн нягт уялдаа холбоо бүхий зан үйлээс бүрдэж байна.
Монголчуудын оршуулгын зан үйл дэх нас барсны тэмдэг тавих, талийгаачийг гэрт байрлуулах, гэрээс гаргах, газар шинжих, газар хөндөх, шарилыг тээвэрлэх, нутаглуулах, хойтын буян үйлдэх, уй гашуу хийх (авсыг хүндэтгэлтэй байранд залах, их дуугаар уйлан хайлах, гараа алдлан тэнгэрт гашуудан хандах г.м.), салах ёс (шарилын хоёр талаар эрэгтэй, эмэгтэйгээр ялгаран зогсох, малгайгаа авах, бараан өнгийн элдэв чимэггүй хувцас өмсөх), бэлэвсрэх ёс гүйцэтгэх (эмэгтэйчүүд үсээ задгайлах г.м.) зэрэг нь нүүдэлчдийн биет бус соёлын бүрэлдэхүүн хэсэг юм.
Оршуулгын гадаад, дотоод зохион байгуулалт, хөшөө чулуу, хийц хэлбэр нь монголчуудын соёлын уламжлал, хувьсалын бодит илэрхийлэл болно.
Монголын түүхийн эрт, дунд, орчин үеийн оршуулгад дагалдуулсан эд өлгийн зүйлс нь соёлын үнэт өв, дурсгал болно.
Монголчуудын оршуулгын зан үйлд талийгаачийг оршуулахдаа эд өлгийн зүйлийг тогтсон дэг журмын дагуу дагалдуулах явдал эртнээс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн юм.
Монгол Улсын нутаг дэвсгэрт малтан судалсан булш оршуулгаас нийтлэг олдож буй эд өлгийн зүйлс нь:
-Хувцас, гоёл чимэглэл (бүс, хувцас, гутал, ээмэг, зүүлт .г.м)
-Ахйн хэрэглээний зүйл (шавар ваар сав, төмөрлөг сав, модон сав суулга г.м.)
-Зэр зэвсгийн зүйлс (сумны зэв, хоромсог, жадны гилбэр, хуяг дуулга г.м.)
-Оюуны соёл, шүтлэг бишрэлийн холбоотой зүйлс (хөлөгт тглоом, хүрэл толь г.м.)
-Малын тоног хэрэгсэл (амгай, зуузай, дөрөө, эмээл г.м.) зэргийг дагалдуулсан байна.
Эдгээр нь нэг талаас соёлын өв дурсгал болохоос гадна нөгөө ертөнцийн талаарх төсөөлөл, бэлгэдэл утгыг агуулж буй юм. Монголчуудын оршуулгын зан үйлд шингэсэн талийгаачийг хүндэтгэх, байгаль дэлхийг хайрлан хамгаалах үзэл нь оюуны үнэт өв, үндэсний оршин тогтнох соёлын дархлаа мөн.
Орчин үед дэлхий дахинд оршуулга нь хотжилт, хүрээлэн буй орчин, байгаль экологи, нийгэм-эдийн засаг, сүсэг бишрэл, хүн амын эрүүл мэнд зэрэг өргөн хүрээний асуудлуудтай холбогдож байна. Энэ утгаараа төрөөс оршуулгын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь үндэсний аюулгүй байдлын чухал асуудлын нэг юм.
Эх сурвалж: Өдрийн сонин















